Авьяас бол авьяас. Авьяасыг байгалиас авч төрдөг болохоос биш, олж авдаггүй гэх үг бий. Үнэхээр ч суут уран бүтээлчдэд авьяас байгалиас заяасан байдаг бөгөөд цаг хугацаа нь болох үед тодрон гарч, хүн бүрт хүлээн зөвшөөрөгддөг.
Тийм л нэгэн авьяаслаг ази найруулагч саяхан болж өндөрлөсөн кино урлагийн хамгийн том наадам Оскарын шагнал гардуулах ёслолд түүх бүтээж, Холливудад тэсрэлт хийсэн нь Бун Жун Хо байсан билээ. Бага наснаасаа кино урлагт шимтсэн ч, эцэг эхийн ятгалгаар огт өөр буюу социолигч мэргэжил эзэмшсэн Жун Хо өөрийн байх ёстой газартаа, хамгийн сайн чадах зүйлээ хэрхэн олсныг өнөөдрийн “Дэлхийн хүн” булангаараа уншигчиддаа сонирхуулахаар бэлтгэлээ.
Бун Жун Хо 1969 оны есдүгээр сарын 1-нд БНСУ-ын Тэгү хотод төржээ. Тэрбээр дунд сургуулийн сурагч байх үеэсээ л кино найруулагч болно хэмээн мөрөөдөж, зурагтаар киног шимтэн үздэг хүү байжээ. Түүний мөрөөдөлд аав болон өвөө нь ч нөлөөлсөн байж мэднэ. Учир нь түүний аав Бун Сан Гюн график дизайнер, өвөө Пак Тэ Вон нь “Зохиолч Губогийн амьдралын нэг өдөр” романаараа алдартай зохиолч байжээ. Түүгээр ч зогсохгүй төрсөн ах Бун Жүн Сү нь өдгөө Сөүлийн их сургуулийн Английн уран зохиолын багш бол эгч Бун Жэ Хи нь хувцас загвар зохион бүтээгч.
Гэр бүлээрээ бүтээгчид, сэтгэгчид байсан ч, Жун Хогийн кино найруулагч болох хүсэл мөрөөдлийг эцэг эх нь эсэргүүцэж, тэрбээр Ёнсей их сургуулийн социологийн ангид элсэн суралцах болжээ. Гэвч, найруулагч болох мөрөөдлөө тээсэн залуу сургуулийнхаа кино сонирхогчдын клубт орж, Эдвард Яан, Хо Шио Шен, Шохэй Имамура зэрэг мундаг найруулагчдын шүтэн бишрэгч болов. 20 гаран настайдаа буюу 1990-ээд оны эхээр Жүн Хо мөрөөдлөө дагаж, кино урлагийн академийн хоёр жилийн дамжаанд суралцсан байна. Ингэж тэр найруулагч болов. Гэхдээ шуудхан л уран бүтээлийн ажилдаа орсонгүй. Энэ хугацаанд тэрбээр алдартай найруулагчдын киног судлахаас гадна цэрэгт явж, гэр бүл ч зохиосон байдаг.
Ингээд 1996 онд “Шар айраг хайраас илүүг батлах долоон шалтгаан”, “Дэн буудлын кактус” кинонд туслах найруулагчаар ажиллах санал ирж, үргэлжлүүлэн “Шумбагч хөлгийн хий үзэгдэл” кинонд зохиолчоор ажиллажээ. Үүний дараа тэр өөрийн гэсэн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон байдаг. Ингээд өмнө нь хамтарч ажилласан продюссорынхоо удирдлага дор анхныхаа “Хуцдаг нохой хаздаггүй” гэх уран бүтээлээ дэлгэцнээ гаргажээ. Анхны бүтээл нь төдийлөн амжилт олсонгүй. Амьд нохойг байшингийн дээврээс шидэхийг хүсэх Их сургуулийн профессорын тухай кино амьтанд хайртай үзэгчдийн сонирхлыг татах гэхээсээ илүүтэй, зэвүүцлийг төрүүлэх нь мэдээж биз ээ. Гэсэн ч тэр шантарсангүй. Ямартай ч, анхны алхмаа хийсэн тул хоёр дахь уран бүтээлээ хийсэн бөгөөд тэр нь “Алуурчны дурсамж” кино байлаа. Кино 2003 онд нээлтээ хийж, даруй олны анхаарлыг татаж олон олон шагналыг түүнд авчирсан юм. Түүний дараагийн бүтээлүүд болох "Host", "Snowpiercer" ч чамгүй амжилт олсон билээ. Харин 2019 он Жун Хогийн хувьд оргил үе байлаа. БНСУ-д кино урлаг үүсч хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж, Солонгос найруулагч “Шимэгч” киногоороо хамаг л кино урлагийн том наадмуудын шилдгийг хамав. БНСУ-ын түүхэнд анх удаагаа солонгос найруулагч Алтан бөмбөрцөг хүртэж, Оскарт ази уран бүтээлч, гадаад кино анх удаагаа шилдгээр шалгарсан гээд амжилтыг нь дурдвал барагдахгүй. Тэр энэ амжилтаараа түүх бүтээж, олон чадварлаг ази уран бүтээлчдийн замыг засч байна. "Шимэгч" кинонд хүн төрөлхтний тэгш бус байдал, баян, хоосны ялгаа, худал хуурмагийн талаар маш чадварлаг харуулсан нь угаас найруулагч Буны байгалиас заяасан авьяасыг томруунаар харуулж чаджээ.
Зохиолынх нь анхны уншигч эхнэр Юн Сун Янг
Оскарын шагнал гардуулах ёслолын зургаан номинацид нэр дэвшсэн “Шимэгч” кино дөрөвт нь “Алтан хүн” хүртэж, тэр бүү хэл шилдэг киногоор шалгаран нэгэн шинэ түүх бүтээж ахуйд үзэгчдийн суудалд нэгэн бүсгүй нулимс дуслуулж суусан нь түүний эхнэр Юн Сун Янг. Оскарын тайзнаас “Эхнэр минь надад урам зориг өгдөг” хэмээж талархсан сэтгэлээ илэрхийлсэн найруулагч Бун Жун Хогийн хамгийн үнэнч хамтрагч, дэмжигч, зохиол бүтээлийнх нь хамгийн эхний уншигч нь эхнэр нь байдаг аж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Хамгийн их санаа зовсон зүйл нь зохиолоо бичиж дуусгачихаад эхнэртээ уншуулсан тэр мөч байсан” хэмээн дурссан удаатай. Жун Хо “Шимэгч” киноныхоо зохиолыг дөрвөн сарын турш бичжээ. Түүний эхнэр кино зохиолч мэргэжилтэй. Урлагаар холбогдсон хосууд 1995 онд гэрлэсэн бөгөөд нэг хүүтэй юм байна. Хүү Хёо Мин нь ч мөн адил кино урлагтай холбогджээ.
Харви Уэнштэйнийг “хуурсан” нь
Бун Жун Хо Холливудын алдартай продюссер Харви Уэйнштэйнийг хулхидаж явсан гэвэл уншигч та итгэх үү. Ямартай ч, солонгос хүний сэргэлэн, зальтай зан араншин түүнд ч мөн байдаг бололтой. 2012 онд тэд хамтран ажиллах болжээ. Ингэхэд Харви түүний бүтээлээс бүхэл бүтэн 25 минутын үйл явдлыг хасахыг хүссэн байна. Гэтэл тухайн хэсэгт нь найруулагчийн чухал гэж үзсэн загас барьдаг хэсэг багтаж байсан тул Холливудын алдарт продюссерт худал хэлэхээс өөр арга түүнд байсангүй. Хожим тэрбээр “Харвид гол дүрийн загас барьдаг хэсэг таалагдаагүй. Юун загас вэ. Энэ үзэгдэл бидэнд ямар хэрэгтэй гэж хэмээж байсан. Тэр үед толгойд яах вэ гэдэг бодол орж ирээд би шууд л Харви, энэ миний хувьд маш утга учиртай. Миний аав загасчин байсан. Би энэ үзэгдлийг аавдаа зориулж бичсэн гээд хэлчихсэн. Үнэндээ аав маань загасчин байгаагүй. Би худлаа ярьчихсан юм” хэмээн дурсжээ. Тэр хахир хатуу Харви Уэйнштэйнийг ингэж л хуурч дөнгөсөн гэнэ.
Тасралтгүй хамтын ажиллагаа
Бун Жун Хогийн нэг баримталдаг зарчим нь гэвэл тэр хамтарч ажилладаг жүжигчин уран бүтээлчидтэйгээ урт хугацаанд хамтран ажиллах хандлагатай байдаг гэнэ. Магадгүй түүний киног үзвэл үүнийг уншигч та түвэггүй ойлгох билээ. Түүнтэй хамтран ажилладаг жүжигчид гэхэд багадаа л хоёр кинонд нь тоглосон байдаг.
Тухайлбал, жүжигчин Сун Кан Хо л гэхэд “Алуурчны дурсамж”, “the Host”, “Snowpiercer” болон “Шимэгч” зэрэг дөрвөн ч кинонд нь гол дүр бүтээсэн юм. Англи жүжигчин Тилда Свинтон ч Okja, Snowpiercer кинонд нь тоглож байлаа.