Увс нутгийнхан “Увс нуур” дуундаа хөшөө босгож, Хяргас нуурынхаа хөвөөнд босгож гэнэ. Сайхан санаа байна. Юм бүрийн анхдагч Булганчууд эхэлж “Булган хангай уул” дуундаа хөшөө босгочихгүй баларсан юм болж. Нутгаас нь төрөн гарсан мөнгөлөг улстөрчдөд сонгуулийн өмнөх аятайхан пиар ч болж мэдэх юм. Завханчууд “Завхан гол”-доо, Сэлэнгэчүүд “Өргөн Сэлэнгэ”-дээ, Ховдчууд “Буянт гол”-доо, Говь-Алтайчууд “Зулай цагаан Алтай”-даа, Хэнтийчүүд “Дөлгөөн Хэрлэн”-дээ, Дорноговьчууд “Тал нутгийн дуу”-ндаа, Дундговийнхон “Говь сайхан нутаг”-таа, Өмнөговийнхон “Тэмээн сүргийн говь”-доо, Баянхонгорынхон “Хонгор нутгийн түмэндээ”-дээ, Архангайнхан “Хангайн дуу”-ндаа, Өвөрхангайнхан “Арвайхээрийн тал”-даа, Дорнодынхон Сүхбаатарынхантай зад үзэлцэж байгаад “Наран мандах нутаг”-аа авч чадвал тэрүүндээ, чадахгүй бол “Алтаргана”-даа, Баян-Өлгийнхөн “Актама” дуундаа хөшөө босгож, нутаг нутгийнхаа шүтээн уул, усныхаа дэргэд байршуулбал ямар вэ.
Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч тустай. Гадаадын жуулчдыг дагуулж яваад бүгдийг нь үзүүлчихнэ. Нэг хөшөө босгоход хөөрхөн хэдэн төгрөг орно. Тэрийг тойргийнх нь гишүүд ивээн тэтгэчихнэ. Нэр хүндэд нь ч хэрэгтэй. Сонгууль болох гэж байхад цаадуул чинь уухайн тас дэмжинэ. Хөшөөний буланд нэрийг нь сийлж, мөнхжүүлнэ гэчихвэл бүр догь. Нэг аймагт арваад морины хөшөө сүндэрлэж, аймаг бүр угтах хаалганд хөрөнгө гаргаад байгаа юм чинь дуу зэргийн хөшөө бол “үдийн будаа” биз дээ, айн. Тэртэй тэргүй бид чинь жалга довны үзлээр хүмүүжсэн, тэр хүмүүжилдээ ч үнэнч, тиймдээ ч танай, манай нутгийнх гэлцэхгүйгээр танилцана гэж үгүй. Дээрх аймгуудын сүлд дуу болтлоо “хөгжсөн” дууны нэрсийг буруу зөрүү бичсэн бол түмэнтээ өршөөгөөрэй. Юутай ч манай төвийнхөн бол “Миний нутгийн бараа”-гаа мөнхжүүлэхдээ таатай байх болно.
Нийслэлийнхэн бол ойлгомжтой. Улсын зүрх учраас “Халуун элгэн нутаг”-тайгаа. Балчир жаалууд “Маамуу нааш ир”-тайгаа болчихсон. Одоо дунд сургуулийнхан “18 нас”, оюутнууд “Оюутны намар”-таа гээд эмч, багш, онцгойгийнхон, даатгалынхан сүлд дуугаа мөнхжүүлэхийн тулд хандив цуглуулж, хөшөөг нь босгомоор байна. Дөчөөс дээш насныхан л эвгүй юм даа. Нэгэнт залууст ад үзэгдээд “заазлагдаад” эхэлчихсэнийг хэлэх үү, хөгшрөөд нутаг нугынхаа дуу, дуучныг “оруулчих” гээд маргалдах магадлал өндөр. Цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом авч өгснөөс дуулдаг дуундаа хөшөө босгосон нь дээр л дээ. Тоглоом эвдэрнэ, хөшөө үлдэнэ.