ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоккейн талбайгаас кино урлагт урвасан зам

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-11-11

Хүмүүний зүрх сэтгэлийн торгон утсыг хөндөж чадсан маш олон эшлэлийг тэр хэлсэн байдаг. Гэхдээ “Уй гашуу хэлбэрээ өөрчилдөг ч, хэзээ ч дуусдаггүй” гэх үг нь түүнийг, түүний амьдралын түүхийг бүрнээ тодорхойлсон мэт санагдана. Тэрбээр эдүгээ хэдийнэ 55 нас хүрчээ. Монголд бол энэ нас аль хэдийнэ гэрлэж, ач гучынхаа зулайг үнэрлэх үе. Гэсэн ч, тэр өнөөдрийг хүртэл ганц бие амьдарсан бөгөөд саяхнаас л үерхэж эхэлсэн нь яг одоо шоу ертөнцөд дуулиан тарьж буй. Тэр бусад одод шиг тансаг машин хөлөглөж, арал эзэмшиж, ганган хувцаслаж, сайхан бүсгүйчүүдийг бээлий шигээ сольж байсангүй. Харин өөрийн ертөнцдөө даруухан амьдарч  явна. Түүнийг гунигт Киану Ривз гэж тодорхойлох нь ч бий. 51 насныхаа төрсөн өдрийн баярыг гудамжны сандал дээр суун, аяган кэкс, нэг аяга кофе худалдан авч тэмдэглэсэн нь бараг л энэ тодорхойлолтод дөхөж очсон мэт. “Матрикс”, “Нуурын эргийн байшин”, “Мөрөөдлийн арваннэгдүгээр сар”, “Хурд”, “14 самурай”, “Давалгаан дээр” зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ манай үзэгчдийн сэтгэлд хоногшиж чадсан Киану Ривзийн даруу амьдрал, гунигт төрх нь түүний туулсан хүнд хэцүү цаг хугацаатай холбоотой ажээ. 

Хамгийн сүүлд 13 настайдаа аавтайгаа уулзжээ

Тэрбээр 1964 оны есдүгээр сарын 2-нд Ливаны нийслэл Бейрут хотод төржээ. Бейрутын шөнийн цэнгээний газрын бүжигчин бүсгүй хиппи залуу хоёр анхны хүүхдээ Киану Ривз хэмээн нэрлэсэн гэдэг. Киану гэдэг нь Хавай хэлээр “уулын сэрүүн салхи” гэсэн утгатай гэнэ. Хоёр жилийн дараа тэд Ким хэмээх охинтой болжээ. Гэсэн ч, тэдний амьдрал бүтэлтэй байсангүй. Хоёр хүүхдийн эцэг болсон Самюэл Ривз хар тамхинд донтож, эхнэр хүүхдээ хаяжээ. Тэр одоо ч төрсөн эцгээ уучлаагүй. Төрсөн эцэг нь удалгүй өөр бүсгүйтэй гэрлэжээ. Тухайн үед Ривз гурван настай байсан бөгөөд зургаан нас хүртлээ энэ талаар мэдээгүй байсан аж. Харин эцэгтэйгээ хамгийн сүүлчийн удаа 13 настайдаа л уулзаж байв. Ааваас нь 1966 онд салсаны дараа ээж нь түүнийг дүүгийнх нь хамт дагуулан Австралид суурьшиж, тэд Канад, Америк гэх мэтээр дэлхийн нэг өнц­гөөс нөгөө рүү нүүн амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд гурван ч хойд эцгийн нүүр үзсэн аж. 1966 онд Сиднейд нүүн очиж, дараа нь Нью-Йорк руу нүүсэн бөгөөд 1970 онд ээж нь Паул Аарон гэх Бродвэй, Холливудын найруулагчтай гэрлэжээ. Ривз тэгэхэд 15 насандаа хойд эцгийнхээ туслахаар ажилладаг байсан гэдэг. Дараа нь тэднийх Канад руу нүүсэн бөгөөд удалгүй ээж нь найруулагч нөхрөөсөө салжээ. 

Хоккейн талбайн “хана”

Тэрбээр ахлах сургуульдаа тийм ч томоотой нэгэн биш байсан бөгөөд таван жилийн дотор дөрвөн сургуулиас хөөгдөж байжээ. Гэхдээ хоккей сайн тоглодог байсан учраас Киану Ривз ирээдүйд мэргэжлийн тоглогч болохыг хүсдэг байсан ч гэмтлийн улмаас мөрөөдлөө орхисон байна.

Дунд сургуульд байхдаа тэрбээр хоккейн талбайд хаалгач хийдэг байсан гэнэ. Тиймээс ч үеийнхэн дундаа “хана” гэх хочтой байжээ. Сурлагадаа тун тааруу, ганцхан хичээлд дуртай бөгөөд бүхнээс илүү хийдэг нь уран зохиол. Нэн ялангуяа яруу найргийг ихээр сонирхдог байв.

Хоккей тоглож байгаад гоё бөмбөг оруулсныхаа дараа Шекспирийн баатруудын монолог гацалгүй уншиж орхидог байсан гэж түүний багын найзууд ярьдаг. Кианугийн хоккейчин болох мөрөөдөл нь замхарсан ч урлаг, утга зохиолын сонирхлоо орхиогүй ажээ. Киану ахлах ангиа төгсөлгүй сургуулиа хаясан аж. Тэрбээр ажил хийхийнхээ хажуугаар жүжигчний уран чадварын курсэд суралцаж эхэлсэн байна. Ингээд анхны дүрээ авах хүртлээ маш олон ажил сольсон. Дэлгүүрт худалдагч, итали ресторанд тогооч, таксины жолооч гээд түүнд хийж үзээгүй ажил гэж бараг үгүй.

Хэдий “Хурд” кино Киануг олонд таниулсан ч түүний уран бүтээлийг судлаачид “Матрикс”-аас өмнө болон “Матрикс”-аас хойш гэж хоёр үед хуваадаг. Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “Матрикс” киноны дараа түүний шүтэн бишрэгчид хэдэн зуун дахин магадгүй хэдэн мянга дахин өссөн ч тухайн киноноос өмнө бүтээж байсан дүрүүд нь түүний жүжигчний авьяасыг илүү олон талаас нь харуулж байсан билээ.

“Билл Тэд хоёрын адал явдал” хэмээх кинонд бүтээсэн хөгжилтэй, бодож санах юмгүй хөнгөн хийсвэр залуугийн дүр Ривзийг яг л баатрынх нь дүр төрхөөр олон жил төсөөлж магадгүй байсан. Гэсэн ч тэрхүү хандлагыг дараа дараагийнхаа бүтээлээр үгүйсгэсэн юм. “Давлагаа”, “Брэм Стокерын Дракула”, “Хурд”, “Бяцхан Будда”, “Чөтгөр шулмын өмгөөлөгч”, “Миннесотаг мэдрэхэд” зэрэг олон киноны дүр болгон нь үзэгчдийг огт танихгүй цоо шинэ Ривзийг нээхэд хүргэж байлаа.

Гэрлээгүй нь түүний дурсамжтай холбоотой

Киану Ривз 55 нас хүртлээ гэрлээгүй бөгөөд бас хүүхэдгүй. Саяхнаас л найз бүсгүйтэй болсон гэдгийг эхэнд дурьдсан билээ.  Энэ нь түүний амьдралд тохиолдсон эмгэнэлтэй явдалтай холбоотой аж. Киану залуудаа Женнифер Сиам хэмээх бүсгүйд чин сэтгэлээсээ хайртай байсан юм.

Тэд хүүхэдтэй болж, үрээ хорвоод мэндлэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Гэтэл Женнифер амьгүй охин тээж байгаа нь шинжилгээгээр тогтоогджээ. Үүний дараа Женнифер мэдрэлийн гүн хямралд орж, сэтгэл зүйн эмчид хандсан юм.

Энэ явдлаас хойш жилийн дараа Кианугийн хайртай бүсгүй авто ослоор нас барсан. Ривз хайртай бүсгүйнхээ шарилыг хорвоод мэндлээгүй охиныхоо шарилын дэргэд байрлуулсан гэдэг. Женнифер амьд байж, бидний охин энэ хорвоод мэндэлсэн бол амьдрал ямар байх байсан бол гэж үргэлж төсөөлдөг гэж Киану нэгэн удаа хэлж байжээ. Харин 2016 онд түүний маш том ярилцлага нийтлэгдэж дуулиан тарьж байв. Учир нь тэр ярилцлагадаа “Би одоо 52 настай. Эцэг болоход хэтэрхий оройтжээ. Бүх зүйл дууссан” хэмээн хариулж байлаа. 

Мөнгө чухал биш

Холливудын зарим жүжигчдийн хэлснээр Киану хэтэрхий харгис гэж үзсэн дүрд хичнээн хэмжээний мөнгө төлсөн ч татгалздаг гэнэ.  Тэрбээр сайн киноны төлөө өөрийнхөө хөлснөөс өгөхөд ч бэлэн байдаг. “Чөтгөрийн өмгөөлөгч” кинонд Аль Пачиног тоглуулахын тулд өөрийн хоёр сая ам.долларыг түүнд өгчээ. Кианугийн хайртай, охин дүү Ким цусны хорт хавдар тусдаг. Дүүгийнхээ эмчилгээ болон цусны хорт хавдрын эсрэг санд тэрбээр “Матрикс” киноноос олсон мөнгөнийхөө ихэнхийг нь хандивласан юм. Өөрийн уран бүтээлээс олсон орлогоо кино багийнхандаа өгдөг ба хорт хавдрын эсрэг судалгаа, амьтны эрхийг хамгаалах сангуудад хандивладаг аж. Мөн “Matrix” цувралаасаа олсон нийт 114 сая ам.долларын 80 саяыг нь иноны тусгай эффектийн багтаа өгсөн байна. Түүний нийт хөрөнгө нь ойролцоогоор 300 сая ам.долларт хүрдэг боловч тэрбээр маш энгийн амьдралын хэв маягтай билээ. Киану Ривз нь ихэвчлэн нийтийн тээвэр, метрогоор зорчдог бөгөөд хүмүүст суудал тавьж өгөхдөө маш таатай ханддаг гэнэ. Тэр бусдад ихийг зориулж, харин өөрөө энгийн оршдог.