УИХ-ын гишүүд ойрын үед бэлгэнд дарагдаад байгаа учраас “А” зан хөдлөөд болдоггүй ээ. Тэгээд гоё санал гаргамаар санагдлаа. Манай гишүүд уг нь өөрсдөө хүсдэггүй юм гэсэн. Гэтэл тэднийг эзгүй, бүр хуралдаа ч ирээгүй байхад ажлынх нь ширээн дээр албан хүчээр бэлэг тавьчихаад байгаа учраас аргагүйдээд авдаг гэж байна билээ.
Тухайлбал, сар гаруйн өмнө буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-өөр эмэгтэйчүүдийн холбооноос эрхэм гишүүдэд чихмэл тоглоом бэлэглэж байлаа. Уг нь холбооны тэргүүн нь бодохдоо охидын эрхийг улстөрчид хамгаалж, хууль баталж өгнө хэмээж “авлигадсан” байх. Гэтэл нөгөө хэд нь охиндоо, эсвэл ач зээдээ хүргэж өгөөд л хуулиа таг мартчихсан. Эсвэл хэн нэгнийх нь ухаан санаанд бодогдож яваа ч байж магадгүй.
Жудагтай нэг нь бол “чихмэл тоглоом өгсөн хариуг нь заавал барина даа” хэмээн бодож яваа гэж залбирцгааж л байя, хэдүүлээ. Бас хөлбөмбөгийн ДАШТ Бразил хотноо болох үед буюу 2014 онд нэг бүр нь 160 ам.долларын үнэ бүхий хөлбөмбөг бэлгэнд авч байсныг нь санаж байна. Азтай туучийнууд шүү, манай улстөрчид.
Гэхдээ тэдний оролцоо хаа байсан холын Бразилд болсон ДАШТ-д огтхон ч байгаагүй дээ. Тэр ч байтугай эх орондоо хөгжүүлэх гэж оролдож буй хөлбөмбөгийн спортын хөгжил дэвшилд ч анхаарсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тэгвэл, өнгөрөгч долоо хоногт Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтаж гишүүдийг энэ жилийн ургацын дээж болох багц тариан түрүү, мөн ойн баярын номоор “авлигадах” гэж оролдлоо. Энэ тариаланчид тун овсгоотой хүмүүс бололтой.
Бодвол ирэх 60 жилд газар тариалангаа дэмжүүлэх гэж л оролдож байгаа байх. Түүнээс биш өнгөрсөн 60 жилийн хугацаанд газар тариаланд оруулсан хувь нэмэр огтхон ч байхгүйг хүн бүхэн мэднэ. Ерөөс Төрийн ордон руу хэн нэгэн нь юу ч хамаагүй оруулж болдог юм бол цаашдаа тэмдэглэлт өдөр бүхнээр бэлэг өгдөг болох санал гаргамаар байна. Бэлэг авчихаараа гар нь тэнийж, хууль баталчихдаг нь үнэн юм бол ирэх сарын 01-нд болох Олон улсын ДОХ-той тэмцэх өдрөөр улстөрч бүхний ширээн дээр бэлгэвч оруулж тавимаар байна.
Төрийн ордны хамгаалалтын алба лав дэмжих байх. Хянадаг ч үгүй байх гэж бодож байгаа. Монгол Улсад 274 хүн ДОХ өвчнөөр өвчиллөө. Бүр нэг улстөрчийн нэр ч дуулдаад амжсаныг та бүхэн санаж л байгаа байх. Тиймээс энэхүү халдварт өвчний эсрэг дуу хоолойгоо нэгтгээч гэж гишүүдийгээ хамгаалдаг ганц зүйлээр нь “авлигадмаар” байх юм.
Замчид ч гэсэн ойн баярынхаа өдрөөр өгөх зүйл олдохгүй бол “замын хар”, эсвэл хайрга, дайрганаасаа гялгар уутанд хийгээд бэлэглэж болно. Та нарын бэлгийг хараад уярсандаа сэглэсэн замынхаа чанарт сэтгэл гаргах ч юм бил үү, хэн мэдлээ. Хүчирхийллийн өдрөөр л өгөх бэлэг олдохгүй хэцүүдэх нь дээ. Ямар заазуур, суран тэлээ оруулж тавилтай биш.
Хүчирхийллийн гол шалтгаан болж байгаа шил архиар бэлэг барилтай биш. Сэтгэцийн эрүүл мэндийн ойн баяраар мэдрэлийн эм бэлэглэж бас болно. Тэртээ, тэргүй талаас илүү хувь нь сэтгэл, мэдрэлийн хувьд цоо эрүүл гэж хэлэхэд хэцүү учраас ёстой нүдээ олсон бэлэг ч болох байх. Энэ мэтээр ахмадын ойн өдрөөр даралтны аппарат, хүүхдийн баяраар чихэр, печень, эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр цэцэг, набор, дарс гэх мэтээр улс нийтээрээ улстөрчдөө баярлуулаад байвал ядахдаа улсын мөнгө рүү гар дүрэхгүй сэтгэл хангалуун хуралдаа суух байх даа. Энэ бүх бэлэгний дараа эрхбиш “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэсэн энэрэнгүй сэтгэл тэдэнд төрж иргэндээ хэрэгтэй хууль батлах байлгүй дээ.