“Агаарын чанар, сайжруулсан түлшний хэрэглээ”-ний талаарх уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт агаарын бохирдлын хэмжээг эрдэмтэн судлаачид хөндөхөөс гадна, агаарын чанарын индексийг гурван цагийн дунджаар тооцоог гаргахад хүндрэлтэй байдгийг онцолж байв. Манай улс 2014 оноос өмнө Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын стандартаар агаарын чанарын индексийг хэмждэг байжээ. Энэ нь, агаарын чанарын индекс 0-12 байвал хэвийн гэж үздэг аж. Харин энэ хэмжээнээс дээш гарвал бохирдолтой хэмээн үздэг байна. Ингэж тооцоолсон нь агаарын бохирдлыг маш нарийн түвшинд тодорхойлж, нөгөө талаас энэ хэрээрээ иргэдийн эрүүл мэндэд бодитоор ямар муу үр дагавар учруулж байгааг тооцоолох боломжтой байсан аж.
Ингэснээр агаарын бохирдлын хэмжээ буурсан мэт тоо гарч буйг үгүйсгэхгүй бөгөөд стандартыг ингэж өөрчилсөн нь агаарын чанарын индексийг нарийвчлан тооцоход хүндрэл учруулж байна гэдгийг судлаачид онцолж байв. Мөн шахмал түлшний хэрэглээ болон, иргэдийн мэдлэгийн талаар судпалгаа авчээ. Хэлэлцүүлгийн үеэр оролцсон судлаачид байр сууриа илэрхийллээ.
Эмч, судлаач Г.Мандухай:
-Агаарын чанарын индексийг тооцоолохдоо улсын хэмжээнд тодорхой үзүүлэлтээр хэмждэг. Тухайлбал, нарийн ширхэгт тоосонцор, бүдүүн ширхэгт тоосонцор, азот, хүхрийн давхар ислийн үзүүлэлтийг үзнэ. Үүний дараа үзүүлэлт бүрийн нэгжид үнэлгээ хийж агаарын чанарын индексийг тооцоолохдоо тухайн үзүүлэлтийн хамгийн өндөр байгаагаар нь тооцдог. Гадаад орчны бохирдол нэг нэгжээр нэмэгдэхэд дотоод орчны бохирдол 1.3 нэгжээр нэмэгдэж байна. Хүн амьдралынхаа 90 орчим хувийг гэр болон ажил, сургууль өнгөрүүлдэг. Энэ утгаараа дотоод орчны агаарыг цэвэршүүлэх асуудалд олон нийт анхаарах ёстой байдаг. Түүнчлэн агаарын чанарын индексид тооцоолол хийж үзсэн. Гэхдээ бохирдол буурсан гэж шууд хэлэх боломжгүй. Учир нь сайжруулсан түлш хэрэглээд удаагүй байгаа шүү дээ. Нөгөө талаас хүйтний эрч чангараагүй үед агаарын бохирдол өмнөхөөсөө буурсан гэж хэлж ч болохгүй. Магадгүй 3-4 сарын дараа агаарын чанарын индекс хэр өөрчлөгдсөн талаар хэлэх боломжтой.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны мониторонгийн багийн зөвлөх Д.Эрдэнэсайхан:
-“Амьсгалах эрх” төслийн хүрээнд нийслэлийн таван дүүргийн агаарын чанарын бүсийн буюу гэр хорооллын 1000 орчим иргэдээс таван ТББ хамтран санал асуулга авсан. Ерөнхийдөө, түүхий нүүрс хориглосон тогтоолын талаар хэр их мэддэг, мэдээллийг хаанаас авдаг, ямар түвшний мэдлэгтэй байна. Үүний дагуу юу хийгдэж байна гэсэн асуулгаар мэдээлэл авлаа. Ингэхдээ наймдугаар сар болон аравдугаар сард хоёр удаагийн давтамжтайгаар авсан бөгөөд тухайн бүсэд байгаа гэр хорооллын иргэдээс авсан. Судалгаанаас үзэхэд тогтоолын талаарх мэдээ мэдээллийг 75 хувь нь авсан байсан. Ингэхдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэслээр ихэвчлэн авсан байсан бол үлдсэн нь хороо, дүүрэг, хэсгийн ахлагчдын мэдээллийг үндэслэсэн байсан. Гэхдээ зарим дүүрэг тааруухан ажилласан байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийнхэн мэргэжилтнээсээ 20 гаруй хувь нь мэдээлэл авсан байна. Шахмал түлшний хувьд их хүлээлттэй байсан нь харагдсан. Наймдугаар сард авсан мэдээллээс үзэхэд уламжлалт нүүрсээ мэднэ гэж иргэд хариулсан. Харин аравдугаар сарын дүнгээс харахад 30 орчим хувь сайжруулсан түлшийг сайн байна гэж хариулсан. Бусад зүйлтэй хольж түлэх ёстой гэсэн иргэд 20 орчим хувийг эзэлсэн бол 18 орчим хувь нь сайжруулсан түлш муу гэдэг үнэлгээг өгсөн. Цаашид сайжруулалт хийх зөвлөмжүүдийг гаргана. Ингэхдээ төрийн байгууллагууд, шахмал түлшний үйлдвэр, иргэд тус бүрдээ юуг анхаарах ёстой вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлага гарсан. Гэхдээ иргэд хэрэглэж үзээгүй байх, одооноос эхлэж сайжруулсан түлшийг түлж үзсэн байх хоёрын хооронд ялгаатай. Удахгүй арванхоёрдугаар сард хийхэд тодорхой, бодитой гарах байх.
Төслийн менежер Б.Оюунгэрэл:
-Бид зөвлөмжөө гурван хэсэгт хуваасан. Нэгдүгээрт, хувь хүн өөрийнхөө хэрэгжүүлж болох агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах дадал гэж нэрлэсэн. Үүнд агаарын чанарын мэдээг өдөр бүр шалгаж хэвших, агаарын бохирдол ихтэй үед амны хаалт зүүж хэвших, гадуур явах цагаа зохицуулж сурах гэх мэтчилэн аргыг иргэдэд ойлгуулах гэж байна. Үүнийг бид дүүрэг, хороогоор дамжуулж иргэдэд сургалт явуулсан. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд дотоод орчны агаартаа анхаарах шаардлагатай. Агаарын чанарыг нь хэмжхэд хөрөнгө оруулах, гаднаас бохирдол ороход бууруулах зорилгоор хаалга, цонхны битүүмжлэлийг сайжруулах хэрэгтэйг холбогдох байгууллага зөвлөж байгаа. Мөн чийгтэй цэвэрлэгээг хангалттай хийх, ажилтнуудаа агаарын бохирдолтой үед амны хаалтаар хангах гэх мэтэтээр албан байгууллагын зүгээс хийх олон ажил бий. Агаарын чанарын мэдээллийг иргэд www.agaar.mn веб сайтаас авч болно.
Амьдрах орчны зураглалын төвийн судлаач Г.Батдорж:
Бид судалгаандаа ашиглахаар ЭйрВизуал төхөөрөмж болон аппликейшн-ийг тендер зарлаж сонгон ашигласан. Сонгосон иргэнийхээ гэрээсээ ажил, сургууль руугаа очих, буцах зам, ажил, сургууль гэр доторх агаарын бохирдлыг тус төхөөрөмж болон аппликейшн ашигласан. Ингэхдээ PM2.5 буюу нарийн ширхэглэг тоосонцорыг хэмжсэн. Хэмжилтийг өнгөрөгч оны арван хоёрдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэл хийсэн.
15 настай сурагч охины кэйсийг авч үзье. Тэрбээр өглөө 06 цаг 50 минутад Дамбадаржаа дахь гэрээсээ Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль руу явдаг. Бид түүний гэрээсээ сургууль хүрэх замдаа гадаа алхах, автобусаар зорчих, сургууль дотроо ангидаа хичээллэх зэргээр судалгаанд оролцогч охины очсон газар бүрт гадаад, дотоод агаарын бохирдлыг хэмжсэн.
Ингэхэд охин сургууль орох замдаа стандартаас 4-5 дахин өндөр хортой агаарт өртөж байсан нь тогтоогдсон. Учир нь гэр хорооллын айл бүр өглөө босоод галладагтай холбоотой. Сургуулийн орчин ангид нь агаарын чанарыг хэмжихэд мөн л стандартаас 1-2 дахин их утаатай байсан. Охины үдээс хойш хичээлээ тараад гэртээ харих замд хийсэн агаар стандартаас 5-6 дахин хортой байсан. Энэ нь сурагчид сургуульдаа ирж, буцахдаа хамгийн их агаарын бохирдолд өртдөг гэсэн үг. Бидний хэмжилт хийсэн PM2.5 нь маш нарийн, жижиг ширхэгтэй тоосонцор учир жирэмсэн эхийн урагт хүртэл нөлөө үзүүлж, ирээдүйн хорт хавдрын өвчлөлийн үндэс суурь болдог.