Японы Эдийн засаг, Худалдаа аж үйлдвэрийн сайд Сүгавара Ишшю сонгуулийн хууль зөрчиж, өөрийн тойргийнхондоо бэлэг өгөхийг санаархсан гэх үндэслэлээр сайдын суудлаасаа буулаа.
Тэрбээр Токио хотод оршин сууж байсан нэгэн иргэний оршуулгын ёслолд зориулж, үнэтэй гуа, наймаалж, мөн 20 мянган иэн буюу монгол мөнгөөр тооцвол 500 орчим мянган төгрөгийг эмгэнэж буйн илэрхийлэл болгон туслахаараа явуулжээ. Гэвч, уг айл нь тэрхүү бэлэг сэлтийг авахаас татгалзсан бөгөөд Сүгавара сайд хууль зөрчсөн гэх үндэслэлээр албан тушаалаасаа огцрохоос өөр сонголтгүй болсон байна. Энэ талаар долоо хоног тутмын “Shukan Bunshun” сэтгүүл анх мэдээлсэн байдаг. Сэтгүүлд Сүгаварагийн туслах түүний тойргийн амиа алдсан иргэний ар гэрт “эмгэнэлийн мөнгө” гэх нэрийдлээр мөн тооны мөнгө санал болгосон тухай мэдээлэл нийтлэгдэж, нотлох баримтнуудын зураг хэвлэгдсэн байв.
Гэхдээ Японы уламжлалд нас барсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж мөнгө өгөх нь тогтсон ёс боловч, улстөрчийн хувьд ийм алхам хийсэн нь хууль зөрчсөн хэрэг болж байгаа юм. Сүгавара албан тушаалаасаа огцорч буйгаа сэтгүүлчдэд мэдэгдээд, “Би Ерөнхий сайд Абэ Шинзод огцрох хүсэлтээ өгсөн. Парламентын төсвийн хорооны ажил удаашрах ёсгүй” гэж хэлсэн байна. Тэрбээр уг албан тушаалд томилогдоод нэг сар гаруйн хугацааг л үдээд байсан юм. Түүний огцрох хүсэлтийг Ерөнхий сайд Абэ Шинзо хүлээн авч, түүний албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр Хироши Кажияамаг томилжээ. Хироши Кажияама өмнө нь Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байжээ.
Улмаар Абэ Шинзо ард иргэдээсээ уучлалт хүсч, “Би энэ томилгоог хийсэн. Ийм зүйл болсонд ард түмнээсээ уучлалт гуйж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Японы хуульд аливаа улстөрч иргэдэд бэлэг өгөхийг хориглосон байдаг билээ. Өмнө нь тус улсын Хууль зүйн сайд Мидори Мацүшима сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасан гэх үндэслэлээр албан тушаалаасаа огцорч байсан юм.
Японы Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн сайд нь Япон болон Солонгосын хоорондох худалдааны дайны үйл явцад шийдвэрлэх нөлөөтэй чухал албан тушаал юм. Хоёр талын худалдааны асуудлаарх цаашдын яриа хэлэлцээг Кажияама удирдан явуулахаар болоод байна. Энэ жилийн эхээр Токио Өмнөд Солонгосын уруу гаргадаг зарим бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоосноор хоёр талын худалдааны маргаан эхэлсэн юм.