Өнгөрсөн сард үндсэрхэг үзэлт “Босоо хөх Монгол” бүлгэм орон нутгийн нэгэн телевизийн сувагтай хамтарч трансжендер биеэ үнэлэгчийг зочид буудлын өрөөнд хуурч авчирсан хэрэг гарсан. Улмаар түүнд бие мах бодийн хүчирхийлэл учруулан заналхийлж, хийдэг ажлаа камерын өмнө үйлдэхийг албаджээ.
Уг бичлэг нь тухайн өдрийн оройн мэдээгээр цацагдсанаас гадна “Босоо хөх монгол” бүлгэм өөрийн фэйж хуудастаа бэлгийн цөөнх иргэд үндэсний аюулгүй байдалд заналхийлж, бэлгийн замын халдварт өвчин тарааж байна гэх мэт буруутгасан тайлбартайгаар нийтэлсэн аж. Сүүлийн жилүүдэд хүний эрхийн чиглэлээр ахиц дэвшил гарч байгаа ч, Монголд гэй болон трансжендер хүмүүс хүчирхийлэл, дарамт дор амьдарсаар байгаа юм. 2017 онд бэлгийн цөөнхийн аюулгүй байдлыг хангах үүднээс хууль сахиулах байгууллагын ажилтнуудад эерэг, зөв ойлголт өгөх зорилготой сургалтууд зохион байгуулагдаж байв.“Өмнө нь монголчууд бэлгийн цөөнх хүмүүсийн эрх, нэр төрийг хүлээн зөвшөөрөх талаар тун хязгаарлагдмал ойлголттой байсан. Харин одоо хүмүүс хангалттай мэдээлэл авч байгаа учраас олон нийтийн ойлголт хавьгүй дээрдсэн” хэмээн социологич Ч.Тамир ярьжээ.
Ялгаварлан гадуурхах гэмт хэрэг дээр ажиллаж буй албан хаагчдын боловсрол
Өмнө нь цагдаагийн алба хаагч трансжендер эмэгтэйн биед халдаж байсан бөгөөд тухайн үед өөрсдийн байр сууриа хамгаалж үлдэж чадаагүй гэдэг. Үүний дараа буюу 2017 онд Монгол дахь ЛГБТ байгууллагаас ялгаварлан гадуурхах гэмт хэрэг дээр ажилладаг цагдаагийн ажилтан албан хаагчдыг сургалтад хамруулж эхэлсэн. Түүнээс хойш 500 гаруй цагдаагийн офицер, прокурор, шүүгчдийг сургажээ. Өнөөдөр Монголын цагдаагийн байгууллага транжендер хүмүүстэй харьцах тодорхой хэм хэмжээтэй болсон бөгөөд иргэний үнэмлэх дээр бичигдсэн хүйсийг үл харгалзан хүндэтгэж үзэх зохицуулалттай болсон байна. “2017 онтой харьцуулахад гэмт хэргийн мөрдөн байцаах хэлтсийн харилцаа сайжирсан” хэмээн бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах төвийн хууль эрхзүйн менежер А.Балдангомбо хэллээ. Дээр дурьдсан “Босоо хөх Монгол” бүлгэм трансжендер эмэгтэйд дарамт үзүүлсэн хэргийг хуулийн хүрээнд шалгаж өгөх хүсэлтийг Монголын Хүний эрхийн Үндэсний комиссоос цагдаагийн байгууллагад гаргажээ. Цагдаагийн байгууллагаас хэвлэлд мэдээлэхдээ хэргийг ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлээр шалгаж буйгаа мэдэгдсэн бөгөөд “Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Г.Ганхуягийг саатуулсан аж. Харин бичлэгийг цацсан телевизийн сувагт ямар нэг арга хэмжээ аваагүй байна.
Дэмжлэг нэмэгдэж байна
Эл хэргийн дараа олон нийтийн хандлага бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах төвийнхнийг гайхшруулсан байна. Тодруулбал, тус төвийн залуусын хөтөлбөрийн менежер Кенна хүмүүс нийгмийн сүлжээнд бэлгийн цөөнхийг эрхийг хүндэтгэж буйгаа нийтэлж эхэлсэн талаар ярив. Тэрбээр “Бэлгийн цөөнхийн эрхийн талаар ярих хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж буй нь надад анзаарагдсан. Хүмүүс ялгаварлан гадуурхалт, гэмт хэргийн талаар мэдлэг мэдээлэлтэй болсон байна” гэлээ. 2018 оны аравдугаар сараас хойш тэрбээр “Mongolian Queer Podcast” подкаст хийж эхэлсэн бөгөөд саяхан гурав дахь цувралаа дуусгасан байна. 2014 онд Монголд болсон анхны жагсаалд нийтдээ 15 хүн л оролцож байсан бол энэ жилийн наймдугаар сард 250 хүн дэмжсэн аж. Нийслэл Улаанбаатард Монголын анхны гэй шөнийн клуб амралтын өдрүүдэд дүүрэн хүнтэй. Тус клубын эзэн А.Зоригийн хэлж буйгаар хуульд өөрчлөлт орсны дараа цагдаа нар тогтмол хийдэг хяналт шалгалтаа зогсоосноор үйлчлүүлэгчид нэмэгдсэн гэнэ. Уг шөнийн клуб бэлгийн цөөнхийнхөн үйлчлүүлдэг цор ганц газар байхаа аль хэдийнэ больсон бөгөөд ижил үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ч шөнийн клуб сүүлийн жилүүдэд нээгдсэн аж.
Ялгаварлан гадуурхалт
Хэдийгээр шинэ эрүүгийн хууль бэлгийн цөөнх хүмүүсийг үзэн ядалт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй гэмт хэргээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байгаа боловч А.Балдангомбо тэднийг нийгмийн нэг хэсэг болгохын тулд илүү их зүйлийг хийх хэрэгтэй байгаа тухай дурджээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2014 оны тайлангаас харахад бэлгийн цөөнх хүн ажилгүйдэлд өртөх магадлал энгийн хүнээс хоёр дахин илүү байгаа нь батлагдсан байна. Монгол Улсад амьдарч байгаа трансжендэр хүмүүсийн хувьд энэ нөхцөл байдал улам хүндээр тусах болжээ. Тэд улсад нь хийгддэггүй хүйс солиулах мэс заслын ард гарсны дараа л иргэний үнэмлэх дээрх хүйсээ шинэчлэн бичүүлэх боломжтой юм.
Хэрэв албан байгууллагад ажил хөдөлмөр эрхлэхээр бол тэд иргэний үнэмлэх дээрх төрөлх хүйсээ зайлшгүй үзүүлэх шаардлагатай болсноор ялгаварлан гадуурхалтад өртөхийн эхлэл тавигддаг. Ийнхүү хууль ёсны хөдөлмөр эрхлэхэд асуудалтай тулгардаг учир тэд биеэ үнэлэх болж, ингэснээр дарамтад өртөх, баривчлагдах эрсдлийг өөрсөддөө дууддаг аж. Жишээ татахад, “Босоо Хөх Монгол” бүлгэмийн дарамт үзүүлсэн эмэгтэйтэй хамт ажиллаж байсан транжсендер бүсгүй С.Марта, гэр бүл нь гадуурхаж гэрээсээ хөөснөөс үүдэн амьдрахын тулд биеэ үнэлэх болсон тухайгаа манай сэтгүүлчид ярьсан юм. “Би өөр ажил хайж үзсэн, супермаркетэд кассчин, зочид буудалд үйлчлэгч, дэлгүүрийн туслах ажилтан гээд л. Маш олон газарт хандаж үзсэн. Миний хүйсийн байдал, гадаад төрх, урт үс, хумс, эмэгтэйлэг байдал ажил олгогчдын хувьд асуудал болж байсан” гэж ярьжээ. Монгол дахь бэлгийн цөөнхийн талаарх нийгмийн ойлголт харьцангуй сайжирч байгаа ч, даван туулах маш олон бэрхшээл байсаар байгаа юм.