ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын кибер бүлэглэл хэрхэн ажилладаг вэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-11-04

Манай улсын нийслэл Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг таван зочид буудлаас санхүүгийн гэмт хэрэг үйлддэг 800 орчим хүний бүрэлдэхүүнтэй кибер бүлэглэлийг илрүүлсэн. Улмаар тэднийг удирдан зохион байгуулсан хэрэгт дөрвөн хүнийг баривчилсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Ийм бүлэглэл Монголд илэрсэн нь анх удаа боловч, аль хэдийнэ Зүүн өмнөд Азид үүрлэж, хууль хяналт сул улсыг онилон байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг нь ил болжээ. Хятадын кибер бүлэглэл хэрхэн ажилладгийг өгүүлэхийн өмнө хэдэн баримт дурьдая. 

Баримт 1: Ердөө сар гаруйн өмнө буюу аравдугаар сарын 10-нд Филиппиний цагдаагийн алба хаагчид БНХАУ-ын 542 иргэнийг баривчилжээ. Тэд тус улсад хууль бусаар оршин сууж байснаас гадна цахим сүлжээ ашиглан хятад голдуу хүмүүсийг залилж байсан нь тогтоогдсон байна. Үүнээс өмнө  найман зочид буудлаас 324 хятад хүнийг баривчилсан байх бөгөөд тэдний хувьд онлайн мөрийтэй тоглоом тоглон иргэдийг залилж байсан аж. 

Баримт 2: Есдүгээр сарын 10-нд Камбожийн цагдаа нар нэгэн орон сууцыг шалгаж, 144 хятад иргэнийг саатуулжээ. Тэд сарын 25000 ам.доллараар тооцон байрыг жилээр түрээслэсэн байсан аж. Эдгээр бүлэг этгээд мөн л кибер сүлжээг ашиглан хятад иргэдийн мөнгийг залилан, дансыг хоосолдог байсан нь илэрчээ. 

Баримт 3: Тайландын цагдаагийн алба хааг­чид 2017 оны зургадугаар сард гурван хятад иргэнийг баривчилжээ. Тэд 476 гар утас, 347200 сим ашиглаж, “Click farm” эрхэлдэг бай­сан аж. Улмаар олдог орлогынх нь тухайд тэд хэр хандалт болон лайк авахаас хамаарч сар­даа 2950-4400 ам.доллар буюу монгол мөнгөөр 7.9 саяас 11.8 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 

Баримт 4: Шри Ланкийн хууль сахиулагчид мөн л гурван иргэн 17400 янз бүрийн үүрэн телефоны сим, 400 гаруй гар утас ашиглан санхүүгийн гэмт хэрэг үйлдэж байсан аж. Тэдний хоёр нь шри ланк хүн бол нэг нь хятад хүн байжээ. 

Кибер залилан 

Энэ мэтээр кибер сүлжээг ашиглан залилан, “Click farm” ажиллуулж, ашиг орлого олдог бүлэг этгээдүүд хэд хэдэн улсаас баривчлагдсан байгаа юм. Гэхдээ манайх шиг 800 орчим хүн баривчлагдсан тохиолдол анх удаа гарч байгаа юм. БНХАУ-д 1.3 тэрбум гар утас хэрэглэгч, 700 сая орчим интернэт хэрэглэгчтэй бөгөөд тэдний 90 хувь нь гар утаснаасаа онлайн сүлжээнд холбогддог байна. Гэвч, гар утсаараа өдөр тутмын ажил амьдралаа зохицуулдаг хятадууд гадаад, дотоодоос цахим сүлжээ ашиглан луйвар хийдэг гэмт этгээдүүдийн золиос болдог аж. Тэдний хил хязгаар Хятадаас хязгаарлагдахаа больж, Зүүн Өмнөд Ази, Австрали, Африкийн орнуудад ч үйл ажиллагаа явуулдаг болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр залилагчид ийм замаар жилд дунджаар 10 тэрбум юаныг эх газрын иргэдээс луйварддаг байна. 

Бүлэг этгээдүүд Засгийн газар, цагдаагийн байгуул­лагын ажилтан болж жүжиг­лэн интернэтээр хуурамч дууд­лага хийж, хууль зөрч­сөн үйлдлийнхээ төлөө барьцаа­ны мөнгө, торгууль зэр­гийг албан ёсны дансанд шил­жүү­лэхийг шаарддаг аж. Үүний ул­маас иргэд насаараа хураа­сан мөнгөө алдахаас эхлээд дампуурсан бизнесүүд ч олон байдаг гэнэ. Тэд санхүү, даат­галын компаниуд, авто­машины борлуулагчдын цуг­луул­сан хэрэглэгчийн мэдээл­лүүдийг худалдан авч, Хятадын хөдөө аж ахуйн банк­ны ажилтан, Шанхай хотын цагдаагийн офицер, Бээжин­гийн прокурор зэрэг хүмүү­сийн нэрийг барьж залилан хийсэн тохиолдлууд гар­чээ. Нэг жишээ дурьдахад, Гуйжоугийн чөлөөт бүсийн нэгэн компани 117 сая юанаа эл кибер гэмт хэрэгтнүүдэд алд­жээ. Хятадын иргэдийн ут­санд өдөрт маш олон тоо­ны дуудлага ирдэгийн до­тор залилангийн хуурамч дууд­лага цөөнгүй байдаг байна. 

Онлайн мөрийтэй тоглоом

Хятадын кибер бүлэглэлийн дараагийн үйлддэг гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом. Цахим мөрийтэй тоглоом тоглогч онлайнаар таван өөр хүнтэй тоглож байгаа мэт боловч үнэн хэрэгтээ нэг л хүнтэй тоглон хожигддог байна. 

Энэ төрлийн гэмт хэрэгт БНХАУ-ын иргэд маш их холбогддог бөгөөд 2010 оноос хойш эрчээ авчээ. Компьютерийн өндөр мэдлэгтэй залуус хууль хяналтын орчин сул улс орнуудад энэ мэт гэмт хэргийг үйлддэг байна. Филиппин, Камбож, Фижи зэрэг улс орнуудаас гадна Монгол Улс тэдний онилсон дараагийн бай болов. Манай улсад ч цахим мөрийтэй тоглоомыг хянах, хязгаарлах, хариуцлага тооцох хууль эрхзүйн орчин сул гэдгийг Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр жиргэжээ. Ийм хэрэг Филиппинд өрнөж, 500 гаруй хятад иргэн баривчлагдсан талаар дээр баримт дурьдсан билээ. Үүний дараа Хятадын Засгийн газраас Филиппиний талд хандан бүх төрлийн онлайн мөрийтэй тоглоомыг хориглохыг санал болгож байсан байх юм. Филиппинд 2016 оноос хойш онлайн мөрийтэй тоглоом ажиллуулдаг 50 гаруй компани байдаг бөгөөд тэнд 138000 хүн ажилладгийн ихэнх нь хятад хүмүүс гэх мэдээлэл байна.  

Mobile farm, click farm гэж юу вэ

Энэ нь хуурамч лайк, хуурамч рейтинг зэргийг бүтээгдэхүүн үйлчилгээ, гар утасны аппликэйшн зэрэгт хийж, түүгээрээ мөнгө олдог аргыг хэлнэ. Энэхүү бизнес нь БНХАУ болон Зүүн өмнөд Азид үүсээд нэлээд хэдэн жил болжээ. Гол захиалагчид нь фэйсбүүк, ютүб, инстаграмм хөтлөгчид бөгөөд энэ төрлийн бизнес эрхлэгчид нь онлайн сурталчилгааг өөрийн вэб дээр байршуулж, лайк даралтын тоогоор сурталчлуулагч компаниас мөнгө авдаг аж. Өөрөөр хэлбэл, аль нэг компани болон захиалагч маш бага мөнгө төлж, пост болон пэйж дээрээ олон мянган лайк даруулах үйлчилгээ гэсэн үг. Албан ёсны эх сурвалжид бичсэнээр, цахим сүлжээ бүр өөрийн ханштай бөгөөд тухайлбал, инстаграмм хуудас дахь 1000 лайк нь 12 ам.долларын ханштай гэнэ. 

Click Farm эрхлэгчид ихэвчлэн БНХАУ, Энэтхэг, Балба, Шри Ланк, Египет, Индонек, Филиппин, Бангладеш зэрэг улсад байрладаг. Сүүлийн үед энэ бизнесүүд БНХАУ-аас шахагдсанаар Бангладеш улсад хүчээ авсан байна. БНХАУ нь цахим гэмт хэрэг, түүнийг ашигласан мөнгө угаалттай хатуу тэмцэж буй учир иргэд нь манай улсад ирж энэ төрлийн үйл ажиллагаа явуулсан байх ч магадлал бий. 

Өнгөрсөн жил БНХАУ-ын 80 орчим хүнтэй click farm бизнес Фижи улсаас илрээд хаагдаж байсан. Тухайн үедээ уг хэргийг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй гэж ярьж байв. Ямартай ч, манай улсад таван зочид буудалд орогнон, 1000 компьютер, 10 мянга гаруй сим карт ашиглаж байсан 800 орчим хятад иргэн яг ямар төрлийн үйл ажиллагаа явуулж байсан нь одоогоор тодорхойгүй ч, дээр дурьдсан хэд хэдэн хувилбарын нэг байх магадлал өндөр байгаа юм.