ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Авлига авах гэж байсан ч ялгүй авлига авсны дараа ч ялгүй

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-05-01

Өнгөрсөн баасан гарагт “Глоб интернэшнл” ТББ, “Бие даасан боловсрол хөгжлийн төв”, АТГ-аас хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага, сэтгүүлчдийн баримт материал цуглуулах, нягтлах арга зүйд нэвтэрсэн технологийн ололтуудын талаархи сонирхолтой сургалтыг явууллаа.

Уг сургалтад хамрагдаж сэтгүүл зүйд гарсан шинэлэг ололт амжилтуудтай танилцахын хажуугаар АТГ-ын Тамгын хэлтэс, Мөрдөн байцаах хэлтсийн ажилтнуудтай авлигатай тэмцэхэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлүүдийн талаар сэтгүүлчид илэн далангүй ярилцсан юм.

“Ажил хийхгүй байна”, “Авлигачдыг барихгүй байна” хэмээн шүүмжлүүлсээр ирсэн тус байгууллагынхны өмнө тулгамдаж буй асуудлыг сонсоход инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг олон зүйл байдаг аж.

Монгол Улсад АТГ шинээр байгуулагдсанаас хойш 11 жилийн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд уг байгууллага авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой олон мянган хэргийг илрүүлж, хянан шалгах хугацаандаа асар олон саад бэрхшээлүүдийг туулжээ.

Тэдний авлигатай тэмцэх ажилд хамгийн их саад тээг болж байсан асуудал нь эрх бүхий албан тушаалтан гэхээсээ илүүтэйгээр хууль, эрх зүйн баримт бичгийн дутуу хуумгай байдал голлон нөлөөлж байж. Авлигачид хуулийн хийдэл, цоорхойг сайтар судалж тухайн хуулиар ямар ч ял шийтгэлгүй үлдэх гарц гаргалгааг өнгөрсөн жилүүдэд олж, ял шийтгэлээс мултарсаар иржээ.

Тухайлбал, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд “Нэгэн төрийн байгууллагын албан тушаалтан бусдыг албаны эрх мэдлээ ашиглан хясан боогдуулж, авлига авах гэж байна” гэх баттай мэдээллийг авчээ. Ингээд хэргийн газарт яваад очтол авлига авах гэж буй албан тушаалтан нь шилэн хаалганы цаанаас таван хуруугаа гозойлгоод авчирсан уу хэмээн асууж байна гэнэ. Өгөх гэж буй этгээд нь таван сая төгрөгөө дугтуйлаад барьчихсан авчирсан хэмээн толгой дохиж байжээ. Тэгтэл АТГ-ын мөрдөгчид дайрч ороод гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь эд мөрийн нотлох баримттайгаар баривчлан холбогдох хяналт шалгалтыг хийж шүүхэд шилжүүлсэн байна.

Албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдыг хясан боогдуулах замаар авлига авахыг санаархсан этгээдэд анхан шатны шүүхээс зохих ял шийтгэлийг оноосон боловч, давж заалдах шатны шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт этгээдийг цагаатган суллажээ.

Эрүүгийн хуулийн (2002) 263 дугаар зүйлд “албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” бол гэх “өнгөрсөн цаг” заасан заалт байжээ. Тэгтэл АТГ-ынхан авлигач нөхрийг авлигын мөнгөө гардан авахаас өмнө нь баривчилсан учраас уг хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг шүүх гаргажээ. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэдэг заалтаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр яах аргагүй зөв болж таарчээ.

Авлига авч буй албан тушаалтныг тухайн мөнгөө гардаж авахаас нь өмнө баривчилбал ямар ч ял шийтгэлгүй үлддэгийг нэгэнт мэдсэн учраас АТГ-ынхан дараагийн удаад өөр нэг авлигач нөхрийн үйлдэж буй авлига, албан тушаалын гэмт хэргийг тэвчээртэй ажиглан хүлээж байгаад мөнгөө гардан авсан даруйд нь мөн эд мөрийн баримттайгаар баривчилжээ.

Тухайн авлигачид анхан шатны шүүхээс ял шийтгэл оноосон боловч давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаад сулласан байна. Яагаад ийм зүйл болов гээд судлаад үзтэл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд “Мөрдөгч гэмт хэрэг гарах гэж байна гэсэн мэдээллийг авсан бол нэн даруй таслан зогсоох үүрэгтэй” гэдэг заалт байж таарч. “Та нар авлигын гэмт хэрэг үйлдэгдэх гэж буйг мэдсэн атлаа таслан зогсоогоогүй. Харин ч уг хэргийг туйлд нь хүргэсэн байна” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгоод зогсохгүй, АТГ-ынхан өөрсдөө буруутан болж хувирч байсан аж.

Монгол Улсад төрөөс тэрбумтан төрдөг хоёр зүйл байсны нэг нь “тендер”, нөгөөх нь “албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдыг хясан боогдуулах замаар авлига авдаг” нөхдүүд байдаг аж. Тендерийг сонгон шалгаруулдаг этгээдүүд 2006-2008 оныг хүртэл бусдаас авлига аваад тухайн этгээдээ тендерт шалгаруулахын тулд хууль бус зүйлийг хийдэг байж.

Ингээд тухайн хэрэг нь илрээд шалгагдаад эхлэнгүүт 2008 оноос хойш тендерээ шударгаар явуулж, сонгон шалгаруулалтаа хийгээд шалгарсан этгээдээс хахууль өгөхийг шаарддаг болжээ. Чи надад хахууль өгөхгүй бол бид чамтай гэрээ хийхгүй хэмээн хясан боодог болж. Шалгарсан компани нь тухайн авлигачийг АТГ-т мэдүүлэх гэхээр “Эрүүгийн хуульд байсан авлига өгсөн гэдгээ өөрсдөө хүлээсэн хувь хүн, аж ахуй нэгжийг ял шийтгэлээс чөлөөлнө” гэдэг заалтыг нь хууль батлагчид хулгайгаар хасаад хаячихсан байжээ. Ингээд арга буюу “өгөх ёстой зүйлийг нь өгч” тендерийн санхүүжилтээ авдаг болсон байна.

“Авлига албан тушаалтныг барьж шийтгэх хуулийн заалтаа эргүүлээд оруулж өгөөч ээ” гэдэг хүсэлт тавихаар нөгөө заалтыг нь УИХ дуртай дургүй оруулсан болонгуутаа тайлбарыг нь хийлгүй орхичихсон байна. Үүнээс үүдэн тус заалтыг ашиглах боломжгүй болж, авлигачид ял завшсаар иржээ.

“Нэгэн агентлагийн дарга төсвийн мөнгөөр хуучин машин авлаа” гэдэг мэдээлэл АТГ-т иржээ. Очоод шалгаад үзтэл тухайн байгууллагын дарга нь зах зээлд 20 сая төгрөгийн үнэлгээтэй хуучин машинаа 40 сая төгрөгөөр өөрийнхөө байгууллагад зарсан нь тогтоогдсон байна. Улмаар “төрд их хэмжээний хохирол учрууллаа” хэмээн шүүхэд шилжүүлэхээр тухайн байгууллагын ажилтан нь хохирогчоор томилогдож шүүхэд “Манай байгууллагад хохирол байхгүй. Харин ч манай байгууллага машингүй байхад нь манай дарга машинтай болгосон шүү” гэж хэлээд ялгүй өнгөрүүлсэн байна. Төрийн мөнгөнөөс зүй бусаар завшчихаад “хэн ч хохироогүй, төрд учирсан бодит хохирол байхгүй” гэдэг муухай зүйлээр хэргээ ацаглаж, ял завшдаг жишиг манай улсад тогтжээ.
Төсвийн хөрөнгөөр авч буй бараа хамгийн үнэтэй атлаа хамгийн чанаргүй байдаг.

Эргүүлээд зарах болохоор хамгийн хямдхан, хамгийн хэрэггүй зүйл болдог жишиг манай улсад байсаар байгаа. Монгол Улсын нэгэн сайд тухайн яамнаас олгодог яамны жуух бичгийн үнэмлэх, тэмдгийн 10 жилийн хэрэгцээг нэг удаагийн худалдан авалтаар бүрдүүлсэн байжээ. Тухайн сайд 10 жил өөрийгөө сайд байна гэж бодсон уу, эсвэл 10 жил тухайн яамных нь нэр өөрчлөгдөхгүй гэж бодсон уу аль нь болохыг мэдэхгүй ч 10 жилд тараах хэмжээний шагналын нөөцийг бүрдүүлсэн байжээ.

Тэгээд сайдаар ажиллах хоёр жилийн хугацаандаа өнөөх шагналынхаа дөнгөж 10 хувийг тараагаад л огцорсон байна. Харин түүнийг явсны дараа тухайн яамны нэр өөрчлөгдөж, салбарын яамны шагналын есөн жилийн нөөц нь үнэгүйдэж улсыг хохироосон асуудал ч гарч байжээ. Дурьдаад байвал энэ мэтчилэнгээр улсыг хохироож буй үйлдэл тоо томшгүй олон удаа гардаг. Үүнийх нь төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй явдал байсаар ирж. Харин энэ бүхэнд шинэ эрүүгийн хуулиар цэг тавьж улсын мөнгөөр шаардлагагүй худалдан авалт хийдэг явдлыг таслан зогсоох ажлыг хийж байгаа юм байна.

Авлигын гэмт хэргийг таслан зогсооход саад тээг болж буй хуулийн нэг зүйл заалт нь нийтийн албан тушаалтан албаны эрх мэдлээ ашиглан үлэмж хэмжээний хохирол учруулсан бол 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй байдаг аж. Үлэмж хэмжээний хохирол гэдэг 4.4 сая төгрөгөөс дээш төгрөг байгаа учраас үүнээс доош хохирол учруулсан хэнд ч ял шийтгэл өгдөггүй байна. Бусдад хоёр сая төгрөгийн хохирол учруулсан хүн дээд тал нь таван жилийн ял авч байхад улсад болон байгууллага, хувьд хүнд хоёр сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтан ямар ч ял шийтгэлгүй үлддэг жишиг хуулиараа одоог хүртэл байсаар байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ-аас эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар яллаад прокурорт шилжүүлэхэд түүнийг 264 дүгээр зүйл анги болгон зүйлчлэлийг өөрчилдөг. Тэрийг нь шүүх шийдвэрлэхдээ 150 болгон өөрчилдгөөс үүдэн маш олон авлигач ял завшиж иржээ. Монгол Улс 1996, 2000, 2006, 2009, 2015 онд өршөөлийн хууль баталж байжээ. Олон улсын байгууллагууд үүнийг нь шүүмжлэхээр манай улс авлигын гэмт хэрэгтнүүдийг өршөөдөггүй гэж хариулдаг атлаа авлигын гэмт хэргээр зүйлчилсэн ялыг нь шүүх “бусдад эдийн болон эдийн бус гэм хор учруулсан болгон өөрчилж” авлигачдаа өршөөдөг жишгийг тогтоосон байна.

Авлигачдын ял завшиж, хэргээс гэмгүй мултарсан олон мянган тохиолдлын ердөө зах зухаас нь дурьдахад л ийм байгаа юм. Иймд авлигачидтай үр дүнтэй тэмцэх үйлсэд хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэн олон нийтийн хяналт оролцоо дэмжлэг асар их хэрэгтэй байгааг АТГ-ын алба хаагчид учирлаж байв. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар авлигачдын ял завшдаг олон заалтыг халсан ч гэлээ авлигачдад боломж олгох, хэргээс гэмгүй мултрах өөр олон гарц арга зам үлдээснийг өөрчлүүлэхээр тус байгууллага ажиллаж байгаа юм байна.