Монголын бүх сэтгүүлчдийг удирддаг гэж итгэсэн Х.Мандахбаяр гэж нөхөр өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхийн үлгэрээр Тост, Тосонбумбын нурууг хамгаална гэж баахан улстөржиж давхисныг уншигч та мартаагүй байх. Тавилттай шоу драм тоглосон тэрхүү хэлэлцүүлэг хуралд нь нутгийн иргэн гэх “нинжа” уйлж дуулсан бичлэг олон нийтэд цацагдсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ханандаа өлгөөд мартах шахаж байсан хариуцлагын сэлмээ сугалан уул уурхайтай дайн зарлаж билээ.
“Сэлэм гялс, толгой бөндгөс” гэдгийн үлгэрээр Сэлэнгэ, Архангай, Өмнөговь аймгуудад маш олон лицензийг цуцалж, уул уурхайн салбарт ажиллаж байсан олон мянган залуус “лааз өшиглөж”, сархад эргүүлэн хоног өдрийг өнгөрүүлэх болсон юм. Манай сайд дүрдээ дэндүү их орж, хариуцлагатай уул уурхайг хүртэл хяргаж, цавчсаны үр дүнд 21 аймагт нинжа нар дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байсныг манай сонин хэдхэн сарын өмнө сануулж л байлаа. Харин үр дүнд нь энэ жилдээ байтугай ирэх жилдээ ч Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх тэнэг хүн олдохгүй нь тодорхой болсон доо. Сэлэмнийх нь үзүүрт сэглүүлснээс, хэдэн төгрөгөө хав дараад хэвтэж байхыг илүүд үзэж байгаа, тэд. Гэтэл улсынхаа төсөвт Сангийн сайд нь уул уурхайгаас төдийг олно, түүгээр нь тэтгэвэр нэмж, багш, эмчийн цалинг 1.5 сая болгоно гэсэн амлалт өгч ч байх шиг.
Хамгийн инээдтэй нь уул уурхай нь Монгол Улсын эдийн засгийн гол ноён нуруу хэвээр байгаа энэ цагт улсынх нь Ерөнхий сайд нэг нөхрийн нулимсанд итгэж ингэтлээ самрах ч гэж дээ. Улсын эдийн засагт хар тойрог татах үнэ цэнтэй нулимс байжээ. Уншигч та энэ сэтгүүлч нөхөр хариуцлагагүй уул уурхайг цээжээрээ хамгаалагч, худалдагдсан энэ тэр гэж эндүүрүүзэй. Улс орны хөрсийг хяналтгүй сэндийчиж, ухаж төнхөж буй хэнбугайтай ч үзгээ бариад, үгээ хурцлаад тэмцэхэд бэлэн байна, би. Харин юманд учир, суманд гичир байдаг ёсоор Ерөнхий сайдын сэтгэл хөөрлийн шийдвэр улсынхаа эдийн засгийн хорлох вий хэмээн сэтгэл зовниж байгаа учраас ийн үзэг, цаасаа холбож суугаа хэрэг билээ. Түүний шийдвэр бодит хөрсөнд очиж буухдаа алагчилж хандсан гэдгийг ярихгүй өнгөрч болохгүй биз дээ.
Хариуцлагагүй уул уурхайтай тэмцэнэ гэж зорьсон л бол бүгдэд нь л сэлэмнийхээ ирийг харуулах ёстой байв. Харамсалтай нь хариуцлагатай компаниудаа хүртэл хамтад нь хамаад цавччихсан гэдгийг Ерөнхий сайд асан Р.Амаржаргал гуай онцолж, толгой сэгсэрч сууна билээ. Ерөнхий сайдыг итгүүлж дөнгөсөн Х.Мандахбаяр гэж нөхрийн тэмцлийн үр дүн ч гараагүйг өчигдөрхөн сэтгүүлч нөхөд нь илчиллээ. Угтаа, Б.Чойжилсүрэнгийн гэсэн автортай ганц л уурхай үүдээ барьснаас бус Тост, Тосонбумбын нурууг ухаж буй хятад эзэнтэй компаниуд өнөө хэр ч дураар дургисаар байгааг таны чихэнд хүргэлээ шүү, анхаарч үзээрэй.
Мөнхүү “Сентерра Гоулд Монголия” компанийн эзэмшиж байсан Гацууртын орд газрын лицензийг цуцална гэж мэдэгдсэнээс хойш тэнд юу болж байгааг сонсов уу, Ерөнхий сайд аа. “Эх орныхоо баялгийн эзэн нь бид байна. Ерөнхий сайд биднийг тэгж хэлсэн” хэмээн Гурвантэс, Цэнхэр суманд оччихсон манаргаж явсан “нинжа” нар чинь бууриа сэлгээд оччихсон, ухаж эхлэхээр отож суугаа гэх. Худлаа байгаасай.
Чин үнэнийг хэлэхэд, Гацууртын алтны орд газар Төв аймгийн Шаамар, Архангайн Цэнхэрийн эмгэнэлт жишээг давтахад ойрхон байсныг худлаа гэж хэлэхгүй байх аа. 2015 онд нэр бүхий гишүүд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллах үедээ Гацууртыг 70 тонн алтны нөөцтэй гэж зарласан гэдэг. Үүний улмаас Гацууртын үндсэн орд руу Монгол Улсын өнцөг булан бүрээс “нинжа” нар дайрч, нэвтрэн орсон байдаг.
Ердөө зургаахан сарын хугацаанд 14 мянган хууль бус алт олборлогч нар уулыг сэндийчилж, ухсан байж билээ. Үүнийг нь өдгөө муу нэр зүүчихээд байгаа “Сентарра Гоулд Монголия” компани л засаж сэлбэсэн. Хууль бусаар алт олборлогч иргэдийн сэглэж орхисон уулыг эргэн сэргээж, 210 орчим нүхийг булж, тус газар нутгаас нийтдээ 30 гаруй тонн хог цэвэрлэн хаяж байсныг сурвалжилж байснаа тод санаж байна. Эндээс л инээсэн бүхэн нөхөр биш гэдгийг харж болох биз ээ. Үүний дараа асар олон эх орончид “төрж” гадны компани Ноён уулыг минь ухах гэж байна, Хүннүгийн үеийн булш бунхануудыг сүйдлэх нь гэх мэтээр уриа лоозон барин жагссан.
Төр тэр болгонд ард түмнийхээ талд ордог байлаа. Харин маргааш нь нөгөө лоозонгийн эзэд давхиж очоод л нөгөө хамгаалсан орд газраа ухаад эхэлдэг нь зовлонтой. Тэгэхээр Монгол Улсын толгойн өвчин болоод буй “нинжа” нартайгаа эхлээд дайтах хэрэгтэй байна, Ерөнхий сайд аа. Одоо Ноён уулыг харж хандах хүнгүй болох вий.
Ирэх жил бэлтгэгдэх эко цагдаа нарыг “нинжа” нар хүлээж суухгүй л байх шүү. “Сентерра Гоулд Монголия” компани байхгүй л бол 14 мянган нинжа орчин цагийн техникээр өвч зэвсэглэчихээд “эх орныхоо баялагт эзэн суух”-аар отож байгааг нуугаад яах юм бэ. Бодит байдал ийм л байгаа. Монголын төр “нинжа” нарт биш эрдэмтэн, мэргэддээ итгэдэг болъё. Төрийн гаргасан шийдвэрээ сонсдог болохсон. Улс орныхоо эдийн засагт амин тариа болж буй уул уурхайг үзэн ядах буруу үзэл суртлаасаа салмаар байх юм. Гацуурт орд Ноён уулаас 10 км-ийн зайд, Хүннүгийн олдвор олдсон Борнуур сумын нутаг дахь Ноён уулын амнаас 14 км-ийн зайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байдаг юм билээ.
Тэгээд ч тус компани БОАЖЯ, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын лабораторийн эрдэмтэд, ШУА-ийн харьяа Палеонтологи-геологийн хүрээлэнтэй хамтран 2009 оноос эхлэн удаа дараа шинжилгээ, судалгаа явуулсан гэдэг. 2016 онд Гацууртын уурхайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд палеонтологийн хайгуул судалгаа хийсэн эрдэмтэд ямар нэг археологи, палеонтологийн булш бунхан байхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Гэтэл хэдэн эрдэмтдээ худалдагдсан гэж тодорхойлоод, өчнөөн жил сараар явж хийсэн судалгааг нь хогийн сав руу шидчихсэн.
Саяхан дахиад гаргасан ч бас л тоохгүй. Нөгөөдүүл нь эх орончдод “зодуулахаас” эмээсэн үү, яасан тэгсхийгээд чимээгүй болсон юмдаг. Уул нь Монголын төр асуудал үүслээ бол “нинжа” нарыг биш эрдэмтдээ дуудаж уулздаг болмоор байгаа юм. Энэ уулыг, энэ орд газрыг ухуулах уу, элдвийн асуудал үүсэх үү, үнэхээр орд газарт ховор олдвор, түүхэн дурсгал байна уу, гол мөрөнд нөлөөлөх үү гэх мэтээр эрдэмтэн судлаачдаа эхлээд сонсдог болчихвол улс аяндаа хөгжинө дөө. Төрийн нүд чихийг хуурч, хэдхэн төгрөгөөр эх орноо зарах увайгүй луйварчин хэдэн буурал эрдэмтэд дотроос лавтай гарахгүй дээ. Харин эх орноо хамгаална хэмээн уйлж дуулж, цаашаа одохдоо харин газраа ухаж байгаа “хулхи” эх орончдоос энэ цаг үед, ирэх өдрүүдэд ч айж явах юм шүү. Монголын төр “нинжа” нартайгаа тэврэлддэг цөвүүн цагийг хармааргүй байна.