Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал өчигдөр боллоо. Хурлын эхэнд үндэсний төлбөрийн Т карт EMV чипт шилжих гэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Энэ талаар Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар хэлэхдээ, “Монголбанкны зүгээс энэ сарын 10-ны өдөр Үндэсний төлбөрийн Т картыг чип технологи шилжүүлэхээр гадны мастер карт компанитай гэрээ байгууллаа. Монголбанкнаас 2012 оноос эхлэн үндэсний төлбөрийн Т картыг гаргаж зах зээлд нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 3.6 сая ширхэг карт хэрэглээнд байгаагаас 75.1 хувь буюу 2.7 сая ширхэг карт нь монгол банкнаас зөвшөөрөлтэй гаргадаг Т карт юм. Төлбөрийн Т карт нь анх соронзон туузаар гарч байсан бол сүүлийн үед картны хулгайгаас үүдэн дэлхий нийтээрээ чип технологи руу шилжиж эхэлсэн. Эхний чип карт ирэх оны хоёрдугаар улирлын сүүл гэхэд гарна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ. Хурлын дараа Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс зарим асуудлыг тодрууллаа.
-Төгрөгийн ханш сулрахад юу нөлөөлж байгаа вэ?
-Төгрөгийн ам.доллартой харьцах ханш оны эхнээс Монголбанкны зарласан ханшаас 2.5 хувиар суларсан. Оны эхнээс харьцангуй тогтвортой байсан ам.долларын ханш аравдугаар сар гарсаар чангарсан. Энэ нь саарал жагсаалтад орсноос үүдэн эдийн засагт томоохон дарамт үүсэх нь гэсэн яриа нийгэмд гарснаас шалтгаалан ханшд дарамт үүссэн. 2019 оны сүүлийн саруудад болон ирэх оны хувьд төлбөрийн тэнцэл таатай ашигтай гарах байх гэж найдаж байгаа. Монгол Улсын гол түүхий эдүүдийн экспорт үнэ болон экспортын хэмжээ нь таатай байгаа. Мөн ирэх онд Тавантолгойн IPO хийгдэх яриа, хэлэлцээр ахицтай яваа. Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрээд байгаа. Хэрэв ханш дээр огцом дарамт үүссэн тохиолдолд Монголбанкны зүгээс шийдвэрлэх нөөц бололцоо бүрдсэн гэж харж байна.
-Своп хэлцэл хийхээр явсан багийг урд хөрш хүлээж авсангүй гэх албан бус мэдээлэл бий. Своп хэлцлийг сунгах асуудал ямар шатанд явж байгаа вэ?
-Үндэслэлгүй мэдээлэл. Монголбанкны ерөнхийлөгч 2018 оны арваннэгдүгээр сард Хятадын ардын төв банкны ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтаар своп хэлцлийг 2020 онд дуусахад нь дахин гурван жилээр сунгах хүсэлт тавьж шийдвэрлэсэн байдаг. Улмаар Монголбанкны зүгээс Хятадын Ардын банктай гэрээ хэлцэл хийх ажил эхэлсэн.
-Капитал банканд ипотекийн зээл төлж байсан иргэдийг Улаанбаатар хотын банк руу зээлээ төл гээд шинэ гэрээ байгуулахгүйгээр данс руу нь мөнгө шилжүүл гэсэн байх юм. Үүнээс болж гэрээ хийхгүй бол мөнгө шилжүүлэхгүй гэж суусан хүмүүс чанаргүй зээлдэгчийн жагсаалтад орсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?
-Одоохондоо мэдээлэлгүй байгаа тул тодруулж асууя. Ерөнхийдөө нэгэнт зээл авсан бол тэр зээлийг монголын ипотекийн корпорациас шууд худалддаг. Дараа нь анх зээл олгосон банканд хүндрэл үүсвэл ипотекийн корпорац өөр нэг банктай гэрээ байгуулах замаар зээлийн үйлчилгээг олгодог. Иргэдийн хувьд анх ипотекийн гэрээ байгуулсан бол үйлчилгээ үзүүлэх банк солигдож байгаатай холбогдуулан дахин гэрээ байгуулах шаардлагагүй. Улаанбаатар хотын банкинд зээлээ хэвийн төлөөд явах ёстой. Гэхдээ үүнийг эргүүлж тодруулаад олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой бол мэдээлэл хийнэ.
-Монголбанкны ерөнхийлөгч солигдсоноор танай банкны баримтлах бодлогод өөрчлөлт орох уу?
-Монголбанкны сүүлийн гурван жил баримталж ирсэн жанжин шугамаа алдахгүй ажиллана. Тэр дундаа эдийн засгийн сэргэлтийг батжуулах, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн үндсэн үүргээ илүү үр дүнтэй хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. Шинэ ерөнхийлөгчийн хувьд ирэх жилийг гурван том солилттой нүүр тулна гэж харж байгаа. Монголбанкны удирдлага энэ гурван сорилтыг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэхэд чиглэсэн эрчимтэй арга хэмжээ авч ажиллахаар эхнээсээ ажлын хэсгүүд байгуулагдсан. Эхнийх нь ирэх оны тавдугаар сард олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаа дуусна. Энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж дуусгах нь Монгол Улсын ирээдүйд ашигтай. Тэр утгаараа энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд төв банкнаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Хоёрдугаарт ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусч байгаа саарал жагсаалтаас 2020 ондоо багтаж гарах ёстой. Гуравдугаарт ирэх оны долдугаар сард Монголбанк болон Хятад улсын ардын банктай гэрээ байгуулсан своп хэлцэл дуусна. Тиймээс гэрээгээ шинэчлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.