ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Эрдэнэбулган: Ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгууль зэрэгцэж явах боломжгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-25

Улс төр судлаач Б.Эрдэнэбулганаас Ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгуулийн талаар байр суурийг нь сонирхлоо.

-Ард нийтийн санал асуулга явуулна, УИХ-ыг тараана. Ээлжит бус сонгууль явуулах талаар ярьж эхэллээ. Энэ хэр оновчтой шийдвэр вэ?
-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг баталж байгаагүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад болж байгаагүй үйл явц юм. Өмнө нь ард нийтийн санал асуулгаар улс төрийн ямар нэгэн үйл явц өрнүүлж байгаагүй. Тэр ч бүү хэл 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа улс орныг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлж байсан боловч эцсийн шийдвэрийг АИХ өөрөө гаргаж байсан түүхтэй. Ард түмнээрээ Үндсэн хуулийг өөрчлөлтийг хэлэлцүүлж батлуулна гэдэг нь түүхэн үйл явц. Монголын ирээдүйн 70-100 жилийн нөхцөл байдлыг өөрчлөх үйл явцыг, 76 хүний дүнгээ тавиулах үе шаттай хамт явуулж болохгүй. Ямар ч боломжгүй зүйл юм.

-Улстөрчдийн нэр хүнд тааруухан байгаа энэ үед ээлжит бус  сонгуулийг зэрэгцүүлж байгаа нь ялагдлын нэг хэлбэр мөн үү. Мэргэжлийн хүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-УИХ-ын нэр хүнд муу байгаа нь үнэн.  УИХ-ын гишүүд их, бага хэмжээгээр хууль бус асуудалд холбогдож байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн нэр хүнд,  байр  байдал нь улс орны ирээдүйг шийдэх, томоохон зүйлтэй зэрэгцэх нь утгагүй. Шуудхан хэлэхэд, татан унагах бололцоотой. Ээлжит бус сонгуулийг ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлж явуулах  нь буруу.

-Төсөв хэмнэх зорилготой гэсэн тайлбар өгч байгаа шүү дээ?
-Маш ядмагхан тайлбар. Хэний мөнгийг хэнээс харамлаад байгаа нь ойлгомжгүй.

-Санал асуулга явуулж байгаа нь шинэ хэлбэр боловч улс оронд ямар хохиролтой вэ. Бусад орнуудад ийм жишээ байна уу?
-Сүүлийн жилүүдэд ардчилсан үйл явц бусад орнуудад ямар  байна гэхээр ард нийтийн санал асуулга явуулахаар хямралтай байдал руу орж байгаа. Тухайлбал, Их Британи улс. Их Британи улс Европын холбооноос гарахаар ард түмний санал асуулга явуулсан. Санал асуулгаар гарах шийдвэр гаргасан. Шийдэл гарснаас хойш хэрэгжүүлж чадаагүй хоёр жил өнгөрлөө. Нийтдээ гурван Засгийн газар огцорсон.  Түүнээс хойш хямралын байдалтай байна. Тэгэхээр Монгол Улсад ард нийтийн санал асуулга болсны дараа бидэнд ямар хямрал ирэхийг таашгүй. УИХ-ын хэмжээнд шийдэж болохуйц асуудлыг ард түмэн рүүгээ авчраад шийдэж чадахгүйд хүрвэл одоогийн байгаагаас бүр дордоно.

-Ард түмнээ төрийн явуургүй бодлогодоо татан оруулах гээд байгаагийн шалтгаан нь юу юм бол?
-Олон нийтийг өргөн хүрээтэй маш том асуудал руугаа татан оролцуулж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг  дэмжинэ, дэмжихгүй гэсэн үйл явц нь нэг цэг рүү харах ёстой. Өөрөөр хэлбэл, бүгдээрээ эвлэлдэн нэгдэхээс гадна нэг үзэл баримтлал, санаанд төвлөрөх зүйл. Манайх  УИХ-ын 76 тойрогтой. Улс төрийн 34 намтай. Энэ хэрээр хуваагдал үүснэ. Тиймээс ард түмний санал асуулгатай  зэрэгцээд сонгууль явах  бололцоогүй. Улс төрийн хувьд маш том хагарал үүснэ.

-Үүнээс болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх үү?
-Эмх замбараагүй байдал үүсэхгүй. Харин улс төрийн хувьд ойлгомжгүй байдал үүснэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталчихлаа. Дараагийн УИХ тэр бодлогыг нь хэрэгжүүлээд явж чадах уу. Шинээр бүрэлдэх УИХ улс төрийн хүчний харьцааны хувьд ямар байх вэ. Өнөөдрийнх шиг нэг намын 65 гишүүн сонгогдох уу гэх мэт олон асуудал тулгарна. Энэ хэрээр улс төрийн хямрал үүснэ.

-Мэргэжлийн хүний нүдээр харахад, одоогийн парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өөрчлөн батлаж чадах уу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах бүрэн эрх  нь одоогийн УИХ-д байгаа. Гэхдээ дотоодын үл ойлголцол, хувь гишүүдийн эрх ашиг бүрэн дүүрэн дэмжиж чадахгүй байгаа гэдэг нь анзаарагдсан. Тухайлбал, УИХ-ын 62 гишүүн санаачилсан хуулийн төслөө дэмжинэ, болно гэж гарын үсэг зурчихаад, хэлэлцэх явцдаа олон зүйл заалтаа татан унагаж байна гэдэг нь улс төрийн хувьд эргэлзээтэй.

-Шинэ төсөлтэй танилцсан байх. Өмнөхөөсөө юугаараа ялгаатай байна вэ?
-Тодорхой хэд, хэдэн зүйлийг онцгойлж харсан. УИХ-ын тодорхой эрх мэдлийг Засгийн газар руу шилжүүлсэн. Засгийн газар арай илүү хүчтэй болсон. Тухайлбал, зүтгүүрийнхээ хүчин чадлыг илүүтэй нэмэгдүүлж өгсөн байна лээ. Шүүхийн шинэчлэлийн асуудалд нэлээд дэвшил гарч байгаа. Өмнө нь тодорхойгүй байсан олон зүйл эмх цэгцтэй болж байгаа харагдсан.