Өндөр хөгжилтэй орнууд, ялангуяа Япон улсад цагийг ягштал баримталдаг. Хэн нэгэнтэй уулзахаар товлосон хугацаа, ажилдаа очих цагаа ямагт барих нь хэвийн үзэгдэл. Нэг өдөрт оногдох 24 цагийг 48 цаг мэт ашиглаж, цаг хугацааны үнэ цэнийг ч эрхэмлэдэг ард түмэн. Тэнд хэн нэгнийг хүлээх гэсэн ойлголт бараг байхгүй бөгөөд ердөө хоёрхон л тохиолдолд хүлээдэг. Тэр нь дэлгүүрт бараагаа бичүүлэхдээ эсвэл хэн нэгэнтэй уулзахдаа тохирсон цагаасаа өмнө ирсэн тохиолдолд бусдыг хүлээдэг.
Харин манайд эсрэгээрээ, цагаа барихгүй байх нь хэвийн үзэгдэл гэхэд хилсдэхгүй. Монголчууд “Цайны, буузны цагаа л яс барьдаг” гэж нэгэн хүн хошигнож хэлсэн нь үнэний ортой билээ. Цагаа барьж ирдэг хүн, яг цагтаа нээдэг үйлчилгээний байгууллага ч ховор. Үзвэр үйлчилгээ нь цагтаа эхэлдэггүй. Энэ бүхний шалтгаан нь нөгөө л хоцордог явдал. Учир нь бид өөрсдөө үүнийг өөгшүүлж, аливаа үйл ажиллагааг эхлэх цагаас нь нэг цагийн өмнө зарлаж, оройтож ирэх нэгнээ түрүүлж ирсэн нь хүлээнэ.
Бид ажлаасаа хоцрохдоо замын түгжрэл их байна гэж шалтагладаг. Ингэж шалтаг хэлэхийн оронд цагаа тооцоолоод гарч болно шүү дээ. Энэ мэтчилэн их хотын соёлт залууст байхааргүй үйлдлийг гаргахгүй шүү, залуус аа. Цаг барих, цаг төлөвлөх нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэж буй энгийн зүйл учир цагаа барьцгаая. Бид эх орны ирээдүй, хөгжил дэвшил хэмээн ярихаасаа урьтаад энгийн гэж хэлж болмоор цагийн юмыг цагт нь гэдэг зуршлыг бүхнээс түрүүнд өөртөө хэвшүүлэх хэрэгтэй болов уу.