Эх газрын Хятадтай залгаа хилээ бүрэн хаахыг шаардан Хонконгийн эмч, сувилагчид ажил хаялт зарлажээ.
Ажил хаялтад даваа гарагт 2700 орчим эмч, сувилагч оролцсон байна. Ажил хаялтыг эмнэлгийн ажилтнуудыг эрхийг хамгаалах “Hospital Authority Employees Alliance” хэмээх шинэ үйлдвэрчний эвлэл зохион байгуулжээ. Тэд засаг захиргааны тэргүүнээс хилээ хаахыг шаардаж буй бөгөөд хилээр нэвтэрч буй асар их хүний урсгалаар өвчний тархалт газар авсан тохиолдолд Хонконгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болно хэмээн болгоомжилж буй аж.
“Ажил үүргээ гүйцэтгэх олон тооны ажилтан байхгүй байгаа нь улсын эмнэлгүүдийн түргэн тусламжийн үйлчилгээний ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна” гэж Эмнэлгийн байгууллагуудын удирдах газрын мэдэгдэлд дурджээ. Өвчтөнүүдийг эмчлэх эрх ашгийн үүднээс үүрэгт ажилдаа аль болох хурдан орохыг тус байгууллага ажил хаясан эмч нарт хандан уриалсан байна.
Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам өмнө нь “Shenzhen Bay” болон Хонконг-Жухай-Макао гүүрний шалган нэвтрүүлэх цэгээс бусад бүх боомтуудыг түр хугацаагаар хаасныг мэдэгджээ. Олон улсын нисэх онгоцны Чек Лап Кок буудал Хятадын хотууд руу хийдэг нислэгийнхээ тоог хоёр дахин цөөрүүлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм.
Хонконгт коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Талийгаачийн тухайд өнгөрсөн нэгдүгээр сард коронавирусийн халдварын голомт болсон Хятадын Ухань хотод зорчсон 39 настай эрэгтэй байжээ. Түүнээс гадна тус өвчтний 72 настай ээж коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Тэрээр өмнө нь халдварын голомтын бүс болон өөр гадны орон руу зорчиж байгаагүй аж.
Хонконгт одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан 15 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Хонконгийн захирагч Кэрри Лам хилээ хаах нь “зохимжгүй бөгөөд ялгаварлан гадуурхсан” явдал болно хэмээн мэдэгдэж байна. Харин хотын аялал жуулчлал, соёл урлагийн болон спортын байгууламжуудыг хааж, олон нийтийн үйл ажиллагааг цуцалсны зэрэгцээ сургуулийн амралтыг гуравдугаар сар хүртэл сунгажээ.
Коронавирусийн халдварын улмаас Хятадад 425 хүн, Хятадаас гадна өөр улсад хоёр иргэн нас бараад байна. Өнгөрсөн ням гарагт Ухань хотоос ирсэн 44 настай Хятад улсын иргэн коронавирусийн халдварын улмаас Филиппинд нас барсан нь уг халдварын улмаас Хятадаас өөр улс оронд нас барсан анхны тохиолдол болсон билээ.