Дэлхий дахинд коронавирусын халдвар тархаж, хөгшин Европ сандарч тэвдэж эхэллээ. Итали, Франц, Америк тэр чигээрээ үймж байна. Дэлгүүр хоршоо нь хоосорч, ихэнх улс орнууд хилээ хааж, лалын орнууд ард иргэдээ гэртээ бүгэхийг уриалж байна. Арлын орон ирэх наймдугаар сард болох олимпийн наадмыг нэг жилээр хойшлууллаа. Хятад улс гадаадаас ирж байгаа элэг нэгтнүүд халдварын тархалтын хоёр дахь том дэгдэлтийг үүсгэж болзошгүй гэж хатуу анхааруулж байна. Италичууд хэвтэх эмнэлэггүйгээс гадаа гудамжиндаа хэвтэж байна. Энэ мэт мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр хөвөрсөөр. Харин Монголд урь унаж ус гэсээд хаврын нар хүмүүсийн сэтгэл санааг ч дагуулж тайвшруулаад байх шиг. Гадаа хүүхдүүд тоглох нь ихэсч, залуус гоёж гоодоод нимгэн хувцсандаа орлоо. Маск зүүх, гараа ариутгах, олон нийтийн газраар явахгүй байх сэрэмжлүүлэг анхааруулгын хүч суларсаар.
Хятад улс хоёр дахь том дэгдэлт болж магадгүй гэж болгоомжилж байхад монголчууд махаа идээд, чацарганаа уугаад яваад байхад айлтгүй гэж тайвширч эхэллээ. Вирусын халдвартай арван хүнээ юу юугүй эмчилчихэж байна, франц иргэний бие сайжирч байна гэж баярлацгааж байна. Эдийн засаг нь тогтвортой, ард иргэдийнх нь амьжиргааны түвшин дээгүүр, баян орныхон коронавирусээс үхтлээ айж эхэллээ. Хаяа хөрш оронд нь халдварын голомт байсаар атал монголчууд ийн назгайрч байгаа нь хамгийн их аюул дагуулж мэдэхээр байна. Өндөр хөгжилтэй орнуудын иргэд маск оёод зүүж мэдэхгүй, байхад монголчууд торгоор урлаж, даавуугаар орлуулаад яаж л бол яаж хийгээд зүүцгээж байгаа нь сайн хэрэг. Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлаа бодитоор хэлэлцэж шийдвэр гаргаж дорвитой арга хэмжээ авчихвал, Улсын онцгой комисс онцгойлон шийдвэр гаргаж хөл хорио тогтоохгүй энэ хэвээр байвал вирусын тархалт хяналтаас гарвал яах вэ.
Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд боломжтой бол ажилтнуудаа ар гэрээс нь ажлаа явуулах нөхцөл боломжоор хангаж өгмөөр байна. Онцын шаардлагагүй үйлчилгээний салбаруудад хатуу хөл хорио тогтоомоор байна. Хүнсний дэлгүүрүүдээс бусад худалдааны төвүүдийг ч хэсэг хугацаанд хаамаар байна. Гадаадад байсан монголчуудаар дамжиж “импортлогдсон” гээд халдварт вирусыг тоохгүй хаямааргүй байна. Хавар цаг болдгоороо болно, зун ч ирдгээрээ ирнэ. Харин халдварт тахал цаг нь болохоор явчихна гэж тайвширч л болохгүй нь байна шүү. Монгол тайвширч, дэлхий сандарч эхэллээ.