ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Идэрцог: 60 тэрбумын бичлэг эвлүүлэг учраас хэрэг үүсгэх боломжгүй

O.Admin
2018-06-26

АТГ-аас сүүлийн үед хийж буй ажил, үйл ажиллагааныхаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоос цөөн асуултад хариулт авлаа.

-Ц.Нямдорж сайдыг шалгуулах хүсэлтийг АТГ-т гаргасан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хэдхэн минутын өмнө иргэдээс өргөдөл ирсэн. Бид танилцаад хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ.

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нартай хол­боо­той хэрэг хэр ахицтай байна вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээтэй хол­бог­дох хэрэг шалгагдаж байгаа. Цаг хугацаа зар­цуул­сан, ажиллагаатай асуу­дал учраас мөрдөн шал­гах ажиллагаа хараахан дуу­саа­гүй. Хэн нэгэн албан тушаалтан хэсэг бүлэг хүмүүсийн шахалт шаард­лагаар асуудлыг хур­дан шуур­хай шалгаж, шийд­вэр­лэнэ гэж байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа  про­ку­ро­рын хяналт дор явж байгаа. Бид аль болохоор түргэн шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. 

-АСЕМ-ын зохион бай­гуулалттай холбоотойгоор 17 албан тушаалтныг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл байна.  Эдгээр хүмүүсийн нэрийг нь зарлах боломж байна уу?

-Шинэ хуульд заасны дагуу хэрэг бүртгэлтийн шатанд байгаа хэргийн эзэн холбогдогч, ААН, байгууллагын нэрийг дурдах боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Бид нэрийг нь зарлах боломжгүй. АСЕМ-тай хол­боотой асуудлыг манай байгууллагын мөрдөн шалгах хэлтэст хэрэг мөрдөлтийн бүртгэл нээгээд шалгалт явагдаж байгаа. Саяхан Үндэсний аудитын газраас АСЕМ-тай холбоотой бүхий л үйл ажиллагааг шалгаж, тодорхой албан тушаалтнуудын зөрчилтэй асуудлыг илрүүлсэн. Бид хэрэгжсэн, зарцуулагдсан, мөнгө төгрөг төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлыг хянаад явж байна. 

-Гучин сая төгрөг хахуульд авчхаад 576 мянган торгууль төлсөн. Мөн 120 сая төгрөгний хахууль  авчхаад зургаан сая төгрөгийн торгууль төлөөд гарсан гэдэг мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ? 

-Шүүхийн шийдвэрт бид үнэлэлт дүгнэлт өгөх эрх байхгүй. Улаанбаатар дулааны сүлжээ компаний гурван ажилтан 30 сая төгрөгийн хахууль авсан асуудлыг шалгаад шүүхэд шилжсэн боловч шүүхээс энэ нь хахууль биш хууль бусаар авсан бэлэг, шан харамж байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бэлэг нь өөрөө ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар хориглосон хязгаарлалтыг зөрчсөн. Үүнийг нь улсын орлого болгоод өөрсдийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгосон. Энэ нь ашиг сонирхлын хуулийн хэрэгжилттэй холбоотой шийдвэр байх. 

-60 тэрбумын асуудлыг АТГ хаасан учраас  иргэд танай байгууллагыг эрх мэдэлтэй хүмүүст үйлчлээд байна гэж хардаад байгаа?

-Төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох гэж байна гэсэн утгатай өргөдөл гомдолд эрүүгийн хэрэг үүсгээд татгалзаж шийдвэрлэсэн. Дараа нь дахин эрүүгийн хэрэг үүсгэж, ТЕГ, ЦЕГ, АТГ-ын хамтарсан тушаалаар ажлын хэсэг гарч  мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд гурван байгууллага өөрсдийн хуулиар хариуцагдсан чиг үүргээрээ ажлаа хуваарилан авч шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр цугларсан нотлох баримтаар нэр бүхий хүмүүсээс гаргаж ирсэн бичлэгийн асуудал бий. Эдгээр бичлэгүүдийг шинжилгээний байгууллага шинжлээд эвлүүлэг байна гэсэн шийдвэрийг гаргасан. Бичлэг хийсэн тоног төхөөрөмж, эх хувиа байлгах шаардлага тавьсан. Бичлэгийн тоног төхөөрөмжийн эх хувь олдоогүй. Нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа. ЦЕГ, АТГ, ТЕГ-аас хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хээл хахууль өгч албан тушаалд томилогдсон байдал тогтоогдоогүй. 

-Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг төвийн дарга нарыг шалгуулах хүсэлт гаргасан. Энэ хэргийг шалгах үндэслэл байгаа юу? 

-Х.Баянмөнх аваргаас бөхчүүдийн допингтой холбоотой асуудал манайд ирсэн. Хяналт шалгалтын ажил явагдаж байгаа.  

О.ЦЭЦЭГСҮРЭН