Энэ сарын 18-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү хөлбөмбөгийн хаалганы төмөрт дарагдаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач хүү хөлбөмбөг тоглох дуртай байсан бөгөөд тухайн үед хаалгач хийж байгаад золгүйгээр эндсэн аж. Уг харамсалтай хэрэг юуны улмаас, хэний буруугаас болсон асуудлыг сурвалжиллаа.
Биднийг хэрэг гарсан 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд очиход хөлбөмбөгийн талбайн хаалгыг цоожилсон боловч хэргийн газрыг хамгаалалтад аваагүй байлаа. 2013 онд Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалтаар хиймэл зүлэг бүхий биеийн тамирын талбайг бусад тоглоомын хамт барьж ашиглалтад оруулжээ.
Тус талбай нь 20 орчим метр өргөн, 80 гаруй метр урттай бөгөөд нурж унасан хаалга хоёр метр өндөр, дөрвөн метр урттай байв. Нурсан хаалганы төмрийг хэн нэгэн авч явсан байсан бөгөөд хиймэл зүлгэн дээр гурван хэсэг газарт цусны хатсан толбо үлдсэн байв. Унасан хаалганы хажууд элэгдэж муудаад, шалчийж хагарсан хөлбөмбөг байсан нь зүрх шимшрүүлж байлаа.
Талийгаачийн өсгөсөн ээж болох Т.Алтантуяатай утсаар холбогдож харамсалтай хэргийн талаар мэдээлэл өгөх боломжтой эсэхийг тодруулахад “Би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр байна. Та нар 79 дүгээр сургууль дээр хүлээж байгаарай. Би удахгүй яваад очъё” гэж хэлээд тун удалгүй ирсэн юм. Тэрбээр “Хүү минь дөнгөж тавдугаар ангиа төгссөн, сэргэлэн цовоо, хөлбөмбөгийн спортод дуртай хүүхэд байсан. Хамгийн сүүлд эмээтэйгээ хамт цайгаа уух үедээ “Ааваа маргааш надад тийм юм авч өгөөрэй” гэж хэлээд гарсан. Талбайд ирээд удалгүй осолдсон гэсэн. (уйлав) Бид аймшигт хэргийг дуулсан даруйдаа сургууль дээр ирэхэд сургуулийн захирал болон биеийн тамирын багш гэж хоёр хүн ирсэн байсан. Та нар энэ эвдэрхий хаалгаа яагаад засчихаагүй юм бэ гэхэд биеийн тамирын багш нь “Сургууль амарсан. Тэгээд ч 14 хоногийн өмнө хаалганы эвдэрхий хөлийг нь гагнуулсан” гэж хариулсан. Сургууль амарчихсан юм бол яагаад энэ талбай руу хүүхэд оруулж байгаа юм. Эвдэрхий хаалганаас чинь болоод олон хүүхэд гэмтэж бэртвэл яах юм гэхэд юу ч хэлээгүй” гэсэн юм.
Хэрэг гарах үед сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан 10 дугаар ангийн эрэгтэй сурагч А-гаас хэргийн талаар тодруулахад “Хөлбөмбөгийн хаалганы баруун хөл байхгүй байдаг байсан. Гэтэл хэд хоногийн өмнө хэн нэгэн гагнаж босгосон боловч дараахан нөгөө хөл нь байхгүй болчихсон байсан. Талийгаач хүү Х тухайн үед хаалгач хийж байсан гэсэн. Осол гарсан даруйд хамт тоглож байсан гурван хүүхдээс юу болсныг асуухад “Хаалганы дэргэд зогсож байсан 65-70 см өндөртэй 3-4 насны охин хаалганы арын тор руу жийхэд хөндлөвч төмөр нурж дарсан гэж хэлсэн. Миний харснаар бол тэр жаахан охин штанк төмрийг татах шиг л харагдсан. Гэхдээ тэр штанканд хальт хуруугаараа хүрэхэд л унадаг байсан” гэсэн юм. Талийгаачтай хамт тоглож байсан хүү “Энэ талбайд байнга тоглодог хүүхдүүд хөндлөвч төмөр байнга унадгийг мэддэг. Унахаар нь бид өөрсдөө босгож тавиад л тоглодог. Өмнө нь зөндөө унаж байсан боловч хүүхэд гэмтэж байгаагүй. Өчигдөр унах үед нь бид орилсон ч Х эргэж амжилгүй даруулчихсан” гэсэн юм.
Осол гарсан даруйд тоглоомын талбайд байсан хүүхдүүд 79 дүгээр сургуулийн чанх урд байдаг “Хүслэн-79” гэдэг хүнсний дэлгүүр рүү гүйн очиж худалдагч эмэгтэйгээр түргэн дуудуулжээ. Түргэнийхэн хэргийн газарт ирэхэд талийгаач Х их хэмжээний цус алдсаны улмаас амьсгал хураасан байсан аж. Гэрчийн хэлснээр хүүгийн толгой болон гуянаас их хэмжээний цус алдсан гэсэн юм. Хэрэг гарснаас хойш 79 дүгээр сургуулийн багш удирдлагууд талийгаачийн ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйгаагүй бөгөөд ядаж “Яаж байна. Ийж байна” хэмээн нэг ч удаа холбогдоогүй байна.
Бид 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнээс хөлбөмбөгийн талбайд болсон ослын талаар тодруулахад “Тиймэрхүү зүйл болсон. Баяртай үйл явдал болоогүй учраас өөр ярих зүйл алга. Нас барсан хүүгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй” гэв.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд ямар албан тушаалтны хариуцлагагүйн улмаас уг осол болсон нь удахгүй хууль хяналтын байгууллагаар тогтоогдох байх. Талийгаачийн авга эгч Т.Алтантуяа “Бид цагдаад хандсан байгаа. Шүүх эмнэлгийн хариу гарахаар хүүхдийн эрхийн байгууллагуудад хандана. Хөлбөмбөгний хаалганы өрөөсөн хөлийг 14 хоногийн өмнө гагнасан гэж тамирын багш нь хэлсэн боловч гагнасан төмөр нь байхгүй байгаа. Би энэ ослыг 100 хувь сургуулийн буруу гэж бодож байгаа. Гомдолтой байна. Үнэхээр гомдолтой байна” гэж хэлээд уйлсан юм.
Ташрамд дурдахад дэлхийн олон орнууд хүүхдийн аюулгүй байдлыг бодож хөлбөмбөгний хаалгыг хуванцараар сольсон байдаг аж.