ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Константино Чивенга: Зимбабве бол Монгол биш

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-12-17

Зимбабве улсын дэд Ерөнхийлөгч Константина Чивенга дээрх үгийг хэлжээ. Тэрбээр улаан хоолойн өвчний улмаас дөрвөн сарын турш БНХАУ-д эмчлүүлж байгаад эдгэрч, саяхан эх орон руугаа буцсан байна. 

Зимбабве улсыг 36 жилийн турш тэргүүлсэн Роберт Мугабэг унагаж, Эммерсон Мнангагва төрийн тэргүүнээр сонгогдон ажиллах болсны дараа улстөрч, генерал Константина Чивенга тус улсын дэд Ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм.  Гэвч, түүнийг авлига, мөнгө угаасан зэрэг хэрэгт холбогдуулан шалгах болсон бөгөөд энэ хугацаанд тэрбээр БНХАУ-д эмчлүүлэх болсон аж. Эдүгээ тус улсад ардчиллын төлөөх хөдөлгөөн өрнөж, Зимбабве даяар эмх замбараагүй байдал газар аваад байгаа юм. 

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид авлига, хууль бус гэмт хэрэг, дарангуйллын тогтолцоо, хууль шүүхийн байгууллагын хайхрамжгүй ажиллагааг эсэргүүцэж,  Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, парламентыг тарахыг шаардаж байгаа. Энэ үед хүнд өвчнөөр эмчлүүлж байсан генерал, дэд Ерөнхийлөгч эх орондоо эргэн ирж, сөрөг хүчнийхэнтэй “дайн” зарлахаар шийджээ. 

Тэрбээр ЗАНУ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагвагийн засаглалыг шүүмжилж, ард иргэдийг түүний эсрэг турхирч буй ардчилсан хөдөлгөөнийхнийг хүчтэй шүүмжилсэн байна. Ингэхдээ манай улсыг жишээ болгож дурьдсан нь сонирхлыг татаж байгаа юм.  

Тодруулбал, тэрбээр парламентад үг хэлэхдээ “Эсэргүүцэл, бойкот хийх замаар ард түмний олонхын саналыг авч, хууль тогтоох эрхээ авсан хууль ёсны Засгийн газрыг огцруулж чадна гэх буруу бодолтой хүмүүс байна. Би тэдэнд тэдний үйлдэл санаснаар нь болж, амжилтад хүрэхгүй гэдгийг сануулмаар байна. Энэ бол та нарын хууль ёсны Засгийн газрыг хүссэнээрээ огцруулж, дур зоргоороо хүчирхийлэл үйлдэж болдог Монгол Улс биш. Ийм зүйл Зимбабвед болохгүй” гэсэн байна.  

Тэрбээр үүнийг Монголын түүхэнд хар мөрөө үлдээсэн “1932 оны бослого”-той зүйрлэж хэлсэн бөгөөд Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг өөрчлөх нь юунд хүргэдгийг сэрэмжлүүлсэн аж.  Түүнчлэн, 2018 оны сонгуульд оролцсон намуудыг хүчирхийллээр бус яриа хэлэлцээрийн замаар асуудлаа шийдвэрлэж, хамтдаа хөгжихийг уриалсан ч, сөрөг хүчнийхэн Засгийн газрын эсрэг ард иргэдийг турхирч буйд туйлын харамсаж буйгаа илэрхийлсэн байна. 

Түүний дурдсан цус урсгасан 1932 оны бослого Монголд 1920 оны сүүлч, 1930-аад оны эхэн үед явагдсан нийгэм, эдийн засгийн эрс өөрчлөлттэй салшгүй холбоотой гэгддэг.  

Тухайлбал, хаад, ноёд, тайж, хутагт, хувилгаад зэрэг язгууртнуудаа харгис хар, шар феодалууд, хуучин нийгмийн үлдэгдэл, ангийн дайснууд хэмээн үзэж, шахан, доромжилж, хороон хорих, хөрөнгө хогшлыг нь хураах зэргээр хэрцгийлсэн юм. Мөн хойд хөршийн загвар, заавраар социалист журам байгуулах цаг болсон хэмээн үзэл суртлын дор хүчирхийлэл үйлдэх нь хавтгайрчээ. Энэ ажпынхаа эхлэл болгож таваас хэтрэхгүй бодын хөрөнгөтэй хөдөөгийн ядуу айл өрхүүдийг бөөгнөрүүлэн “Комун" гэж нэрлэсэн. Тэдэндээ язгууртнуудаас хураагдсан мал хөрөнгөө шилжүүлэн тараах болсон байна. Харин нөгөө ядуус мал арчлах туршлага багатай, хойрго залхуу байсан учир богино хугацаанд авсан мал хөрөнгөө их хэмжээгээр хорогдуулж байлаа. Үүний дараа комунаа хамтрал гэж өөрчлөн өргөжүүлсэн бөгөөд ардын аж ахуйтнуудаас хувь хөрөнгө авч тэднийг албадан хамтралд оруулж байв. Үүний зэрэгцээ мал сүрэг олонтой чинээлэг ардуудыг “Нударган баячууд” гэж нэрлэн хамтралдаа авахгүй, нутаг усаар нь боож хаах зэргээр хавчих бодлого явуулсан юм. Эцэстээ бослогын цар хүрээ улам нэмэгдэж, улмаар дайн самуунд хүрсэн бөгөөд зарим баримтад дурьдсанаар, 8-10 мянган хүн алагдсан гэх тоон баримт байдаг юм байна. 

Ямартай ч, Монголын түүхийн гашуун, цуст бослогыг Зимбабве улсын дэд Ерөнхийлөгч, генерал дурьдаж, улс оронд нь энэ мэт эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг ардчилсан хөдөлгөөнийхөнд уриалж буй аж.