Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулснаас хойш аймгуудад хуваарилсан төсөв харилцан адилгүй байгаа талаар шүүмжлэл гараад буй. Тэгвэл хамгийн бага буюу 1.9 тэрбум төгрөгийн төсөвтэй Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээс төсвийн талаар тодрууллаа.
-2020 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ. Энэ жилийн төсвийн хуваарилалт хэт тэгш бус байна гэх шүүмжлэл гараад байгаа. Зарим аймагт 135 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл танай аймагт 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ талаар аймгийн Засаг даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Бүхэл бүтэн нэг аймгийн бүтээн байгуулалтын жилийн төсөв 1.9 тэрбум байна. Шинээр байгуулах болон шилжих хөрөнгө гэж бий. Шилжих хөрөнгө гэдэг нь 2019 онд эхлэх төсөв нь тавигдаж, 2020 онд дуусах төсөв нь тавигдаж байгаа ажил юм. Манай аймгийн хувьд шинээр болон шилжих 21 бүтээн байгуулалтын ажил бий. Эдгээрийн нийт өртөг 36 тэрбум төгрөг. Гэтэл 2020 оны төсөвт 1.9 тэрбум төгрөг төсөвлөхөөр хэлэлцэж байна. Улсын хэмжээнд хамгийн бага хөрөнгө тавигдсан аймаг болоод байгаа. Бид яамдаар дамжуулж УИХ-д маш олон удаа саналаа явуулсан. Салбар бүрийн яамдад бүтээн байгуулалтын саналуудыг явуулсан хэдий ч эцсийн дүндээ хамгийн бага төсөв хуваарилсан. Мэдээж үүнд хамгийн гол оролцоотой байх ёстой хүн бол тухайн ард түмнийг төлөөлж, төрд суусан УИХ-ын гишүүн. Манай аймгийг төлөөлж УИХ-д сонгогдон ажиллаж буй гишүүд хайхрамжгүй хандлаа гэж харж байгаа. Бидэнтэй холбоотой ажиллаж чадсангүй. Өөрөөр хэлбэл, УИХ-д лобби хийж чадсангүй. Төсвийг нэмүүлэх талаар хөөцөлдөж байна. Төрийн төлөөлөл хайхрамжгүй хандсанаас дундговьчууд 1.9 тэрбум төгрөг төсөвлөлөө гэж харж байгаа.
-36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бүтээн байгуулалтын ажил байгаа гэж байна. Ямар, ямар ажлууд байгаа вэ?
-Өнгөрсөн онд 28 төрлийн ажил улсын төсөвт тавигдсан юм. Эдгээрийн төсөвт өртөг нь 44 тэрбум төгрөг байсан. Үүний 22 тэрбумыг нь 2019 оны эцэст батлуулсан. Тухайлбал, хоёр сургууль, хоёр эмнэлэг, гурван цэцэрлэг, ахмадын өргөө, төв халхын дуулалт жүжгийн театрын барилга, хоёр соёлын төв зэрэг барилгын ажил байсан. Үүнээс гадна шилэн кабельд холбогдоогүй байсан Дэлгэрхангай, Өлзийт зэрэг сумдыг шилэн кабельд холбох гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлууд байгаа юм. 2020 оны төсөв болох 1.9 тэрбум төгрөг бол бидний санал оруулсан төсвийн 4-5 хувь нь.
-Танай аймгийн өнгөрсөн жилийн төсөв хэр хүрэлцээтэй, үр дүнтэй байсан бэ?
-Өнгөрсөн жил эхлүүлсэн ажлуудаа гүйцээх төсөв тавигдсан. Энэ жилийн 1.9 бол шинээр хийх бүтээн байгуулалтад тавьсан төсөв. Энэ жил ашиглалтад хүлээж авах обьектын нийт төсөв бол 36 тэрбум. Ашиглалтад хүлээж авах байгууламжаа тооцвол манай аймаг Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр зэрэг аймгуудаас илүү өндөр төсөвт өртөгтэй обьектыг хүлээж авах юм.
-Ажиглаад байхад танай аймаг орон сууц нэлээд багатай харагдаж байна. Орон сууцжуулах талаар ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?
-Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар жилд 50-60 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Энэ жил мөн хувийн хэвшлийн байгууллагууд хэд хэдэн орон сууц барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жил Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар аймгийн цэвэрлэх станцыг өргөтгөнө, мөн 25 мвт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц байгуулах ажлыг ирэх онд эхлүүлэх юм. Томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг шийдээд явж байна.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдсан бэ. Зун нэлээд гандуу байсан гэх юм?
-Тийм. Өнгөрсөн зун хур бороо бага байсан. Намар ч мөн чийг гэх зүйл бараг байгаагүй. Үүнтэй холбоотойгоор ургамлын гарц нэлээд тааруухан байгаа. Шуудхан хэлэхэд малчид аймаг орон нутагтаа өвөлжих боломж хомс байна. Отор нүүдлийнхэн ч эхнээсээ гараад эхэлчихлээ. Зүүн урд талынхан Дорноговийн хойд тал, баруун хойд талынхан Өвөрхангай руу гэх мэт оторлох төлөвтэй байна. Бид энэ талаар хэд хэдэн зүйлийг анхаарч байна. Отор нүүдлээр гаргаж байгаа мал ямар нэг халдварт өвчний вирусгүй, эрүүл байх ёстой. Мөн оторт өвөлжсөн мал эргээд ирэхэд мал эмнэлгийг шинжилгээ хийх ёстой. Бидний хамгийн гол анхаарч байгаа асуудал бол отор нүүдэл хийх аймгуудын удирдлагуудтай гэрээ хэлцэл хийж, малчдыг хөөж туухгүйгээр өвөлжүүлэх талаар ажиллаж байна.
-Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна гэлээ. Малчдыг өөр аймгууд руу оторт гаргахаас гадна өвс, тэжээлээр хангах асуудал чухал. Энэ талаар ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?
-Засгийн газрын тогтоолоор сум болон аймгийн Засаг дарга нарын нөөц, өвс тэжээл бэлтгэх хэмжээ гэж бий. Энэ хэмжээнд л бид өвс тэжээлээ бэлтгэж байгаа. Цас орж, хүйтрэхээс өмнө өвс тэжээлээ нөөцөлж авахаар ажиллаж байна.
-Танай аймаг хэчнээн малтай вэ?
-Өнгөрсөн жил хүлээж авсан төлөө тооцвол 4.1 сая гаруй малтай.