Энэ хүнийг Акио Морита гэдэг. Японы хөгжлийн түүхэн дэх “Амьд домог” болсон цөөхөн хүний нэг тэрээр физикч, инженер, зохион бүтээгч, бизнесмэн гээд олон төрлийн мэргэжилтэй нэгэн байв. Тэр бол өнөөгийн Японыг бүтээсэн сэтгэгч, зохион бүтээгч, бүтээгч байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнд япончууд ялагдаж, тухайн үеийн Эзэн хаан Хирохито ялагдлын тухай мэдээллээ радиогоор Япон даяар мэдэгдэх үеэс тус улс болоод манай улсын хөгжил нэг гарааны шугамд байсан гэхэд хэтийдэхгүй билээ. Японд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ч бусдын анхаарлыг татах нь ховор. Учир нь гадаад ертөнц тэдний хийсэн, үйлдвэрлэснийг цаасан дэвүүр, сүрлэн дэвсгэр төдийхөн хямд, эдэлгээгүй бараагаар төсөөлдөг байсан гэдэг. Харин бидний өнөөдрийн өгүүлэх түүхийн эзэн Акио Морита болон түүний хамтрагч Масарү Ибүки нарын ачаар “Японд үйлдвэрлэв” гэх шошго чанарын баталгаа, Японыг дэлхий дахинд үнэлэгдсэн худалдааны брэнд болж чаджээ. Цуцалтгүй хөдөлмөрлөгч, шинийг санаачлагч эрдэмтэн, зохион бүтээгч Акио Морита шиг зуу зуун эрхмийн ачаар тус улс дайны дараа сүйрсэн эдийн засгаа сэргээн босгож чадсан бөгөөд эдүгээ эдийн засгийн хөгжлөөр манайхаас хэдийнэ хол тасарч одсон байна.
Дөрвөн сая төгрөгөөс эхэлсэн бизнес
Акио Морита 1921 оны нэгдүгээр сарын 26-нд Нагоя хотод төржээ. Тэднийх 15 үеэрээ цагаан будааны архи, мисо, соё соусны бизнес эрхэлжээ. Айлын том хүү байсан болохоор ч тэр үү гэр бүлийн бизнесээ өвлөх ёстой байлаа. Гэсэн ч, түүний сонирхол, мөрөөдөл цагаан будааны бизнесээс ч хол давсан бөгөөд математик, физикийн ухааныг сонирхон судалдаг байжээ. Эцэстээ эцэг эх нь хүүгийнхээ сонирхлыг хүндэтгэж, Осака хотын Улсын их сургуулийн физик, техникийн факультетийг 1944 онд төгсөж, цэрэгт татагджээ. Тэнд тэнгисийн цэргийн офицер цол авч, хэдэн сарын дараа тэнгисийн цэргийн судалгааны төвд ажиллах болсон байна. Ийн ажиллахдаа ирээдүйн бизнесийнхээ алтан хамтрагч Масарү Ибүкитэй танилцжээ. Масарү Ибүки түүнээс ах, бизнес эрхэлсэн туршлагатай нэгэн байлаа. Токиогийн их сургуулийн дэргэдэх Инженерийн сургуулийг төгссөн, ангийнхандаа “Суут бүтээгч” хэмээн хочлогдсон, шилдэг инженерийг Акио хамтрагчаараа сонгосон нь ирээдүйн амжилтынх нь гол суурь болж чадсан юм. Ибүки оюутан байхаасаа олон том нээлт хийж, Парисын дэлхийн үйлдвэрлэлийн үзэсгэлэнгээс шагнал хүртэл авч байжээ. Дайнд Япон ялагдсаны дараа тэд гудамжинд “лааз өшиглөж” явахдаа дахин таарч, хоёр талаасаа мөнгө нийлүүлэн компани байгуулахаар шийдсэн гэдэг. Энэ бол 1946 оны явдал бөгөөд энэ үед Акио 25 настай байсан бол Масарү 38 настай байсан гэдэг.
Ингэж л дэлхийн алдарт “SONY” компанийн суурь тавигдлаа. Тэд Токио хотын бөмбөгдөлтөд өртсөн бэлэн хувцасны дэлгүүрийн хоёр давхарт “Токио Цүүшин Кабүсики Кайшя” гэх нэртэй компаниа байгуулжээ. Ингэхдээ Акиогийн ааваас 190000 иэн зээлж, 20 ажилтантайгаар эхлүүлжээ. Энэ мөнгийг өнөөгийн ханшаар төгрөг рүү шилжүүлж тооцвол дөрвөн сая гаруй төгрөг болох билээ. Эхний ээлжинд тэднийх будаа жигнэгч, вольтметр, цахилгаан халаагуур үйлдвэрлэж байсан бөгөөд 1949 онд Ибүки дуу бичлэгийн соронзон туузны зохиогчийн эрх авчээ. Дараа нь тэд “G-type” магнитофон үйлдвэрлэсэн нь орчин үеийн стериосистемийн өвөг болсон юм. “Western Electric” компанийн транзистор үйлдвэрлэх лиценз худалдан авсны ачаар тэд амжилтад хүрэв. 1954 оны тавдугаар сард анхны япон транзистор үйлдвэрлэжээ. Дараа нь тэд анхны жижиг радио хийв. Ингээд тэд өөрийн гэсэн марктай болжээ. Транзисторын радио эрэлт хэрэгцээтэй байсан тул Ибуки түүнийг ашиглан найман дюимийн телевизор, видео магнитофон бүтээв. 1956 онд Акио Морита фирмдээ Рэйон /Лео/ Эсакийг урив. Одоо тэр дэлхийн хамгийн нэртэй физикчдийн нэг болжээ. Тун удалгүй компани Америкийн зах зээлд гарч ирлээ.
“SONY” төрсөн нь
Компани өргөжин тэлж байлаа. Тэдний бүтээсэн бүтээлүүд гадаад ертөнцөд нэрд гарч, сонирхох болов. Энэ үед компанийн нэрээ өөрчлөх шаардлага тулгарсан байдаг. Учир нь гадаад орчинтой харилцаж, худалдаа хийхэд компанийх нь нэр хэтэрхий урт, сунжруу байсан тул аль ч хэлэнд адилхан дуудагддаг, хэлэхэд амар нэрээр нэрлэх саналыг Акио хамтрагчдаа тавьжээ. Ингээд тэд “Дуу аялгуу” гэсэн утгатай “SONY” гэх нэрийг сонгосон байна.
1963 онд “SONY” өөрийн акцаа Нью-Йоркийн бондын бирж дээр зарлав. Улмаар NYSE (New york Stock Exchange) жагсаалтад багтсан анхны Япон компани болж чадав. Акио Морита ажлаа сайн явуулахын тулд гэр бүлээрээ АНУ-д нүүж очжээ. Тэрээр америк маягаар амьдран тухайн улсын бизнес, зах зээлийн онцлог, уламжлал, тэдний зан авирыг ойлгохыг хичээв. Барууны бизнесийг шинэ өнцгөөс харж, дотроос нь судалснаар Морита Дорно, Өрнийн туршлагыг ажилдаа хослуулж, японы хэрсүү бодлого, төвлөрсөн удирдлагыг европын нээлттэй байдалтай хослуулж чаджээ. 1968 онд “SONY”-ийн лабораторид анхны өнгөт телевизор болох Тринитроныг хийв. Дараа нь АНУ, Англи, Герман зэрэг оронд худалдааны газраа нээжээ. Мөн Сан Диего, Брижендэд үйлдвэрээ байгуулсан аж. Одоогийн байдлаар тус компанийн үйлдвэрүүдэд 173 мянган хүн ажилладаг байна.
“SONY”-г бүтээсэн менежмэнт
“Японд үйлдвэрлэв” гэх шошгийг дэлхий дахинаа чанарын илэрхийлэл болгохын тулд тэдний баримталсан менежмэнт өнөөгийн олон арван компанийн судлагдахуун, зарчим болж байна. Дээр компанийн амжилтын гол үндэс нь хамтрагчаа олсон явдал гэдгийг дурдсан билээ. Ийн хэлсэн учир нь Ибүки суут зохион бүтээгч, инженер, гайхалтай онолч хүн байсан бол Акио Морита ажил хэрэгч, суут менежер байжээ. Ибүки зах зээлийн хэрэгцээг нарийн мэдэрч, яг хэрэгцээт зүйлийг зохион бүтээж байхад Морита шинэ нээлт бүтээлээ зах зээлд гаргах менежмэнтийг голлон хариуцдаг байжээ. Тэрээр 30 гарсан хойноо англи хэл сурсан бөгөөд богино хугацаанд гадаад түнш нартайгаа англиар чөлөөтэй ярьж ойлголцдог болжээ. Түүний гаргасан хэд хэдэн чухал шийдвэр алхмууд байдаг. Үүнээс нэгийг нь дурдвал, “SONY” радиогоо үйлдвэрлэсний дараа тэдэнд 100 мянган ширхэг бүтээгдэхүүний захиалга орж иржээ. Ингэхдээ захиалагч компани өөрсдийн логог хэвлэхийг санал болгосон байна. Энэ үед “SONY” хэний ч мэдэхгүй, жижигхэн компани байсан гэдэг. Магадгүй бизнесээ дөнгөж эхэлж буй үйлдвэр, байгууллагууд маш том дүн бүхий захиалга орж ирвэл, уриалгахан аргагүй хүлээж авах биз.
Гэхдээ Акио Морита тэгээгүй юм. Тэр өөрсдийн компаниа ирээдүйд захиалга өгөгчөөс илүү алдартай болж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байсан тул татгалзсан хариу өгчээ. Хожим үүнийгээ амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр хэмээн тодорхойлсон удаатай. 1960-аад оны эхээр Рок-н роллын урсгал үүсч залуус төдийгүй томчуул ч их сонсдог болов. Энэ үед буюу 1970-аад оны сүүлчээр “Walkman player” зах зээл дээр гарч ирэв. 1982 онд “SONY” анхны компакт дискээ бүтээв. 1980-аад оны сүүлчээр дэлхийн шоу-бизнес, кино үйлдвэрлэлд орж ирэв. 1988 оны нэгдүгээр сард дуу бичлэгийн “CBS Records Inc” студийг худалдаж аван “SONY music Entertainment” гэж нэрлэжээ. 1960-аад онд хоёр найзын боловсруулсан компанийн дүрэм одоо ч тус корпорацид мөрдөгддөг гэдэг. Тэрээр 1993 онд теннисийн тэмцээний үеэр цус харваж, 1994 оны арваннэгдүгээр сард “SONY” компанийн удирдлагаас огцорсон юм. Улмаар 1999 онд уушгины хатгалгаа өвчнөөр 78 насандаа таалал төгсчээ. Үүнээс хоёр жилийн өмнө түүний хамтран зүтгэгч Масарү Ибүки зүрхний шигдээсээр 89 насандаа таалал төгссөн байдаг юм. Тэд цэл залуу насандаа дайны дараах хар захаас түүхий эд материалаа цуглуулан цуцалтгүй хөдөлмөрлөж, өнөөгийн дэлхийд алдартай корпорацийг тэгээс босгож, Японы эдийн засгийг сүйрлээс аврахад хувь нэмрээ оруулсан оргилууд байлаа.