ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дурсамж бүхэн надад хэчнээн үнэ цэнтэйг дахиад хэлье

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-18

“Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дуусахдаа байдаг юм” гэх үгийг Монголын нэг киноноос олж, сонсож билээ. Чухам үнэн үг. Насан багаасаа нөхөрлөсөн, эс бөгөөс амьдралын замаас олж авсан гарын арван хуруунд л багтах найзууддаа ч би энэ үгийг байнга хэлдэг юм. “Бидний нөхөрлөл яаж эхэлсэн нь чухал биш. Харин яаж дуусгах нь хамгийн чухал шүү” хэмээн “үглэнэ”. Надад олон найз байдаггүй юм билээ. Ажлын шугамаар, амьдралын дунд танилцсан олон залуустай гэмгүй сайхан нөхөрлөж, мэндтэй устай явдаг ч зүрхэнд хадгалсан нууцаа шивнэдэг анд найз цөөн байх тусмаа л үнэ цэнтэй гэж боддог учраас цөөхөн хэдийг нь амьдралдаа урьж, оруулжээ.

Өнөөх “Амьдралын найз гэж бодож явсан хүмүүсийн тоо цөөрсөөр байна уу. Зүгээр дээ, цагийн шалгуураар шүүгдэж, чанаржиж байгаа нь тэр” гэдэг л болж байгаа хэрэг байх. Арван жилийн ширээний ардаас нөхөрлөсөн анд найзууд замын дундаас гээгдсээр одоо ганц, хоёрхон нь тунаж үлджээ. Жилдээ нэг уулзсан ч бидний нөхөрлөл нөгөөх л хүүхэд багын хэвээр. Хөвгүүдтэйгээ нийлж тэвэг өшиглөж, айлын яндан хөөлж, анхны хайрын захиа авчихаад догдлон хуваалцаж байсан нандин түүхээ ярилцах нь хэчнээн сайхан. Миний жаргалтай байгаа амьдралд уригдаж ирэхгүй атлаа өвдлөө, зовлоо гэхэд хамгийн түрүүнд л утас цохих тэдний минь орон зай хэчнээн үнэтэй гэж санана аа.

Мөн ажлын талбарт гараад олж авсан хэдхэн бүсгүйчүүд миний бүх нууцыг мэднэ. Харин тэд цоожтой авдар л гэсэн үг. Яг одоо миний өмнөөс нэг нь хараад сууж байна. Баярлалаа, найз минь чамдаа. Миний төрсөн өдөрт ирсэнгүй, надтай хоол идсэнгүй, кино үзсэнгүй, чи миний бичсэн пост дор намайг тэгж бичсэнгүй гэх мэтээр тэдэндээ эрхлэх үе зөндөө бий. Заримдаа албатай юм шиг туниж гүйнэ. Ялих шалихгүй зүйлээс болж маргалдаж, найзаасаа хасч “маяглана”. Бас тэднийгээ эрхлүүлэх, зэмлэх, магтах үе ч надад бий. Гэлээ гэхдээ энэ бүхний дараа бидний нөхөрлөл зүлгэгдэж, улам бүр үнэ цэнтэй болдог юм. Ааш занг нь хүртэл андахаа больж, алдаа гаргасан ч уучлах сэтгэл зөвхөн найзуудад минь байдаг юм. Би тэдэндээ зөндөө эрхэлсэн дээ. Гэхдээ баярлалаа, хайртай гэдэг үгийг тун ч цөөхөн хэлсэн байж мэднэ шүү.

Заримдаа хэтэрхий ойлгомжтой, зарим үедээ ойлгоход маш төвөгтэй энэ шар бүсгүйн дэргэд он удаан жил, олон арван түүхийг бүтээж байдаг та нартаа баярлалаа, бас хайртай шүү. Жаргалтай үед чинь заримдаа дэргэд чинь байж чадахгүй ч зовох цагт харин гүйгээд очих найз чинь байх болно оо. Миний дэргэд үүрд хамт байгаарай. Та нартайгаа бүтээсэн дурсамж бүхэн надад хэчнээн үнэ цэнтэйг дахиад хэлье. Надад итгэж шивнэсэн нууц бүхнийг чинь авсандаа хамт аваад орно оо. Бидний нөхөрлөлд дуусах цаг хэзээ ирсэн байлаа ч тэр болтол хэдүүлээ тасхийтэл инээж, бий болгосон нөхөрлөлөө улам бүр зүлгэсээр, өнгөлсөөр байдаг юм шүү. Амжилт гаргахад нь нэгнийхээ төлөө баясаж, алдааг нь нуулгүй ил хэлж, амьдралын хатуу хөтүү, аз жаргалтай цаг мөч бүхэнд үргэлж цугтаа байх тийм гайхалтай нөхөрлөлийг бид хамтдаа бүтээсээр байх болно.