Японы эзэн хаан Акихито өөрийн ууган хүү Нарүхитод хаан ширээгээ залгамжуулах ёслол өнгөрсөн тавдугаар сарын 1-нд болж, мөн өдрөөс тус улсад рэйвагийн эрин үе эхэлсэн билээ. Харин өчигдөр шинэ эзэн хаан өвөг дээдэс, ард түмэн, дэлхий нийтэд хаан ширээ залгамжилснаа зарлан тунхаглах ёслол хүндэтгэлийн ажиллагааг уламжлалын дагуу зохион байгууллаа. Энэ өдөр ёслолын парад болох байсан ч, хүндэтгэх шалтгааны улмаас хойшлуулжээ. Тодруулбал, Хагибис хар салхи тус улсыг дайран өнгөрсний улмаас 80 хүн амиа алдсан бөгөөд тэдний дурсгалыг хүндэтгэн тус үйл ажиллагааг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Ёслолын үеэр Нарүхито хаан 6.5 метр өндөр тусгайлан зассан асар дахь суудалд зөвхөн эзэн хаадын өмсдөг улбар шар өнгийн хувцастайгаар заларч, "Би Үндсэн хуульд заасны дагуу улс орон ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлнэ гэдгээ тангараглаж байна” хэмээн хаан ширээнд заларснаа албан ёсоор тунхаглав. Хатан Масако ч эзэн хааныхаас арай жижиг тусгай сэнтийд 12 давхар уламжлалт ёслолын хувцсаа өмсөн тухласан байв. Такамицүра гэх уг асар дотор эзэн хааны гурван ариун шүтээний хоёр нь болох эртний илд, үнэт эрдэнэсийг байрлуулжээ.
Исэгийн их сүмд хадгалагддаг толь үлдсэн нэг шүтээнд тооцогддог байна. Эзэн хааныг тангаргаа өргөсний дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй төлөөлөгчид сөхрөн сууж, “Эзэн хаан түм насал” хэмээн хүндэтгэл үзүүллээ. Олон зууны уламжлалтай ёслол хүндэтгэлийн ажиллагаанд дэлхийн 180 гаруй орноос 2000 гаруй хүндэт зочид төлөөлөгчид оролцжээ. Тус ёслолд манай улсаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон билээ. Нарухито нь дэлхийн хоёрдугаар дайны дараа мэндэлсэн Японы анхны эзэн хаан болж байна. Түүний өвөг эцэг Хирохитог дайны үед Японы армийн цэргүүд амьд бурханд өргөмжилдөг байв. Гэвч 1945 онд Япон улс бууж өгсний дараа эзэн хаад улс төрийн эрх мэдэлгүй болсон юм. Нарухитогийн эцэг Акихито нас өндөр болсноос албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, хаан ширээнээсээ татгалзсан нь сүүлийн 200 орчим жилийн түүхэнд анхны тохиолдол болсон байна. Гадаадын зочдын дотор Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз, Хятадын дэд ерөнхийлөгч Ван Чишань, АНУ-ын зам тээврийн сайд Элайн Чао зэрэг хүндтэй хүмүүс багтжээ. Өчигдөр орой хүндэт зочдод зориулсан эзэн хааны хүлээн авалт болсон бол өнөөдөр уригдсан язгууртнуудад зориулсан цайны ёслол болно. Эзэн хаан Нарухито нь ганц охинтой. Японы хуулиар эмэгтэй хүн хаан ширээг залгамжилдаггүй. Тиймээс Нарухитог залгамжлах нэгдүгээр хүн нь түүний дүү, ханхүү Акишино болж байгаа. Хоёр дугаарт бичигдэж байгаа залгамжлагч нь Акишиногийн 13 настай хүү Хисахито юм. Хэрвээ Хисахито нуган үртэй болж чадахгүй бол Японы эзэн хааны удам тасрахад хүрч, эмэгтэй залгамжлагчийг зөвшөөрөх асуудал яригдах төлөвтэй байгаа ажээ.
Японыг солонгын өнгө бүрхжээ
Япон улсад шинэ хаан сэнтийдээ заларч буйгаа дэлхий дахинаа зарлаж байх ахуйд өвөрмөц сонин байгалийн үзэгдэл болжээ. Өчигдөр тус улсад бороотой байж таарсан юм.
Гэсэн ч, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болох үед буюу орон нутгийн цагаар 13:00 цагийн үед бороо намжиж, маш өвөрмөц содон солонго нийслэл хотыг бүрхсэн нь гэрэл зургийн хальснаа бууж, нийгмийн сүлжээгээд цацагдсан юм.
Эзэн хаан сэнтийд залрах цагт тэнгэрийг шинжих нь тус улсад тогтсон уламжлал бөгөөд энэ цаг мөчид солонго татсан нь ард иргэдийг гайхшруулжээ. Нийгмийн сүлжээнд япончууд солонгоны зургийг нийтэлж, “Солонгос ийм доогуур татаж буйг анх удаа харж байна”, “Эзэн хааны ордны дээгүүр солонго татаж байна”, “Хаан ширээнд залрахаас өмнө бороо намжиж, солонго татлаа. Гайхамшиг мөн үү” гэх мэтээр янз бүрийн тайлбар бичсэн байлаа. Япончууд байгалийн эл гайхалтай үзэгдлийг шинэ цагийн билэгдэл хэмээн хүлээн авч байна.
Токио цамхаг тусгай тасалбар гаргажээ
Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг тохиолдуулан Токио цамцаг өчигдөр тусгай загвар бүхий дурсгалын тасалбар гаргажээ. Ингэхдээ эхний нэг түм хүн буюу 10 мянган хүнд уг тасалбарыг олгосон аж. Тасалбарыг өглөө 09:00 цагаас эхлэн борлуулж, ард иргэд дараалал үүсгэн үйлчлүүлсэн байна.
Тасалбарын үнэ өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй бөгөөд насанд хүрсэн хүн 1200 иэн, хүүхэд 700 иэн байсан гэнэ.
Дурсгалын тасалбарт “Рэйвагийн эрин үе эзэн хааныг сэнтийд залах ёслолын дурсгалын тасалбар” хэмээн алтан шаргал өнгөөр бичиж, токиогийн цамхагийн гаднах дүр зургийг маш томоор дүрслэн хэвлэсэн байжээ. Гадаа бороо орж байсан ч, тасалбар авахаар хүмүүс 150 метр урт цуваа үүсгэн дугаарлаж байсан гэнэ. Тасалбар авахаар ирсэн 60 гаруй настай эрхэм “Дурсгалын тасалбар худалдан авч чадсандаа баяртай байна. Өнөөдрийг энхтайваны талаар эргэцүүлэн өнгөрүүлмээр байна” хэмээн ярьсан бол сургуулийн нэгэн сурагч “Маш чухал тасалбар учраас нандигнан хадгална гэж бодож байна” хэмээн Эн Эйч Кэй сувагт ярьсан байв.
500 иэний дурсгалын зоос худалдлаа
Мөн өчигдрийн баярт үйл явдлыг тохиолдуулан Японд тусгай 500 иэний дурсгалын зоосыг худалдаанд гаргасан байна. Дурсгалын зоосыг таван сая ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд иргэд дурын банк, санхүүгийн байгууллагаас 500 иэнээр худалдан авах боломжтой байхаар зохицуулжээ.
Зоосны нэг талд эзэн хааны сэнтийд залрах тусгайлан зассан асар, нөгөө талд нь цэцэг дүрсэлсэн байна. Зоос энэ сарын 18-наас эхлэн худалдаанд гарсан бөгөөд нэг хүн дээд тал нь хоёр зоос худалдан авах боломжтой байхаар зохицуулалт хийсэн ч, сүүлд тухайн банк, санхүүгийн байгууллага лимитийг тогтоох байдлаар худалдаалах өөрчлөлт оруулжээ. Эл зоосыг автомат машинд ашиглаж болохгүй аж.
Хагас сая гэмт хэрэгтнийг өршөөв
Японы шинэ эзэн хаан Нарухитог хаан ширээнд залахтай холбогдуулан тус улсын засгийн газар 550 мянган хүнд өршөөл үзүүлжээ. Өршөөл үзүүлэх шийдвэрийг энэ сарын 18-ны өдөр гаргасан байна. Өршөөлд шоронд хоригдож буй эсвэл хүний эсрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хамрагдахгүй. Өршөөлөөр зөвхөн ноцтой бус зөрчил гаргасны төлөө өмнө нь шийтгэгдэж байсан хүмүүсийн эрхийг бүрэн сэргээж байгаа аж. Тэдгээрийн 82,5 хувь нь зам тээврийн осол гаргаж, шийтгүүлж байсан бол гурав орчим хувь нь хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргээр шийтгэгдэж байжээ. Үүнээс өмнө 1990 онд Акихито эзэн хааныг хаан ширээнд залсантай холбогдуулан өршөөл үзүүлж байжээ. Тухайн үед 2.5 сая хүний ялыг хөнгөлж эсвэл ялаас хэлтрүүлж байв. Өдгөө тус улсад 57 мянга орчим гэмт хэрэгт шоронд хоригдож байна.