ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрд тоогдоогүй малчдын “зовлон”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-22

Өглөөнөөс үдэш хүртэл хоёр нарны хооронд мал дагаж, хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа малчдын хамгийн том айдас бол малын хулгай гэдгийг малчны хотонд төрж, хүн болсон эгэл ардын хүүхэд учраас сайн мэдэх билээ. Хүйтэнд даарч, халуунд халж насаараа зүтгэн өсгөсөн малыг нь нэг л өглөө сэрэхэд туугаад явчихсан байх тохиолдол хөдөөгийнхөнд нэг бус удаа бий. Нэг насны хөдөлмөр нь ганцхан шөнийн дотор салхинд хийсэн алга болж, харласан хот угтана гэдэг аймшигтай. Үдэш аргамжаад орхисон морь усанд хаясан чулуу мэт алга болж, аргамжааны гадас л үлдсэн байх тохиолдол хөдөөгийнхөнд байдаг л үзэгдэл болоод буй нь нууц биш. Учир нь жил ирэх тусам малын хулгай ихсэж, хулгайн сүлжээ бий болж, хил дамнуулан арилжаалах асуудал газар аваад буйг саарал ордны зөөлөн сандалд тухлаачид яахин мэдэх билээ.

Малын хулгай ихсээд байгаа шалтгаан бол хулгайн гэмт хэрэгт ногдуулж байгаа ялын бодлоготой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, малын хулгайчдад ногдуулж байгаа ял дэндүү чамлалтай байгаа юм. Тийм ч учраас жил ирэх тусам малын хулгай газар авч буй. 2018 оны статистик мэдээллээс харахад малын хулгай 89 хувиар өссөн байх жишээтэй. Амаржих дөхсөн эхнэрээ аваад сумын эмнэлэгт явсныг нь ашиглан саахалтын маань азарга адууг ганцхан шөнийн дотор аваад явихсан хулгайч ердөө жил зургаахан сарын ял сонссон тухай нутгийнхан ярьж байх. Холбоо харилцаа сайжирсны ачаар эрэл сурал болсоор адуугаа олоход долоог нь нядалсан байсан талаар саахалтын ах халаглан ярьж байсныг санаж байна. Азарга адуунаас нь шилж, эхийгээ хөхөж асан нялх унагыг нь хүртэл нядалж, гэдэс доторхыг нь бүтнээр гаргаж хаян хээрийн боохойн зэм шиг болгосон байсныг ч тэрбээр ярьж байсан юм. Гэтэл буянт малтай араатан шиг харьцаж, нэг хүний насны хөдөлмөрийг хоосолсон хулгайчид ердөө жил зургаахан сарын ял оноосон гэдэг юм билээ. Энэ бол зөвхөн миний мэдэх нэгхэн тохиолдол. Үүний цаана хэчнээн тохиолдол байгааг хэн ч мэдэхгүй.

Хөвсгөл аймгийн нэгэн суманд мал хулгайлсаар нутгийн түмэндээ “Боохой Д” гэдэг хочтой болсон хүн ч байдаг юм билээ. Айл саахалтынхаа малыг хулгайлсаар байгаад, нутгийнхан нь түүнийг хээрийн боохойтой зүйрлэж “Боохой Д” хоч өгсөн хэрэг. Хачирхалтай нь ийм нэр зүүтлээ мал хулгайлсан тэр хүн ял сонсох нь байтугай шүүхийн хаалга ч татаж үзээгүй шахам явж байгаа нь гайхмаар. Энэ бол малын хулгайчдын толгойг илж, өөгшүүлж байгаагийн тод жишээ. Азарга адуу хулгайлж зараад түрийвчээ түнтийлгэсэн хүнд жил зургаан сарын ял “үдийн будаа” санагдах нь аргагүй. Хулгайчдад ийм л сэтгэлгээг бий болгож байгаа учраас малын хулгайчид өглөөнөөс үдэш хүртэл хөдөлмөрлөсөн малчдыг бүтэн нойртой хонуулахгүй байгаа юм. Гэтэл энэ байдлыг өөрчилж, малын хулгайд ногдуулах ялын хэмжээг нэмэх тухай З.Нарантуяа тэргүүтэй нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслийг УИХ-ын чуулганаар “асуудал биш” гээд унагаж байх юм.  Монгол төр ингэтлээ сохорчихсон юм гэж үү. Эсвэл малчдын амьдрал төрийн түшээдэд хамаагүй хэрэг үү. Тэдэнд өглөө сэрэхэд нь хот нь харлаж, хамаг хөрөнгө нь үгүй болчихсон байх аюул байхгүй учраас үл тоож байна уу. УИХ-ын гишүүн З.Нарантуяа тэргүүтэй хэдхэн улстөрч төрийн бодлогын гадна орхигдсон энэ асуудлыг олж харж, хуулийн төсөл боловсруулсан боловч УИХ хүч түрэн унагаж орхив. Энэ хуулийн төслөөр бол нэг ишиг хулгайлсан байсан ч ял, шийтгэл авдаг байхаар хуульчилсан аж. Хэдхэн жилийн өмнө 10 мянган төгрөг хулгайлаад ял авч байсан ядарсан эмэгтэйг уншигч та санаж байгаа биз ээ. Гэтэл малын хулгайч нар бол харин найман бод, 25 богоос бага мал хулгайлсан бол тэнсэн харгалзах ял авдаг. Дэлгүүрт 10 мянган төгрөгөөр зарж байгаа бараа үнэт зүйл мөн байхад өдөр шөнөгүй хээрээр гэр хэцээр дэр хийж буй малчдын хөдөлмөр үнэгүй хэрэг үү. 

З.Нарантуяа гишүүний тайлбарлаж буйгаар бол уг хуулийн төслийн авторийг түүнтэй булаалдаж буй УИХ-ын гишүүн Х.Болорчулууны лоббигоор ийнхүү малчдын эрх ашгийг хамгаалсан хуулийг унагасан гэх. Ард түмний амьдрал, тэр дундаа малчдын зовлон төрийн түшээдийн улстөржилтийн бай болох ёсгүй. Тэд түмэн олныг төлөөлж төрд суугаагийн хувьд намчирхлаас илүү ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих үүрэгтэй. Гэтэл малчдын “шүдний өвчин” болсон малын хулгайн асуудлыг цэгцлэх маш чухал хуулийн төслийг намчирхлаас үүдэн хором ч эргэлзэж, тээнэгэлзэлгүй олонхийн бүлэг унагаж орхилоо. Хуулийн хэн санаачилсандаа бус хэр хэрэгтэй, үр дүнтэй хууль вэ гэдэг нь чухал байлтай. Гэтэл энэ хуулийн төслийг унагачихаад УИХ-ын дарга Х.Болорчулуун гишүүний өргөн барьсан хууль бий учраас энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэх тайлбарыг өгч байх юм. Гэтэл Х.Болорчулуун гишүүний өргөн барьж буй хууль нь зөвхөн хурдан удмын адууг хулгайлсан тохиолдолд ялыг нэмэгдүүлэх хууль гэдгийг З.Нарантуяа гишүүн учирлаж буй. Малын хулгай гэдэг зөвхөн хурдан удмын адуу биш гэдгийг эрхэм түшээд ойлгосон бол ийм шийдвэр гаргахгүй байсан болов уу.