Ираны нийслэл Тегеран хотын хамгийн том худалдааны төв болох “Гранд Базаар”-ын худалдаа эрхлэгчид тус улсын мөнгөн тэмдэгт болох риалын ханшийн уналтыг эсэргүүцэн зам хааж, эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Жагсаалд оролцогчид “Иран хүн мөн л юм бол биднийг дэмжээч” хэмээн хашгиран чулуу шидэж байсан бөгөөд цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглаж байсан аж. “Гранд базаар” худалдааны төвийн захирал Абдоллах Эсфиандари “Худалдаа эрхлэгчдийн тавьж буй шаардлага хууль ёсных. Тэд энэ удаагийн жагсаалаараа валютын зах зээлийг илүү тодорхой болгохыг л хүсч байна” гэж хэвлэлд ярьсан байна.
Ираны риалын ханш сүүлийн зургаан сарын дотор 50 хувиар унажээ. Тодруулбал, зах зээлд нэг ам.доллар 85000 риалтай тэнцэх болсон байна.