ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: Холерийн вакциныг манай улсад хийдэггүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-19

Кени улсын нийслэл Найроби хотод энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад оролцсон манай улсын 20 төлөөлөгчийн нэг нь холер өвчнөөр өвчилсөн юм. Кени улсад 2017 оноос хойш холер өвчний дэгдэлт гарч байгаа бөгөөд 2019 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,889 хүн өвчилж, 26 хүн нас баржээ.   Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

-Манай улсын  иргэн  холер өвчин туссан гэсэн мэдээлэл байна.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Кени улсын нийс­лэл Найроби хотод олон улсын хуралд оролц­сон төлөөлөгчийн бүрэл­дэхүү­ний нэг хүн өвдөж, эмнэлэгт хэвт­сэн. Тухайн эмэгтэйн биеийн байдал сайжирсан учир  удах­гүй эмнэлгээс гарна  гэдэг мэдээ­лэл авсан. Найроби хотод сүүлийн үед холер өвчний дэг­дэлт их гарч байгаа бөгөөд  өвч­лөл­тэй бүс учир үлдсэн 19 хүнийхээ эрүүл мэндэд ан­хаарч байна. Улмаар тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаж, эрүүл  мэн­дийн ажиглалт хийж байгаа юм. Эхний ээлжинд зургаан цагийн турш  ажигласны дараа шин­жил­гээ хийхэд эдгээр 19  хүн  эрүүл гэж гарсан. Гэхдээ тэд­гээр иргэдийг эмнэлгээс гар­гаагүй. Учир нь 72 цагийн хугацаанд ажиг­лах ёстой байдаг. Зур­гаан цагийн ажиглалтаар нян ургаагүй байх, мөн үүнийгээ батал­гаа­жуу­лахын тулд 72 цагийн турш ажигладаг. 

-Тэдгээр хүмүүс хэзээ эм­нэлгээс гарах вэ?

-Эдгээр хүмүүс өнөө­дөр өдрийн үед гарч эхэлнэ. Батал­гаа­жуулах шин­жил­гээ­гээр ха­сах буюу эрүүл  гарвал бүх хү­мүү­сээ  гаргана. Хэрвээ батал­гаа­жих шинжилгээ өөрч­лөлт­тэй гарвал эмчилгээ хийх юм. Энэ хугацаанд тэдгээр иргэдэд  биеийн  дархлаа сайжруулах амин дэм,  гэдэсний бүлгийн үйл ажиллагаа сайжруулах вита­мин, шаардлагатай хүмүүст нь дусал залгах маягаар арга хэм­жээ авч байна. Тэрнээс бол  ямар нэгэн эмчилгээний зүйл хийгээгүй.  

-Тухайн өвчтөн Монголдоо ирэхэд  мөн ийм арга хэмжээ авах уу? 

-Гурван удаагийн давтан шинжилгээ хийлгэж тодорхой хэм­жээ­ний сэргийлэлтийн  арга хэмжээ авах байх. Гэхдээ тухайн эмэгтэй ямар нэгэн нян байх­гүй гэсэн бичигтэй ирэх ёстой.

-Өмнө нь манай улсад  энэ өвчин хэдэн удаа бүртгэгдэж байсан бэ. Хорио тогтоож байсан санагдаж байна?

-Холер өвчин манай улсад гараад бай­даггүй, нутагшмал биш өвчин л дөө.  Анх 1996 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын иргэнд БНХАУ-аас зөөвөрлөгдөж орж ирснээс болж 178 хүн өвчилж, 12 хүн нас барж байсан. Үүнээс болж нийслэл хотод долоо хоногийн турш хатуу хөл хорионы дэглэм тогтоож байсан. 

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Клиникийн ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй ч гэсэн балархай хэлбэрээр өвдөж, виброн тээгч болдог. Энэ нь эрүүл байж байгаад  орчин  тойрныхоо хүмүүст халдвар тараадаг. Тиймээс дээрх 19  хүнийг  виброн тээгч  болохоос хамгаалах  арга хэмжээг  давхар авч байгаа юм.  

-Эмчилгээний тухайд?

-Холер өвчин маш хурц эхлээд, 3-5 хоногийн хугацаанд антибиотик эмчилгээнд бүрэн эдгэрдэг онцлогтой.  Энэ өвчнөөр  ямар ч хүн өвдөж болно. Гэдэсний халдварт өвчний нэг учир хил хязгааргүй шүү дээ.  Иргэд  өөрсдөө сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна. Наад зах нь л гэхэд  тухайн зорчих гэж буй оронд ямар өвчин түлхүү гардаг,  одоо  ямар өвчин дэгдэж байгааг судлах,  хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй.  Мөн гаднын оронд зорчихдоо эрүүл баталгаатай хоол хүнс хэрэглэх, гарын ариун цэвэр сахих, түүхий ус уухгүй байхыг анхааруулж байна. Холерийн вакциныг манай улсад хийдэггүй,  ДЭМБ-аас ч зөвлөдөггүй.