Төрийн албан хаагчид бие бие рүүгээ таван секундээс дээш хугацаагаар ширтвэл шийтгүүлэх тухай яриа засаг төрийн түвшинд яригдаж байна. Цэцийн даргын тавьтаргүйтлээс болж байгаа юм гэнэ. Өгзөг хөхөнд хүрэх нь бүү хэл удаанаар ширтэхэд торгуульдаг болох нь. Одоо тэгэхээр торгуулахгүй, шийтгүүлэхгүй байх гарц хайж олох хэрэгтэй боллоо. Дөрвөн секундээр хоёр удаа ч юм уу, бүр хармаар санагдаад байвал гурван секундээр 30 удаа “орсон” ч болж байна.
Харин тэр хугацааг хэн хянах нь тодорхойгүй байгааг тодорхой зааж өгөх хэрэгтэй шүү. Байгууллага бүр нэг мэргэжилтэн нэмж авах ч юм уу, тусгай арга ажиллагаатай, сэргэлэн хүн байх шаардлагатай. Тэр мэргэжилтэн нь өрөө бүрээр явж яршиг төвөг удахаасаа өмнө газар, хэлтэс, байгууллага дотроо хоорондоо жоготой, но-той байж магадгүй хүмүүсийг тагнаж, камер тавьж баталгаажуулахгүй бол гүтгэсэн доромжилсон хэрэг мандах учраас маш болгоомжтой ажиллах хэрэгтэйг хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарьт нь сайн тусгах нь зүйн хэрэг.
Бид дэлхийн жишигт хүрэх нь ээ. Франц улс саяхан бэлгийн эрх чөлөө, бэлгийн дарамтын тухай хуульдаа өөрчлөлт оруулах гээд удаан хугацаагаар ширтвэл 750 еврогоор торгоно гэж хэсэг үзээд чадалгүй сүүлдээ удаан ширтвэл биш удаан инээмсэглэвэл гэж өөрчлөөд ч нэмэр болоогүй гэнэ билээ.
Тэд ч угийн янаглал, амраглалын дээд төвшинд хүрсэн үндэстнүүд болохоор тэр зэргийн ширтэлт, инээмсэглэлийг хуульчлаад хэрэггүй гэж үзээ биз. Монголчууд бол арай л өөр. “Хүүрээ хүүрээ” гээд л хайрлаж дурлацгаагаад хамтдаа хорь, гуч, дөч, тавин жил амьдарчихдаг, “хатуу журам”-тай тул гэр бүлийн харилцаанд сэв сууж мэднэ гээд таван секундын хуультай болохгүй л бол бүтэхгүй.
Хууль санаачлагчид таван секундын хуульдаа ширтэхийг маш нарийвчлалтайгаар ялгаж салгаж оруулахгүй бол хуулиа сахиулахад хүндрэл учирна. Жишээ нь, хөх рүү ширтвэл яах вэ, өгзөг рүү хараад байвал яах вэ, нүд рүү гөлрөөд байвал яах юм. Хар нүдний шил, харааны шилтэй бол яаж мэдрэх, эрэгтэйчүүд нэг нэгэн рүүгээ харц шидвэл яаж шийтгэх гээд маш нарийн ялгаж салгамаар байгаа юм. Харах эрх чөлөө нь хэвээрээ ч сайхны өмнө харц буруугүй, сайхан төрсөн нь миний буруу юу гэх мэтийн холбоос үгүүдийг хэрэглэхийг тас хориглох хэрэгтэй.