ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэрэлдэхэд бэлэн бай

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-23

Урд талд нь зогсч байсан машины хажуугаар ороод, “Багаж чинь онгорхой байна” гэтэл “Хуц аа чи, тойроод явахгүй юу” гэж ярдагласан тухай нэгэн хүн цахим хуудастаа бичиж. Нийслэлийн иргэд өглөө гарахдаа л хэрэлдэх горимд шилжиж, хэлнийхээ үзүүрт “хуц, солиор” гэдэг үгийг “өлгөөд” гардгийг энэ жишээ баталлаа. Машин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн сайхан зантай байвал 100 метр ч зам хороохгүй, угаасаа.  

Та ор, тэгээд би оръё, соёлтой замын хөдөлгөөнд оролцъё гээд ч бүтэхгүй. Та ор гэхээр араас нь бөөн машин чихээд, зүтгээд, хөндөлдөөд дайрчихна. Тэгээд өөрийн эрхгүй хэлэндээ өлгөж гарсан хэдэн хараалаа машин дотроо урсгахаас өөр аргагүй болно доо.  Цонхоо онгойлгоод, хэн нэг жолоочид хандаад үг хэлбэл өнгөрөө, шууд гал авалцана.  Хараалын бай болж, цээжнийхээ хөндийгөөс хэлнийхээ үзүүр хүртэл чихчихсэн байсан хэрүүлийн үгэнд нь булуулна.

Тиймээс гэрээс гараад инээмсэглэлээ “халааслаад”, машиндаа суугаад хөмсгөө зангидаад, хэнтэй ч хэрэлдэхэд бэлэн байдалд шилжээд явахаас өөр арга байхгүй.  Бүр хэдэн см зай гарахад яаж хамраа чихэх, утсаа оролдож байгааг нь далимдуулаад гэнэт дайрах бэлтгэлийг сайн хийх хэрэгтэй байна.  Тэгээд хэр баргийн хэл амтай хүний өөдөөс хэрэлдэх үгийн сангаа баяжуулж, интернэтээс  хүмүүсийн сэтгэгдэл сайн унш. Тэнд хэрүүлийн үгс төрөл төрлөөрөө, урсгал урсгалаараа байгаа.  Хэлний үзүүрт “Хуц, солиор” гэдэг үгийг хэрхэн тогтоох талаар заавар ч хангалттай их бий.  Мөн бүхнийг тоохгүй байх баяцхан урлагт яаж суралцахыг ч заасан заавар байгаа. Хажуугаар чинь нэг жолооч орж ирээд, цонхоо онгойлгоод “Дугуй чинь хагарчихсан байна” гэж хэлэхэд нь “Хуц чи, яаж явахаа чамаар заалгахгүй” гэж хэлээд, дугуйгаа шаттал давхи.  Өөрөөр замын хөдөлгөөнд оролцох арга Улаанбаатарт угаасаа байхгүй.