ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Энхболд: Сонгуульд бэлтгэх шаардлагатай байгаа учраас ажлаа өгч байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-14

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөө өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр ойрын хугацаанд сонгуулийн бэлтгэлээ хийхээр болж, АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллахаа мэдэгдсэн юм. 
Тэрбээр ажлаа өгч байгаа тухайгаа хэлэхдээ “Би одоо өргөдлөө өгөөд, ажлаа өгөх гэж байна. Ерөнхийлөгч хүлээж авахаа амласан. Гурван сарын дараа болох сонгуульдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа юм. Янз бүрийн цуурхал гарч байна. Энэ бүгд худлаа гэдгийг албан ёсоор мэдэгдье. Миний оронд Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ирнэ. Миний хувьд Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Намайг нэр дэвших ажлаа хийж эхэл гэсэн” гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Та хаанаас нэр дэвших вэ?

-Хаанаас ч дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ. Би АН-д ямар нэгэн албан тушаалд очихгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд С.Эрдэнэ даргын орон тооны бус ахлах зөвлөх болсон. Тэр ажлаа хийнэ. АН-ын сонгуулийн ажилд оролцоно.

-Таныг С.Эрдэнийг өмөөрч Ерөнхийлөгчтэй ам зөрсөн гэсэн мэдээлэл байна?

-Би хэнтэй ч санал зөрөөгүй. Өмнөх сонгуулиар би онгоцтой улс тойрсоор байгаад сонгуульд ялагдсан. Одоо амиа бодмоор байна. Аль нэг тойрог сонгож ажилламаар байна. Уг нь ажлаа өгөхгүй хийж болох ч энд байхаар хэл аманд ороод байгаа учир Ерөнхийлөгч намайг сонгуулиа бод гэсэн. Ардчилсан нам нийт нэр дэвшигчдийнхээ дөрөвний гурвыг цоо шинэ хүнээр бүрдүүлнэ. Хуучин гишүүн байсан арваад хүн л нэр дэвшинэ.

-Өвөрхангай аймгаас бэлтгэсэн “Цензургүй сурвалжилга” нэвт­рүүлгийг таныг захиалж хийлгэсэн гэсэн хардлага байгаа? 

-Тэр нэвтрүүлгийг үзсэн. Би Өвөрхангай аймгийг төлөөлж найман жил парламентад суусан. Миний үеийн гишүүд Өвөрхангай аймагт очоод Я.Содбаатар гишүүн шиг тендер авсан гэж та нар огт сонсоогүй байх. Бид тендерт оролцдог ёс зүйгүй гишүүн байгаагүй юм. Оролцож болох л байсан. Сүүлийн дөрвөн жил замбараагаа алдаж. Энэ нэвтрүүлгийг зөв гэж үзэж байгаа.  Цаашид бусад аймгаас ч гэсэн ийм нэвтрүүлэг бэлтгэж гаргаасай гэж хүсч байна.

-Та УИХ-д найман жил Өвөрхангайчуудыг төлөөлж суухдаа яагаад дулааны цахилгаан станц бариагүй юм бэ. Танд боломж, цаг хугацаа аль, аль нь байсан?

-Хамгийн сүүлд 10 гаруй сая ам.долларын төслийг хийлгэж байсан. 2012 оноос хойш дахин Өвөрхангай аймгаас нэр дэвшээгүй учраас түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй.

-НДС-гийн мөнгийг байршуулж байсан “Капитал” банк дампуурч, үүнтэй холбоотой зарим хүнийг шалгаж байгаад та ямар тайлбар өгөх вэ?

-2016 оны зургадугаар сард НДС-гийн мөнгийг нэг ч төгрөгийн алдагдалгүйгээр хүлээлгэж өгсөн. Н.Номтойбаярын үед НДС-гийн мөнгө бүрэн бүтэн байсан. С.Чинзориг сайдын үед банкны  байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал С.Чинзориг сайд энэ мөнгөө “Капитал” банкнаас аваагүй учраас алга болсон. НДС-гийн чөлөөт үлдэгдлийн мөнгийг банкинд байршуулдаг гэрээ гэж бий. Анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах боломж нь С.Чинзориг сайдад байсан. Хэрэв банкинд нь мөнгө байхгүй тохиолдолд Төв банкинд хадгалуулдаг нөөц хөрөнгөөс нь татаж авах эрх нь мөн байсан. 2019 оны эхээр “Капитал” банк муудсан дохиог Төв банкнаас өгсөөр байтал С.Чинзориг мөнгөө татаж аваагүй нь буруу. Энэ мөнгө алга болсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бол НДЕГ-ын дарга байсан Ц.Уртнасан,  С.Эрдэнэ, Н.Номтойбаярт огт хамаагүй, мөнгө хэний үед алга болсныг шалгах ёстой. Огт хамаагүй хүмүүсийг хорьж шалгах нь буруу. Хуулийн байгууллагынхан ажлаа зохих ёсоор хийхгүй байна.

-АН нэр дэвшигчдээс 100 тэрбум төгрөг авч байж нэр дэвших эрхийг нь өгнө гэж байна. Энэ нь “60 тэрбум”-ын гэх хэргээс ямар ялгаатай юм бэ? 

-100 саяын асуудалд АН-ыг сайшаах ёстой. Хэнээс хэдэн төгрөг аваад санхүүгээ босгож байгаагаа ил зарлаж байгаа анхны нам. АН-ын санхүүг үзвэл хэн гэдэг нэр дэвшигчид хэн хэдэн төгрөг өгсөн нь нээлттэй бий. Дэлхий даяар улс төрийн намууд хандиваа ингэж л авдаг. Манай улсын хувьд нэр дэвшигчээр бүртгүүлээд үнэмлэхээ авахаас нааш данс нээлгэж хандив авч болдоггүй. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулиар намууд аль ч үед хандив авч болно. Тухайлбал, би 40+30 сая төгрөгөө хандиваар цуглуулсан. З.Энхболд гэдэг хүнд хандив өгч болохгүй. АН-д хандив өгөөч гэдэг уриалга гаргасан. Хувь хүн нэг сая хүртэл, ААН 10 сая хүртэл төгрөгийн хандив өгөх эрхтэй. 70 хувь хүн эсвэл долоон ААН-ээс 70 сая төгрөг бүрдүүлээд өгсөн. Би хувиасаа нэг ч төгрөг өгөөгүй. Ямар ч хууль зөрчөөгүй, ямар ч албан тушаал худалдаагүй. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн арга. Хандив өгсөн хүмүүс надаас ямар нэгэн зүйл шаардах эрхгүй. Тэр хүмүүс ямар нэгэн албан тушаалд очихгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй  нөхцөл байдал үүссэн юм уу?

-Үндсэн хууль буцаж үйлчлэхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өмнө нь Ерөнхийлөгч байсан болон одоогийн Ерөнхийлөгч мөн адил нэг удаа зургаан жилээр сонгогдох боломжтой. Янз бүрээр тайлбарладаг хүмүүс гарч ирж байгаа юм билээ. Үндсэн хуулийг дагадаг УИХ-ын тогтоолд тодотгол хийх замаар энэ асуудлыг тасалж болно. Н.Энхбаяр, П.Очирбат, Ц.Элбэгдорж нарт нэр дэвших эрх нь шинээр үүсч байгаа.