ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

60 жилийн хөгжлийг дөрвөн жилд гүйцэх төлөвлөгөө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-18

Төрийн түшээд улс орны хөгжил, ард түмний амьдралд  урьд урьдынхаас илүү санаа чилээж, ухаан уралдуулан сайхан амлалтуудыг шил дараалан урсгаж байгаа нь сонгуулийн салхи сэвэлзэж эхэлснийг гэрчлэх. Сонголт хийх мөч дөхөх тусам энэ салхи улам зөөлөн, улам урьханаар үлээдэг ч сонголтын дараа  харин гуйгаад ч, гуядаад ч үлээдэггүй гэдгийг ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд ард түмэн хангалттай мэдсэн. Мэдэрсэн. Гэвч тэд дөхөх тусам уясдаг салхиа дахиад л сэвэлзүүлж эхлэв. 60 жилээр хоцорсон хөгжлийн хоцрогдлыг ирэх дөрвөн жилд гүйцэх гэнэ.

Ингэхдээ ямар ямар ажил хийх нарийн төлөвлөгөөгөө ч гаргаж амжсан аж. Эрх баригчдын зохиосон өрнөл сайтай, төгсгөл сайхантай “үлгэр”-ийг уншигч танд товчхон танилцуулъя. Эгэл ард нь ядуу, эрх баригчид нь “задарсан”, эдийн засаг нь “хасах”-аас дээрддэггүй улс байлаа. Биеллээ олдоггүй бодлоготой, бичиг цаасанд л үлддэг төлөвлөгөөтэй, он дамнан гэлдэрч байжээ. Гэтэл ард нийтээрээ эх орноо хөгжүүлэх эрх баригчдаа сонгох болж.

Энэ үед төрийн түшээд ухаан уралдуудж, улс орныхоо хөгжлийн түлхүүрийг олж, ард түмэндээ танилцуулж гэнэ. Тухайлбал, он дамжин яригдсан бүтээн байгуулалтууд ирэх дөрвөн жилд л биеллээ олох гэнэ. Дагуул хотууд сүндэрлэж, иргэн бүр орон сууцаар хангагдаж, хот хөдөөгүй хөгжих аж. Намрын намарт цэцэрлэгийн сугалаанд азаа үздэг байдлыг халж, хүүхэд бүр 100 хувь цэцэрлэгт хамрагддаг болох аж. Эмнэлгийн дараалал хүлээсээр амиа алддаг байдал өөрчлөгдөж, хүн бүрт эрүүл мэндийн үйлчилгээ тэгш хүртээмжтэй хүрэх юм байна.

Тэр бүү хэл иргэдийн сэтгэлгээг хүртэл ирэх дөрвөн жилд өөрчилж, соёлт нийгмийг цогцлоохоор төлөвлөжээ. Бүтээн байгуулалт хот хөдөөгүй өрнөж, хотоос хотын хооронд, сумаас сумын хооронд хурдны замаар давхилдах гэнэ. Сум бүрт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох, баталгаажуулах лаборатори байгуулж,  аймаг бүрт малын гаралтай түүхий эд ангилан хадгалах агуулах барих гэнэ. Малчдыг орон сууцжуулж, хот хөдөөгүй паартай байшин, паалантай нойлтой, хананаасаа ус авч, халуун гэртээ жаргах юм байна.

Эцэст нь Монгол Улс дэлхийн нүүдэлчдийн соёлын төв болоод амар сайхандаа жаргах ажээ. Сонгуулийн сургаар, тэд ийм сайхан үлгэр зохиож, хэдхэн өдрийн өмнө үүнийгээ олон нийтэд мэдээлэв. Сайхан сонсогдож байгаа биз. Гэвч эдгээрээс хамгийн үнэмшил муутай, итгэхэд бэрх сонсогдож байгаа нь хурдны зам. Зам тээврийн яам ирэх дөрвөн жилд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам барихаар төлөвлөжээ.

Түүнээс гадна 1800 километр хатуу хучилттай зам барьж, ашиглалтад оруулах юм байна.  Улаанбаатар-Дархан чиглэлийн 200-хан километр зам тавих гэж ямархан дүр төрхтэй байгааг бид бүхэн харж буй. Гэтэл хотуудыг холбосон хурдны зам тавина гэж хүүхэд чихрээр хуурч байгаа мэт ард түмнийг “дорд үзээд” яах вэ. Тэдний энэ амлалт ард түмний ядуу, мэдлэг, боловсрол дундуур байгаа байдлыг ашиглан өөдсийн чинээ бяслагийг хулганы хавханд тавиад алдаг шиг өчүүхэн зүйлсийг амлан сонгууль, эрх чөлөө, ардчилал, эх орны баялаг, ирээдүйн баталгаа, сайн, сайхан амьдрал, аз жаргалыг хуурч авч байгаагийн баталгаа гэхэд хэтийдэхгүй болов уу.

Чихэнд чимэгтэй “гоё” амлалтуудаас бэлэн мөнгөний тоон үзүүлэлт хагас өлсгөлөн амьдралтай олон хүний хорхойг хүргэнэ гэдгийг тэд сайн мэдэж буй. Үнэндээ намуудын амлалтаар Монгол Улс хөгжих байсан бол өдийд хөгжлөөрөө хол тасарсан байх байлаа. Энэ байдлаараа өнөө жил улсын төсөв нийгмийн халамжид өмнөхөөс илүү бялуурч байна. 

Хүний байгалийн үйл явцад хүртэл урамшуулал өгнө. Хүүхдийн мөнгө, гэрлэсний мөнгө, оюутан болсны мөнгө, эх орны хишиг гээд л хишиг, хувь хөвөрсөөр. Гэвч хамгийн харамсалтай нь дэлхийн түүхэнд хишиг, хувь аваад сайхан амьдарсан, хишиг хувь тараагаад хөгжсөн улс орон байдаг ч юм уу бүү мэд. Монголын эдийн засгийг зах зээлийн хуулиар биш цөөн хэдэн нам, тэдгээрт харъяалагдах хэдхэн улс төрчийн бэлэн амлалтаар зохицуулж байгаа энэ хэлбэр нь Монголыг дэлхийн хамгийн ядуу, өлсгөлөн орон болгоход тун ойрхон байгааг харуулж байгаа нь нууц биш.