“Монголын мэдээ” сонин энэ долоо хоногийн дугаартаа жендэрийн тэгш эрх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхийн тулд ямар шийдэл гаргах ёстой талаар судлаачийн нийтлэл, улстөрчийн ярилцлагыг цувралаар хүргэсээр байна. Тэгвэл энэ удаа Монголтой ижил төстэй болон бусад улс орнууд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангадаг, мөн бид “хуулж” болох сайн жишээ юу байгаа талаарх мэдээллийг бэлтгэлээ. Квот гэдэг нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн төрийн эрх барих байгууллага дахь төлөөллийн хуульчлагдсан тоо хэмжээ. Квот нь орчин үеийн нийгэм дэх хүйсийн тэгш байдлын тухай ойлголтоос үндэстэй. Гол зорилго нь эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг нэмэгдүүлэх замаар улс төрийн амьдралд оролцуулж, шийдвэр гаргахад нөлөөлөх боломжийг бүрдүүлэх явдал юм.Олон орны төрийн эрх барих байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байдаггүй. Тиймээс жендэрийн тэгш эрх, эрх мэдлийн хуваарилалтыг хангахад хамгийн үр дүнтэй арга болж буй квотын систем нь төлөөллийн ардчиллын нөхцөлд хамгийн шударга арга зам ажээ. Эдүгээ дэлхий дахинд квотын систем нь зорилгоо биелүүлж амжилтад хүрсэн хэд хэдэн орон бий. Скандинавын орнуудад (Швед, Финлянд, Исланд, Норвеги, Дани) эмэгтэйчүүд парламентад 30-56.3 хувийг эзэлдэг.
Европын бусад орнуудад (Андорра, Нидерланд, Бельги, Испани Герман, Серб, Словени, Беларусь, Македони), мөн Латин Америкийн зарим оронд (Куб, Никарагуа, Коста-Рика, Аргентин, Эквадор, Гайана), Африкийн хэд хэдэн оронд (Руанда, Сейшелийн арлууд, Сенегал, ӨАБНУ, Мозамбик, Ангол, Танзани, Уганда, Непал, Бурунд) эмэгтэйчүүд парламентын шийдвэрт нөлөөлөх хэмжээнд ажилладаг. Жендэрийн тэгш бус оролцоог харуулдаг 2020 оны олон улсын шинэ тайланд ирэх 99.5 жилийн хугацаанд тэгш байдал хангагдахгүй хэмээн тооцоолсон аж. Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орны эдийн засаг, улс төр дэх эмэгтэйчүүдийн тэгш байдал хангагдаагүй, сул хэвээр байгаа бөгөөд 149 орны дөнгөж 18 хувьд нь эмэгтэйчүүд улс төрийн өндөр албан тушаал хашиж буй бол зургаан хувьд нь нэг ч эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшний сайдын албан тушаал эрхлээгүй. 2018 оны тоон баримтаас үзвэл 149 орны 17 нь эмэгтэй Ерөнхий сайдтай. Түүнчлэн, хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дэлхийн 153 орны 85 нь түүхэндээ хэзээ ч эмэгтэй төрийн тэргүүнтэй байгаагүй аж. Тэдгээрийн нэг нь Монгол Улс. Хэдийгээр эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хүчтэй байсан ч жендэрийн шударга хуваарилалт нийгэмд жинхэнэ утгаараа хэрэгжих нөхцөл зөвхөн Жендэрийн тухай хууль батлагдсаны дараа бүрэлдсэн байдаг аж. Тухайлбал, Жендэрийн тухай хуулийг Исланд 1976, Дани 1978, Норвеги 1979, Швед 1980, Финлянд 1987 онуудад тус тус баталж байв. Скандинавын орнуудад намын идэвхтэн эмэгтэйчүүд жендэрийн тэгш байдлыг хангахын тулд намын дотор квот тогтоох зөвлөмж боловсруулахаас эхлээд (Швед), намын доторхи болон парламентын сонгуульд квотыг хуульчлах хүртэл (Норвегия) төрөл бүрийн аргыг хэрэглэсэн байдаг. Тиймээс сайн туршлага болж буй таван улс орныг энэ удаагийн дугаарт онцолж байна.
Швед
Шведийн Хууль тогтоох дээд байгууллагыг “Риксдаг” гэх бөгөөд 349 суудалтай. Үүний 161 нь эмэгтэй бол 188 нь эрэгтэйчүүд. Энэ үзүүлэлтээрээ тус улс улс төр дэх жендэрийн тэгш байдлыг хангасан сонгодог жишээнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна. Шведэд их сургууль төгсөгчдийн 3/2 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Мөн нярай хүүхдээ асарч буй ээжүүдийн амралтад уян хатан ханддаг. Энэ улсад нийгмийн бүх л салбарт жендэрийн тэгш эрхийг хангуулах тусгай алба ажилладаг аж. Дэлхийн I дайны төгсгөлд Европыг цочирдуулсан хувьсгалын үр дүнд орон нутгийн сонгууль, парламентын сонгуульд эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил тэгш эрхтэй байх эрхийг олгожээ. 1919 онд Шведийн парламент эмэгтэйчүүдэд тэгш эрх, сонгогдох эрх олгох шийдвэр гаргаж, 1921 оны сонгуулийн дараа Үндсэн хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг хоёр дахь удаагаа баталснаар шинэчлэлийг баталсан байна. Харин 1960-1970-аад оны үед эмэгтэйчүүдийн улс төрийн үйл ажиллагааны хоёр дахь давалгаа эхэлжээ. Энэ нь зөвхөн тэгш эрх төдийгүй эмэгтэйчүүдэд тэгш боломж, цаашлаад жендэрийн тэгш нийгмийн дэг журмыг хангахад чиглэгдсэн хөдөлгөөн байв. Швед улсад өмнө нь эмэгтэй Ерөнхий сайд байгаагүй. Харин сүүлийн 20 жилийн турш эмэгтэйчүүдийн Засгийн газрын гишүүнчлэл нэмэгдсэн нь онцгой тохиолдол болж байв. Тус улсын анхны эмэгтэй сайд Карин Кох-Линдберг 1947 онд эдийн засгийн сайдаар сонгогдож байсан бол тэр үеэс 1973 он хүртэл Засгийн газарт тавхан л эмэгтэй сайд байжээ. Харин Олоф Палме 1973 онд гурван эмэгтэйг нэр дэвшүүлснээр шинэ чиг хандлагыг эхлүүлсэн. Тэр цагаас хойш шинэ кабинет бүрт эмэгтэйчүүдийн илүү их хувийг эзлэх болсон. Өнөөдөр Шведийн үндэсний засгийн газрын эмэгтэйчүүдийн тоо 57.9 хувь байна.
Никарагуа
Бүгд найрамдах Никарагуа улс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо өндөр. Тус улсын үндэсний ассамблейн 91 суудлын 43 нь эмэгтэй бөгөөд энэ нь 47 хувийг эзэлж байгаа юм. Тус улс сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг хуульчилсан. Тодруулбал, 2000 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 82.4-д “Үндэсний ассемблейн сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдийн нэр дэвшигчдийн квот нь эрэгтэй, эмэгтэй адил тэнцүү буюу 50 хувь байх ёстой” хэмээн тусгасан байдаг аж. Жендэрийн тэгш байдлын үнэлгээгээр Никарагуа улс Латин Америкийн орнууд дундаа манлайлдаг. Гэхдээ байдал аль эртнээс ийм байсан уу гэвэл үгүй. 1979 онд Сандинистагийн хувьсгал эхлэх хүртэл эмэгтэйчүүдийн амьдралд ямар нэг өөрчлөлт байгаагүй. Харин “Сандиниста” хувьсгал өрнөж, идэвхтэн гишүүдийн 67 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Хувьсгалын үр дүнд Никарагуагийн эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангах тухай яриа, бодлого, хөтөлбөрүүд 1980-аад оны эхээр гарч эхэлжээ. Никарагуагийн эмэгтэйчүүд 1955 онд сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулсан бөгөөд Сандинистагийн хувьсгалаар эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргахад дуу хоолойгоо хүргэж эхэлж, 2012 он гэхэд удирдах албан тушаал хаших эмэгтэйчүүдийн оролцоо 33.9 хувьд хүрсэн. 1990 онд Никарагуа эмэгтэй Ерөнхийлөгчтэй байлаа.
Исланд
Исланд бол эмэгтэйчүүдийн тэгш байдлын индексээр сүүлийн 10 гаруй жилийн турш тэргүүлж буй орон. Хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийнх нь 88 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг бол Их дээд сургуульд суралцаж буй оюутнуудынх нь 65 хувь нь эмэгтэй, УИХ-ын гишүүдийн 41 хувь нь эмэгтэй. Гэхдээ цалингийн хувьд эмэгтэйчүүд одоо ч эрчүүдээс дунджаар 14 хувиар бага цалин авдаг гэсэн статистик тоо байна. Исландын хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүд хамгийн өндөр хувийг эзлэх бөгөөд хүүхэд төрүүлсэн тохиолдолд эцэг, эхэд аль алинд нь гурван сарын амралт олгодог. Исландад 1915 онд эмэгтэйчүүд санал өгөх эрхээ анх удаа баталгаажуулж байжээ. 1840-өөд оны үед тус улсад тодорхой хэмжээний өмчтэй, татвар төлдөг эрчүүд л санал өгөх эрхтэй байсан бол 1915 онд эмэгтэйчүүд санал өгөх эрхээ баталгаажуулж чаджээ. Гэхдээ 40-өөс дээш насны эмэгтэйчүүд л санал өгөх ба сонгогдох эрхгүй байв. Харин 1920 онд эдгээр хязгаарлалтыг цуцалж байжээ. Исланд хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчтэй улс болж байлаа. 1975 онд Исландын эмэгтэйчүүд нийгэмд нөлөөгүй, эрчүүдээс бага цалин авдгаасаа залхаж, өөрсдийн байр суурь, тэгш эрхийг баталгаажуулахаар гудамжинд гарч жагссан юм. НҮБ тухайн жилийг “Эмэгтэйчүүдийн жил” болгон зарласан байсан учир эмэгтэйчүүдийн “Улаан оймстнууд” хөдөлгөөн ажил хаяхыг уриалж, аравдугаар сарын 24 гэхэд эмэгтэйчүүдийн 90 хувь нь нэгдсэн байна. Хүүхдээ асрах, хоол хийх, ар гэрээ авч явахаас гадна үндсэн ажлаа хийхийн тулд бүгд нэгэн зэрэг гудамжинд гарч эрхийнхээ төлөө тэмцсэн түүхтэй. Уг эсэргүүцлээс хойш нэг жилийн дараа жендэрийн тэгш байдлыг хангах зөвлөл байгуулагдаж, тэгш эрхийг хангах хууль батлагдсан юм. Ингэснээр эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх маш том боломж нээгдсэн гэж үздэг. 2015 онд тус улсын парламентын 44 хувь буюу 28 эмэгтэй гишүүнтэй байсан. Исландын улс төрийн сүүлийн 36 жилийн 20-д нь эмэгтэй Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тус улсыг удирдаж байлаа. 2016 оны сонгуулийн 63 суудлын 30-д эмэгтэйчүүд сонгогдож, дэлхийн хамгийн жендэрийн тэгш байдал хангагдсан парламент болж байв.
Норвеги
Норвеги Улс таван сая гаруй хүн амтай, Монгол Улсаас дөрөв дахин жижиг газар нутагтай. Байгалийн хий, газрын тосны ихээхэн нөөцтэй, нэг хүнд ногдох ДНБ-ий үзүүлэлтээр эхний гуравт, хүний хөгжлийн индексээр дэлхийд нэгт ордог. Жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээрээ ч мөн дэлхийн сонгодог жишээнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна. Тус улсын өнөөгийн Ерөнхий сайд нь эмэгтэй. Ерна Солберг 2013 онд Ерөнхий сайдаар сонгогдсон бөгөөд Норвегийн хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд юм. Түүний кабинетын 18 гишүүний долоо нь эмэгтэй. Тэдний дунд хамгийн хүчирхэг, нөлөө бүхий улстөрчдийн нэг эдийн засгийн сайд Сив Женсен ч багтаж буй. Улс төр дэх жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн квотыг багадаа 40 хувьд барих нь Засгийн газар, парламентын гол зорилгуудын нэг. Одоогийн байдлаар тус улсын парламентын 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Норвегийн эмэгтэйчүүд 1913 онд улс төрд өөрсдийн төлөөллөө сонгох, санал өгөх эрхээ баталгаажуулжээ. Гэхдээ эмэгтэйчүүд улс төрд эрчүүдийн нэгэн адил манлайлахад бусад олон улсын адил нэлээд хугацаа зарцуулагдсан. 1970-аад онд эмэгтэйчүүд өөрсдийн нийгэмд эзлэх байр суурь, адил цалин авах, тэгш эрх, үр хөндөлт хийлгэх эсэхээ өөрсдөө шийдэх зэрэг эрхийн төлөө тэмцэж эхэлжээ. 1979 онд Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль батлагдаж, улмаар 1986 онд Гро Харлем Брундтланд тус улсын хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болжээ. Тэрээр өөрийн кабинетаа бүрдүүлэхдээ тал хувийг нь эмэгтэйчүүдээс бүрдүүлж байсан түүхтэй. Ерөнхийдөө Норвеги бүхий л салбар дахь эмэгтэйчүүдийн квотыг 40-өөс багагүй хувьд барих зорилт тавьсан байдаг. Батлан хамгаалах яам нь гэхэд жендэрт суурилсан бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд 1997 оноос хойш төрсөн охид цэргийн алба хаадаг болсноос гадна 2016 онд цэргийн албанд татагдан бэлтгэгдсэн хүмүүсийн гуравны нэг нь эмэгтэйчүүд байжээ. 1999 оноос хойшхи 2001-2002, 2011-2012 онуудыг эс тооцвол бүх Батлан хамгаалахын сайд нар нь эмэгтэй байсан. Жендэрийн тэгш бус байдлаас зайлсхийхийн тулд Норвегийн Засгийн газар ажил олгогчид эрчүүдийн оронд тухайн ажилд сайн мэргэшсэн эмэгтэйчүүдийг ажилд авах ба эмэгтэйчүүдийн хийдэг хүүхэд асрах гэх мэт ажлуудад эрчүүдийг сонгож ажиллуулах ёстой гэж зааж өгчээ.
Финланд
Финлянд улс нь Европтоо эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрхийг 1906 онд хамгийн анх олгож, Жендэрийн тэгш эрхийг хангасныхаа төлөө олон улсын шагнал хүртэж байлаа. Одоо ч дэлхий дахинд жендэрийн тэгш эрхийг хангахад тодорхой нөлөө үзүүлж байгаа орон гэгддэг билээ. Эмэгтэй хүн сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулсны дараа тус улсад анхны сонгууль болоход парламентад нь 19 эмэгтэй сонгогдож байсан бөгөөд өнөөдрийг хүртэл эмэгтэйчүүд улс төрд голлох үүрэг гүйцэтгэсээр иржээ.1926 онд Миина Силланпаа тус улсын анхны эмэгтэй сайд болсон. Харин хожим Финланд улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Тарья Халонен 2000, 2006 онд хоёр удаа сонгогдсоноос гадна 2011 оны парламентын сонгуулиас хойш эмэгтэйчүүдийн төлөөлөл 42.5 хувьтай байх болжээ. 2003 онд Аннэли Яйттейнмаки Финландын анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон бол 2007 онд Матти Ванханений хоёр дахь Засгийн газар түүхэндээ анх удаа эрэгтэйчүүдээс илүү олон эмэгтэй сайдтай байжээ. Финландад эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь оролцоо маш өндөр. Тус улсын Засгийн газарт 12 эмэгтэй сайд багтдаг бол эрчүүд ердөө долоо л байдаг гэнэ. Финландын Ерөнхий сайдаар залуухан эмэгтэй сонгогдсон нь тухайн үедээ л шуугиан тарьж байсан билээ. Эдүгээ 34 настай Ерөнхий сайд Санна Марин дэлхийн хамгийн залуу удирдагчдын нэг. Тэрбээр өмнө нь Тээврийн сайдаар ажиллаж байсан бөгөөд кабинетаа бүрдүүлэхдээ ихэнх сайдад эмэгтэй хүнийг томилсон байдаг. Үүгээр зогсохгүй тус улсын парламентын гишүүдийнх нь бараг тал нь буюу 47 хувьд эмэгтэйчүүд сонгогджээ.