ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Парламентын гишүүн л биш бол гудамжных

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-22

Магадгүй та өөрийгөө “би жирийн л нэг иргэн” гэж хээв нэг хэлж байсан удаа бий л байх. Тэгвэл яг одооноос жирийн иргэн гэдгээ аль болох нуугаарай. Яагаад гэж үү. Учир нь жирийн иргэн гэдэг чинь гудамжны, гуйлгачид гэсэн утгатай үг байжээ. Шуудхан хэлэхэд, хүн биш. Итгэхгүй бол та нар төрийн түшээдээсээ асуу.

Асууж зүрхлэхгүй бол тэдний хэлж байгаа үг, үйлдлийг анзаар. Мэдээ үз. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хоёр гишүүн хэрэлдэж байхдаа нэгнийгээ “Чи удахгүй жирийн иргэн болж, гудамжинд гарахаа мэдэж байна уу” хэмээн хорсолтойгоор занаж байхыг нь хоёр чихээрээ сонссон юм. Бүрэн эрхтэй биш л бол хүний тооноос гарч, гудамжныхан гэх бүлэгт хамаардаг болохыг ингэж мэдсэн юм. Тийм учраас л төрийн түшээд эрх мэдлийн төлөө тэмцэлддэг юм байна. Эрх мэдлийн төлөө тэмцэлдлээ гэж муулахаа яг одооноос больё. Тэдний буруу гэж байхгүй юм байна.

Хэн ч байсан ганц амьдрахдаа “хүн” байхыг бодно. Гудамжныхан гэх бүлэгт бус хүмүүсийн бүлэгт байхыг бодно. Гэтэл бидний эрх мэдлийн төлөө улайран тэмцлээ гэж муулдаг тэд хүний тоонд орох л гэж ийн зүтгэж байдаг байжээ. Өрөвдөлтэй байгаа биз. Жирийн иргэд буюу гудамжны эгнээнд орох нь түшээдийн хувьд мэдээж хар дарсан аймшигт зүүд байх нь мэдээж. Тийм ч учраас дургүйгээ хүргэсэн нэгнийгээ айлгадаг хамгийн том зэвсэг нь жирийн иргэн болох юм. Тодруулбал, бүрэн эрхгүй болгох. Бодоод үзэхээр Монгол Улс гудамжныхан болон түшээд гэх хоёрхон бүлгээс бүрддэг аж. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхтэй 76-гаас бусад нь бүгд гудамжныхан. Учир нь тэдэнд бүрэн эрх гэж байхгүй. Тийм учраас жирийн иргэн буюу гудамжинд гарахаас тэгтлээ айдаг ажээ. Бүрэн эрхтэй төрийн түшээ болж чадаагүй нь таны буруу. Тиймээс гудамжных гэдгээ хүлээн зөвшөөрч, харин хүрээллээ нэгээр ч болов нэмэхгүй байхын тулд тэднийгээ УИХ-д аль болох олон сонгоцгооё. Ухаантай байя. Хүн шиг яваа нэгнийгээ дэмжье.