2000 оноос эхлэн Монгол Улсад “Өдрийн зээл”-ийн үйлчилгээ бий болжээ. Уг зээл нь сарын 10-30 хувийн хүүтэй байдаг бөгөөд банкнаас зээл авах шаардлага хангадаггүй хувиараа жижиг лангуу ажиллуулж буй иргэдэд өндөр хүүтэй мөнгө зээлж, өдөр тутмын орлогоос нь эргэн төлөлтөө татах байдлаар өрийн дарамтад оруулж, улмаар их хэмжээний өрөнд унаган барьцаалж буй асуудлыг манай сонин сурвалжиллаа. Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй төрийн болон өрийн дарамт, тэр дундаа “Өдрийн зээл”-ийг таслан зогсоох асуудлаар гурван жилийн өмнө бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариуг нь өгөөгүй байна.
“Өдрийн зээл” олгогчид “100 айлын барилгын материалын зах”, “Наран туул” олон улсын худалдааны төв, “Бөмбөгөр” худалдааны төв зэрэг томоохон худалдааны төвд лангуу эзэмшигчдийг урхидаж, өрийн барьцаанд оруулдаг аж. “Өдрийн зээл”-ийн үйлчилгээ эрхэлдэг хувь хүмүүс Монгол Улсад ямар ч татвар төлөхгүйгээр жилдээ 120-360 хувийн ашиг олдог байна. Өөрөөр хэлбэл 100 сая төгрөгтэйгээр ажлын гараагаа эхэлсэн мөнгө хүүлэгч ганц жилийн дотор тухайн мөнгөө 220-460 сая төгрөг болгож өсгөдөг гэдгийг энэхүү сурвалжлагаараа хүргэж байна.
“Өдрийн зээл”-ээс болж 20 настай бүсгүй хорложээ
“Монголын худалдаачдын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Э.Солонгоос “Өдрийн зээл”-ийн талаар тодруулсан юм.
-Өдрийн зээл Монголд хэдэн онд бий болсон бэ. Энэ зээлийг зохицуулсан хууль байдаг уу?
-Анх 2000 оноос “Өдрийн зээл”-ийн үйлчилгээ эхэлсэн. Монголын худалдаачдын холбоо гурван жилийн өмнөөс Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргаж “Өдрийн зээл”-ийг ямар нэгэн хуулиар зохицуулж, иргэдээ хамгаалаач гэдэг хүсэлт тавьсан боловч одоог хүртэл ямар ч хариу ирүүлээгүй.
-“Өдрийн зээл”-ийн хүү хэдэн хувь байдаг вэ?
-Сарын 10-30 хувийн хүүтэй байдаг. Зарим газар 40 хүртэл хувийн хүүтэй зээл гарч байгаа талаар мэдээлэл байна. Энэ зээлийг худалдаа эрхэлж байгаа бүх хүн авсан гэж хэлэхэд хилсдэхгүй. “Өдрийн зээл” нь барьцаагүй, авахад хялбар байдаг. Ард иргэд хоорондоо “Чамд мөнгө хэрэгтэй юу, надад мөнгө хэрэгтэй. Хэдэн хувийн хүүтэй зээлэх вэ. Уг нь 30 хувийн хүүтэй өгдөг. Гэхдээ яахав чи 10 хувиар авахгүй юу даа” гэх мэтчилэн үүсдэг харилцаа. Өнөөдөр би сая төгрөг 25 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авлаа. Маргаашаас нь 44000, 66000 төгрөг төлж эхэлдэг. Авсан зээлийн төлбөрөө 16:00 цагаас өмнө төлөхгүй тохиолдолд 17:00 цагаас хойш цаг тутамд 7000 төгрөгийн алданги тооцож эхэлдэг.
-Өдрийн зээлийг яагаад хүмүүс ингэж их аваад байгаа юм бэ. Зээл авахгүй байж болно биз дээ?
-Банк болон ББСБ-ын шалгуурыг хангаж чадаагүй тачир иргэд л энэ зээлийг авдаг. Нэг удаа л зээл авахад гүйцээ. Буцаж гарч чадахгүй. Өнөөдөр надад ямар нэг шалтгааны улмаас төлөлт хийх ёстой мөнгө гарч ирээгүй бол дараагийн хүнээс бушуухан аваад л эхний хүний зээлийг хаадаг. Тэгэхгүй бол эхний хүн маань маргааш нь ирээд л “Чи мөнгөө өгөөч, өрөө өгөөч. Үндсэн төлбөрөө өгөхгүй бол алдангиа өг. Луйварчин минь ээ” гэх мэтээр олон нийтийн өмнө зээлдэгчээ улалзуулдаг. “Энэ ёстой муухай хүүхэн хүнээс авсан мөнгөө өгдөггүй. Зальтай хүүхэн” гэх мэтээр ярьж, цуу тараагаад эхэлдэг. Дарамтлуулсан хүн ичээд лангуугаа хаагаад яваад өгдөг. Хаасан лангуунаас орлого олохгүй учир хүнд байдлаас гарахын тулд дараагийн хүнд хандаж зээл авдаг.
-Өндөр хүүтэй зээлээ төлөхгүй байвал яах вэ?
-За тэгээд мөнгөө төлөхгүй явсаар цагдаагаар дамжаад шүүхэд очдог. Шүүхийн шийдвэрийнхэн “Чи хүний юмыг авчихаад өгөөч, одоо өг, өгөхгүй бол тэрийгээ хураалга, энийгээ хураалга” гэж дарамталдаг. Шүүхийн шийдвэрийнхэн улаан цагаан ингэж доромжлох байгаа шалтгаан нь шийдвэр гүйцэтгэлээс орсон мөнгөнөөс урамшууллын 10 хувь авч байгаатай холбоотой. Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нарын санаачилсан энэ хууль эмзэг иргэдийг доромжлох нөхцөлийг бүрдүүлсэн. Зээлээ төлөхгүй бол нөхрийн чинь цалингаас авна. Нөхрийн чинь дарга дээр очиж хэлнэ” гэх мэтээр дарамтлан гэр бүлийн хүчирхийлэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг нь хамгийн аймар.
-Үнэхээр их дарамталдаг юм байна?
-Үүнээс болоод гэр бүл хүчирхийлэлд өртөж, айл гэрийн амьдрал орвонгоороо эргэж сүйрч байна. “Өдрийн зээл”-ээс болоод “Хархорин” зах дээр наймаа эрхэлдэг 20 настай бүсгүй амиа хорлосон тохиолдол гарсан. Хүчирхийлэлд өртөөд хадам ээждээ хөөгдөөд тулгар биетэй бүсгүй зулбасан тохиолдол гарсан. Худалдаачиддаа сануулж хэлэхэд, энэ зээлийг битгий аваач ээ. Нэг л авсан бол яг л хар тамхи шиг эргэж гарах боломжгүй.
Тэрбээр ийн ярьсан юм. Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны иргэн Н.Отгонцэцэг гэх 30 гаруй насны бүсгүй анх 500 мянган төгрөгийн “Өдрийн зээл” авч ахин дахин авсаар зургаахан сарын дотор 6-7 зээлдэгчид нийтдээ 80 гаруй сая төгрөгийн өрөнд орж, өнөө маргаашгүй шоронд орох дээрээ тулсан талаараа ярьсан юм. Бүсгүй ТҮЦ ажиллуулж байхдаа нэг сарын дотор 1.1 сая төгрөгөөр торгуулсан нь зээл авах шалтгаан болсон бөгөөд анхны зээлийн хүүгээс хүү бодогдон өсч яах ийхийн зуургүй 80 сая гаруй төгрөг болчихжээ. “Өдрийн зээл” гэгч мөнгө хүүлэлтээс болж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байгаагаа тэрбээр хэлсэн юм.
“Өнөөдөр яана аа” гэсэн хүмүүс их байна
“Өдрийн зээл” гэгчийг хэн хэрхэн гаргадаг талаар судлахад хувь хүмүүсийн сүлжээнээс хальж ББСБ-ууд 20 хувийн хүүтэй зээл гаргаж эхэлсэн талаар эх сурвалжууд хэлсэн юм. Түүний хэлснээр “Найман шарга”-ын ББСБ-ууд тэр чигээрээ 10-30 хувийн хүүтэй “Өдрийн зээл” гаргаж байгаа аж. “Өдрийн зээл”-ийн дарамт худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хэрхэн өрийн дарамтад оруулсныг бататгахаар “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.
“Бөмбөгөр” худалдааны төв ажлын өдөр болоод ч тэр үү худалдан авагч үйлчлүүлэгчид сэлүүхэн, зарим лангуу түрээслэгчгүй хоосон цэлийж харагдсан юм. Бид хаалгаар ороод зүүн гар талд байрлах жижиглэнгийн худалдаа эрхлэгчтэй уулзаж “Өдрийн зээл”-ийн талаар тодруулахад шанх нь цайж бууралтсан үсээ хойш илсэн хижээл насны эр “Тэр дэмий юмаар яах гэсэн юм” хэмээн ширэв татав. Цааш явсаар дотуур хувцас, оймс зардаг эгнээгээр орж үйлчлүүлэгчгүй лангууны дэргэд хөзөрдөж буй дөрвөн залуугаас “Өдрийн зээл”-ийн талаар асуухад “Аймаар өндөр хүүтэй. Энэ хавиар “Өдрийн зээл”-тэй олон хүн байгаа. Тэдний нүүрний арьс хамар дээрээ овоорчихсон, өнөөдөр яана аа гэсэн хүмүүс байдаг” хэмээсэн юм. Жижиг худалдаа эрхлэгчид зээл авч Эрээнээс бараагаа татдаг. Нэг явахдаа их хэмжээгээр татаж чадахгүй размер сонголтын л бараатай ирдэг. Зээл авсны маргаашаас л тодорхой хэмжээнд тогтмол төлөлтийн мөнгө хийхгүй бол дарамтад ордгоо ярьж байсан юм.
Жижиглэнгийн худалдаа эрхлэгч саравчтай малгай өмсч, маск зүүсэн 50 орчим насны эмэгтэй “Нэг хүн зээлээ гаргаад төлөлтийг хэсэг хугацаанд хийлгээд явдаг. Зээлээ төлж дийлэхээ болингуут өөр нэг зээлдэгчийг санал болгодог. Би чамайг хэлээд өгье. Чи зээл авч миний мөнгийг гаргаж өгчихөөд барааны эргэлтийн мөнгө нэмээд авчихгүй юу гэж хуураад дараагийн хүнээс зээл авахуулдаг сүлжээ байдаг” гэж байв. Зээлээ төлж чадаагүй, өөрийнх нь санал болгосон хүнээс мөнгө зээлээгүй бол цахим орчинд элдвээр хараан доромжлох нэр зургийнх нь доор элдэв сэтгэгдэл бичих зэргээр гутаан доромжилж, сэтгэл санааны дарамтад өртүүлж, гэр бүлийн хүмүүстэй нь холбогдох үр хүүхдүүдийг нь ичээх зэргээр байхын аргагүй болгодог талаар бидэнтэй уулзсан зээлдэгчид, өдрийн зээлийн хохирогчид ярьж байлаа.
Бид ЦЕГ-ын “Хэвлэл мэдээллийн төв”-ийн дарга Б.Баатархүүтэй холбогдон “Өдрийн зээл”-ийн талаар гомдол мэдүүлсэн, залилан мэхлүүлсэн хохирогч хэр их байдаг талаар тодруулахад “Иргэд хоорондоо мөнгө зээлэхийг хуулиар хориглосон байдаг. Энэ асуудал их түвэгтэй. Цагдаагийн байгууллагад ирсэн өргөдлийг шалгаад иргэний хэрэг харьяалах шүүхийн байгууллагад шилжүүлдэг. Хүний анхаарал татахуйц гомдол мэдээлэл ирээгүй. Баянзүрх дүүрэгт энэ төрлийн гэмт хэрэг ганц хоёр бүртгэгдсэн байдаг” гэсэн юм. ШШГЕГ-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр “Өдрийн зээл”-ийн гомдолтой иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулдаг талаар ШШГЕГ-ын Мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга, ахлах дэслэгч П.Хадбаатараас тодруулахад “Өдрийн зээл” манайд ирж байгаа. Процесс нь гэвэл мөнгөө төлж байсан улсууд төлж чадахаа болиод эхлэнгүүт шүүхэд өгчихдөг. Шүүхэд өгөнгүүтээ их хэмжээний мөнгө нэхдэг. Өдөр болгон мөнгөө хүүтэйгээ авч явж байсан хирнээ их хэмжээний мөнгө нэхээд түүнээсээ мөнгө буулгадаг. Сая төгрөг зээлээд өдөрт 10 мянган төгрөг аваад 100 хоног болоход сая, хоёр сая болно. Өдөр болгон мөнгөө өгч чадахаа болингуут нь үндсэн мөнгө болон хүүгээ бодоод их хэмжээний мөнгийг шүүхийн журмаар нэхдэг. Зээл авсан хүн үндсэн зээлээ төлчихсөн байхад дээрээс нь нэмээд мөнгө нэхдэг. Үүнд жижиг дунд худалдаа эрхлэгчид, гудамжны жижиглэнгийн юм зардаг хүмүүс олноор өртдөг. Ийм хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс эрх зүйн мэдлэг багатай байдаг. Үүнийг нь далимдуулаад их хэмжээний мөнгө нэхэнгүүт их хэмжээний мөнгө төлөх юм байна гэж ойлгоод шүүхэд очдог. Очингуут нь тодорхой хэмжээний мөнгө буулгадаг. Хоёр сая төгрөг нэхэж байснаа сая болтол буулгачихаар 50 хувь хямдарчихлаа гэж буруу ойлгож баярлаад шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Бусдын башир аргад итгэж шүүхээр эвлэрсэн хүнд цааш давж заалдах эрх байдаггүй. “Өдрийн зээл” өгч байгаа хүмүүсийн чиглэж байгаа бүлэг нь орлогын төвшин нь дундаас доогуур, өдөрт 20 мянган төгрөг олоод хоёр мянгаар нь хоол авч иддэг, маш бага ашигтай наймаа хийдэг хүмүүс байдаг. Мөнгө хүүлэлтийг журамлахгүй бол хэцүү байна” гэсэн юм. “Өдрийн зээл”-ийн улмаас өрөнд баригдсан хүмүүсийн дийлэнх нь “Баянзүрх”, “100 айл”, “Наран туул”, “Барс”, “Хүчит шонхор” зэрэг захын жижиглэн худалдаа эрхлэгчид байдаг аж.