ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Би уулын бүсгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-04

Би уулын бүсгүй. Дүнхэр дүнхэр уулсын дунд төрж, халгиа долгин голын хөвөөнд хөлд орсон нэгэн. Зундаа зүйлийн цэцэгс хөглөрдөг, өвөлдөө үлгэрийн орон мэт өнгөө сольдог тайгын бүсгүй. Халил өндөр хавцлууд нь танихгүй нэгэнд сүрдмээр боловч буйдхан давчуу тайгынханд бол тийм гэхийн аргагүй их тайтгарал, тэмүүлэл, бас хязгаар юм. Тэнд заримдаа тэнгэрт шувууд ч үгүй мэт аниргүй болчихдог.

Тайгын өвөл ямар амгалан бас “хоосон” гэдгийг зөвхөн уулынхан л мэднэ. Тайгын өвөл чив чимээгүй, атлаа гайхмаар “амьд”. Хаа нэгтээ зурсан хөрөг шиг нууцлаг, амирлангуй. Удаан ширтвэл өөдөөс хашхирч ч мэдэх амьд. Хүслээ шивнэвэл биелүүлж чадах шидтэй мэт тайгын амгалан өвөл. Зөвхөн уулынхан л энэ “хоосон”-оос аз жаргал, амар амгаланг олдог гэдэгт итгэдэг. Заримдаа надад их хотын амьдрал дэндүү “аймаар” санагдах үе бий.

Ирдэг, явдаг, мартагддаг хүмүүсийн үй олон дүрээс залхмаар. Эцэс төгсгөлгүй хөдөлгөөн, урагшлан урагшлах цаг хугацаа, хэн нэгний тэнэглэл, цэцэрхэл бас бардамналыг үл анзаарахыг мөрөөддөг. Дэндүү олон өнгө төрхөд барьц алдахдаа хаана ч юм хоргодож, амар амгаланг тэмтэрдэг. Хааяа нэг мөс тасхийх, мод хугарах бүдэг чимээнээс өөр  чимээ аниргүй амгалан өвлөө шимширтлээ санах үе олон. Яагаад ч юм ийм аниргүйд л хүн өөрөөрөө байдаг мэт санагддаг. Нүүр, нүдний өмнө халхалсан багийг хуу татан хаях увидас зөвхөн энэ л оршдог. Та хаана төрсөн хэн ч бай манай тайгад өвлөөр нэг зочлоорой. Уулсын дунд хөврөх хөнгөн цагаан мананг ширтэн, моддын завсраар нар хэрхэн шагайж байдгийг харж, тэр нарны гэрэлд хяруу хэрхэн гялтганадгийг анзаарч, уулсын оройд өглөө хэрхэн ирдэгийг хараарай. Магад таныг тайгын амгалан увдис дахин дахин дуудах вий.