Олон он дамжин ярьсан ч өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй замын түгжрэл, бүтээн байгуулалтуудыг бодит ажил болгох мэргэн гаргалгааг хотын дарга гаргаж, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн юм. Учир нь жолооч нараас авсан татвараараа нийслэлчүүдийн “шүдний өвчин” болсон асуудлуудыг нэг мөр цэгцлэх гэж байжээ.
Гэтэл иргэдийн зүгээс төрийн алдаатай бодлогын бурууг нуруундаа үүрэхгүй хэмээн талхны мөнгөө таллахыг эсэргүүцээд хайран мэргэн санааг унагаж, хотын дарга болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөө ихэд гомдоолоо. Жолооч нараас авсан татвараар гүүрэн гарц, дугуйн зам, борооны ус зайлуулах шугам гээд нийслэлчүүдийн мөрөөдөл болсон ч биеллээ олдоггүй ажлуудыг цөмийг хийх байсан гэнэ.
Тэр бүү хэл замын түгжрэлийг хүртэл шийдэх байсан аж. Бид төрдөө ийм хэрэгтэй, үүрэг рольтой ард түмэн юм байна. “Төрийн төлөө оготно” гэдэг сэтгэлгээнээсээ салж, улсын ажлыг явуулах гол хүч нь ард түмэн өөрсдөө гэдгээ ухамсарлах цаг болжээ. Тиймээс өнөө маргаашаа аргалах, хоолтой хоолгүй хонох “жижиг” асуудлаа хоёрдугаарт тавьж, улс орныхоо хөгжлийн төлөө чадах бүхнээ хийх ёстой юм. Үүний төлөө тав дахин нэмэгдсэн татвар төлөх бол юу ч биш.
Дарга маань биднээс ийм л амархан, энгийн зүйл шаардсан. Үгэнд нь орж, нэмсэн татварыг хүлээн зөвшөөрсөн бол түгжрэл, эвдрэлгүй замаар түүртэхгүй сүнгэнэдэг болох байж. Бүтэн талх авдаг байсан бол тал болгоод, оронд нь түгжрэлгүй замаар нисгэхийг илүүд үзээгүй “богино” бодлоосоо болж дарга нараа гомдоож орхилоо. Татвар нэмэхийг хүлээн зөвшөөрөөгүй учраас орон тооны цомхотгол хийж, сургууль цэцэрлэгийн төсвөөс танана гэнэ. Даргынхаа үгэнд ороогүйн гороо бид амсаж, хамгийн их тулгамддаг сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтад асуудал үүсэх нь. Бүр орон тооны цомхотголд орж, талхнаасаа салах ч энүүхэнд болов. Талхаа таллаад татвараа төлөх үү эсвэл татгалзаад талхаа бүтнээр нь алдах уу гэх сонголтоос зөвийг нь сонгож чадаагүй бидний буруу. Уурлуулсанд уучлаарай дарга аа