Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр 11.00 цагаас албан өрөөндөө цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашдаа ч хэвийн үргэлжилнэ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн албан тушаалаа өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэж, үнэн худлаа тогтоолгох шийдвэр гаргалаа.
Улсын Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгчийн эр зоригтой, ёс суртахууны өндөр жишиг харуулсан энэхүү шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Энэ жишгийн дагуу ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хуульзүй, дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мөн үнэн мөнөө тогтоолгох шаардлагатай гэдэг үндэслэлээр ажлаа өгөхөөр надад өнөөдөр өргөдлөө өглөө. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч захирамж гаргаж, УИХ-д танилцуулахаар шийдвэрлэлээ. Намын Удирдах зөвлөл шийдвэрлэсний дараа, дараагийн томилгоог хийгээд явна.
Гашуунсухайтын төмөр зам, “Бодь” группын оффтейк гэрээтэй холбоотой асуудлуудаар байр сууриа илэрхийлье. Эдгээр гэрээ болон баялгийн хулгайтай нэр нь холбогдсон ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, тухайн үед төр засагт ажиллаж, шийдвэр гаргалцсан төрийн бүх өндөр албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Үүнд танай, манай нам хамаарахгүй. Үнэн хагас дутуу бус бүрэн байх ёстой. Монгол төрийн тэргүүн ажлаасаа чөлөөлөгдөж, нэр төрөө сэргээлгэе гэж байхад энэ жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой юм. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард хэн ч нуугдах ёсгүй. Бид үнэнийг хэлэх ёстой. Гашуунсухайтын төмөр замын асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг үг бий.
Х.Баттулга гэж хүн 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа энэхүү төмөр замын ажлыг нууцад авч, оффтейк гэрээний ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр олгох шийдвэр гаргуулсан. 280 сая ам.доллароор шороо овоолсон. Энэ асуудлаас болж гадаад, дотоодын иргэд ял авч, зарим зөвлөх, туслахууд нь гадагшаа зугтаасан. Х.Баттулга мөн Төгрөг нуурыг үнэгүйдүүлж авсан 270 хуудас материалыг миний бие хоёр жилийн өмнө хууль хяналтын байгууллагад гардуулж өгч байлаа. Олон улсын санхүүгийн аудит хүртэл оруулсан. Гэсэн ч энэ хэрэг замхарсан. Монголд хэрэг замхардаг, буруутай, буруугүйг гаргаж чадахгүй явсаар өнөөдрийн байдалд хүрчээ. Тиймээс “Чингис хаан баялгийн сан” нэгдэлд Гашуунсухайтын төмөр зам, оффтейк гэрээний бүх процесст хөндлөнгийн аудит, олон улсын үнэлгээ оруул гэдэг үүргийг өгч байна. Сөрөг хүчний шаардлагад би хүндэтгэлтэй хандаж байгаа.
УИХ-ын гишүүд энэ сэдвээр сонсгол хийвэл шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, УИХ дээр нээлттэй сонсгол явуулахыг дэмжинэ. Авлигатай тэмцэнэ гэдэг хүн бүр шүүхийн өмнө тэгш байхын нэр юм. Өнөөдөр би хууль хяналтын байгууллагын удирдлагуудад хугацаатай үүрэг өгч, энэ асуудлыг нэг талд нь гаргаж шалгахыг үүрэг болгоно. Үнэн мөнийг тогтоож, хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүйгээр асуудлыг мухарлаж чадахгүй бол хариуцлага тооцох асуудлыг ч хөндөнө. Олон нийтэд зарлагдсан бүх хэргийг жагсаачихсан байгаа. Энэ бүхний дагуу хуулийнхнаас хариу шаардана. Хариуцлага нэхсэн ард түмний хүсэлтийг үл хүндэтгэсэн албан тушаалтнуудыг харьяалах нам, хаших албаас үл хамааран дуудаж, хариуцлага ярина. Ирэх долоо хоногт Хөрөнгө хураах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтдаа авлигатай, шударга бус зүйлтэй хүний, өөрийнгүй тэмцэнэ ээ. Н.Учралын Засгийн газар нэг ч оффтейк гэрээ байгуулахгүй. Биржээр дамжуулан нүүрсээ зарна. Биржээр үнэтэй нүүрсээ арилжаалснаар экспорт буцаад сэргэж байна. Оффтейк гэрээнүүд бүгд ил болсон. Бүгд харж, судалж, дүгнэлт хийж болно” гэлээ.
“Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах эсэх, оффтейк гэрээнд нэр холбогдсон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг ажлаас чөлөөлөх эсэх, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлэн эсэх, АН-тай хамтрах уу” гэдгийг тодруулсан сэтгүүлчдийн асуултад мөн хариулт өгөв.
Ерөнхий сайд “Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өөрийн хүсэлтээр ажлаа өгчихлөө. Батлан хамгаалах салбар сайдгүй байж болохгүй. Төрийн нарийн бичгийн даргынх нь хугацаа дуусчихаж. Тэгэхээр батлан хамгаалах салбарт тогтворгүй байдал үүсэж болохгүй учраас Д.Батлут сайдын өргөдлийг өнөөдөр хүлээж авсангүй. Төрийн нарийн бичгийн даргыг нь мөн улираан томиллоо. Энэ салбарыг эзэнгүйдүүлж болохгүй.
Арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтооно. Хуулийн дагуу явна. Намын генсек шалгуулна гэдгээ хэлсэн байна лээ. Тэр дагуу шалгуулаад явах байх. Ямар дүгнэлт гарна тэр дагуу шийдээд явна. 2018 оноос хойш өнөөдрийн цаг хүртэл МАН-д санхүүгийн аудит хийх үүргийг Ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн. Бусад улс төрийн намууд ч санхүүгээ ил тод болгох ёстой гэж уриалж байгаа. Нам нээлттэй, ил тод байх ёстой. Өнөөдөр намыг удирдаж буйн хувьд өөрийн бодлого, зарчмаар ажиллана. Би АН-тай хамтарч ажиллах тухай огт яриагүй” гэсэн хариулт өглөө. Өнөөдөр шөнөөс эхлэн АИ-92 евро стандарт нь 1000 төгрөг, энгийн АИ-92-ыг 150 төгрөгөөр үнийг нь буулгах Засгийн газрын шийдвэр албажсаныг мэдээллийн төгсгөлд онцоллоо.