“Тогтвортой хөгжлийн зорилтууд-хуульчдын оролцоо” хуульчдын форум-2018 боллоо. Энэ үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяатай уулзаж цөөн асуултанд хариулт авлаа.
-Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас гаргах талаар Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг юу гэж бодож байна.
-Захиргааны хэргийн шүүх байгаагүй үед цэц Засгийн газрыг шийдвэрийг хянадаг байсан. 2004 онд Захиргааны хэргийн шүүх байгуулагдсан. 2015 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах заалт орсон. Тухайн үед хэсэг иргэн Цэцэд хандаж хоёр шүүх хоёулаа Засгийн газрын шийдвэрийг хянаж давхцал үүсжээ. Нэгэнт Үндсэн хуулиар засгийн газрыг Цэцэд хариуцуулсан учир ийм давхцал гаргаж болохгүй. Үндсэн хуулийн зөрчил байна уу, үгүй юу гэдгийг шийдэж өгнө үү гэж хүсэлт тавьсан. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг авч үзээд " Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага Засгийн газрын шийдвэрийг хянахаар Үндсэн хуульд орсон байна. Иргэд захиргааны хэргийн шүүх болон цэцэд нэгэн зэрэг өргөдөл гомдол гаргаж,Цэцэд хандаад болохгүй бол захиргааны хэргийн шүүхэд хандана гэх мэтээр хоёр шүүхийн дунд замбараагүй байдал үүссэн” хэмээн дүгнэлт гаргаж байсан. 2015 онд батлагдсан захиргааны ерөнхий хуульд байгууллагын шийдвэрийг энэ шүүх хянана гэж тоочих зарчим байхгүйгээр ерөнхийлөн томьёолох зарчим оруулсан. Энэ нь үндсэн хуулийн харьяаллын бус нийтийн эрхзүйн маргааныг захиргааны эрхзүй шийднэ гэж оруулсан нь Засгийн газрын шийдвэр орж байгаа юм. Яагаад гэвэл засгийн газар нь бусад Захиргааны хэргийн байгууллагын адил нийтийн эрх ашгийн төлөө захирамж шийдвэр гаргадаг. Ингээд давхар харьяалал бий болж байгаа юм.
-Давхар харьяаллыг арилгахын тулд хуульд өөрчлөлт оруулж байна гэсэн үг үү?
-Давхар харьяаллыг яаж зохицуулах вэ гэдэг гаргалгаа, хоорондын хил хязгаар тогтоох нь зөв болохоос биш нэгнийх нь харьяаллаас авч хаях нь төдийлөн чухал биш.
-Хуулийн өөрчлөлтөөс болоод иргэдийн эрх ашиг зөрчигдөнө гэж яриад байгаа?
-Засгийн газар нь Монгол Улсад иргэнд үүрэг болгосон шийдвэр их гаргадаг, Жишээ нь Авто машины онцгой албан татвар оноохоос гэх мэт. Иргэн хүн Засгийн газрын хажуугаар захиргааны байгууллагатай харилцаанд их ордог. Үүнээс үүдсэн иргэн хүний хохирлыг захиргааны хэргийн шүүх хянаад явбал зүйтэй юм. Үндсэн хуулийн цэц бол байгууллагын нь үндсэн хуулийн хувьд гаргаж байгаа шийдвэрийг хянана. Тухайлбал Засгийн газар олон улсын гэрээ байгууллаа гэхэд УИХ-тай зөвшилцөж үү гэх мэт хоёр чиглэлд хуваагдаад явах ёстой. Хэрвээ захиргааны хэргийн шүүх Засгийн газрын болон харъя байгууллагын, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хянахаа болих бол бид 16 жилийн өмнөх рүү ухарч байна.Ер нь аливаа эрхзүйт төр захиргаа хуульд л захирагдах ёстой. Захиргаа нь хуульд шалгагдаж уу гэдгийг шалгадаг байгууллага нь Захиргааны хэргийн шүүх. Иргэдийн хувьд учирсан хохирол нөхөн төлүүлэх асуудлаар Иргэний хэргийн шүүхэд хандаж болно. Гэхдээ Захиргааны хэргийн шүүх мэргэшсэн, албан шугамаар нотлох баримтаа захиргааны байгууллагаас цуглуулаад шийдчихдэг, иргэнийг нотлох баримтаа дангаараа цуглуулаад явахыг шаардахгүй, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа зөв гаргаж уу, хууль бус байна уу, сонсох ажиллагаа явуулсан уу эсэх олон шалгуурыг үздэг учраас байх нь зохилтой.
-Сөрөг үр дагаврууд их гарах юм байна. Цаашид яах бол?
-Хохирсон иргэн их гарч магадгүй. Саяхан нэг материал уншиж байхад гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын алдаатай шийдвэрээс болж учирсан хохирлыг нөхөн төлөх хохирол нь 25 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байсан. Тэгэхээр аль болох иргэн захиргаа хоёрт адил тэнцүү байдал олгох нөхцөлийг захиргааны хэргийн шүүх бүрдүүлж байгаа. Магадгүй Хуульзүй дотоод хэргийн яамны сайт дээр байршуулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болбол хэдэн жилийн дараа “Энэ асуудлыг буруу шийдсэн байна” гээд хэсэг хүн эсвэл хууль санаачлагчид дахиж эхнээс нь цаг хугацаа алдан байж засах шаардлага гарч болзошгүй. Аливаа улс хөгжилдөө дардан замыг туулдаггүй. Бэрхшээл, хүндрэлтэй зүйл их туулдаггийг олон жилийн амьдралын туршлагаас харлаа. Гэхдээ шийдвэр гаргах төвшний хүмүүс аль болох зорилгодоо нийцсэн, зөв шийдвэр гаргавал зүгээр байна гэж бодож байна.
-Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ УИХ-ын даргын ахлах зөвлөх Б.Гүнбилэг соошлд илэрхийлсэн. Гэтэл тэд бүгд эрх баригч намын толгой байдаг. Энэ талаар та юу гэж харж байна.
-Засгийн газрын шийдвэр хууль тогтоомж зөрчвөл Засгийн газар өөрөө эргэж харах боломжтой, хэрвээ Засгийн газар авч хэлэлцэхгүй бол УИХ шийдвэрийг авч хянах боломжтой. Үүнээс үүдсэн хохирлыг иргэний хэргийн шүүх хянах боломж үлдэж байгаа юм. Би хэрвээ байсан бол энэ хуулийн төсөл өргөн барьж байгаа хуульчидтай уулзаж, юу болж байна юу болохгүй байгааг хоорондоо яриад нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэж боддог.Өөрийнхөө бодлыг тусдаа илэрхийлээд явах нь дараа дараагийн асуудал. Монгол Улс цөөхөн хуульчидтай. Шийдвэр зөрвөл тэр тусмаа уулзаж ярилцах нь улс орныг хөгжүүлнэ. Би олон засгийн үед олон шавь төрүүлсэн. Амьдралын туршлагаас харахад асуудлыг хамтарч өөд өөдөөсөө харилцан явж, хүлээн зөвшөөрөх асуудал дутуу байна гэж хардаг. Илүү нухацтай хандах байсан.