Иракийн нийслэл Багдад хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яамны ойр орчим руу өчигдөр хэд хэдэн удаа пуужин харважээ.
“Ассошейтэд пресс” агентлаг энэ талаар АНУ болон Европын хэд хэдэн дипломат албан тушаалтнуудын өгсөн мэдээлэлд тулгуурлан дамжуулсан байна. Довтолгооны үеэр АНУ-ын Элчин сайдын яамны довтолгооноос хамгаалах дохиолол ажилласан бөгөөд одоогоор хэд орчим барилга байшин, хэр хэмжээний хохирол учруулсан нь тодорхойгүй байгаа аж. Мөн хүн нас барсан гэх мэдээлэл байхгүй байгаа юм.
Гэрчүүдийн мэдээлснээр, АНУ-ын Элчин сайдын яам зэрэг гадны дипломат байгууллагууд байрладаг Багдаадын ногоон бүсийн дээгүүр нэгэн үл мэдэгдэх онгоц шиг зүйл нисч өнгөрсний дараа нэг хэсэгт томоохон хэмжээний дэлбэрэлт болох чимээ хэд хэдэн удаа сонсогдсон гэж ярьжээ.
АНУ Иракийн цэргийн армид дэмжлэг үзүүлэх зорилгоор 5200 цэргээ тус бүс рүү илгээж, газар бүрт байрлуулахаар шийдвэрлэсэн. Гэвч, үүний дараа буюу өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш АНУ-ын Элчин сайдын яам, армийг онилсон агаарын довтолгоон хэд хэдэн удаа боллоо. Харин энэ удаагийнх 19 дэх нь юм.
Өнөөдрийг хүртэлх эл довтолгооныг чухам ямар зорилгоор ямар хүмүүс хийсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ АНУ Иракийн аюулгүйн албаныхантай албан ёсны хамтын ажиллагаатай байдаг Исламын шашны шийтийн урсгалын “Хашед ал Шааби” бүлэглэл дэх Ираны талыг дэмжигчид цохилт өгч байж болзошгүй хэмээн хардаж буйгаа мэдэгдсэн юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Иракийн хойд хэсэг дэх цэргийн бааз руу пуужин харвасан бөгөөд энэ довтолгооноор АНУ-ын нэгэн энгийн иргэн амь үрэгдсэн. Үүний дараа АНУ Иракийн хэт даврагч бүлэглэлүүдийн нэг түшиц цэг рүү хариу цохилт өгсөн удаатай.
Улмаар хэд хоногийн дараа Багдаадын гадна дроноор довтолж, Ираны генерал Касем Солемани, түүний баруун гар гэгдэх Абу Махди Мухандис нарыг хөнөөсөн юм. Ингэснээр АНУ Иран төдийгүй бусад лалын шашны зэвсэгт бүлэглэлийн дургүйцлийг төрүүлсэн бөгөөд тэд хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байв. Тэдний нэг болох Ирак дахь Ираны Хашедын бүлэглэлүүдийн нэг “Харакат аль-Нужаба” Иракаас цэргээ гаргахыг АНУ-аас шаардсан мэдэгдэл өчигдөр хийсэн бөгөөд үүнээс хэдхэн цагийн дараа уг довтолгоон болжээ. Тус бүлэглэл твиттертээ АНУ-ын цэргийн машины зургийг “Бид та нарын бодсоноос илүү ойрхон байгаа” гэсэн утгатай тайлбартайгаар нийтэлсэн байна.