ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Наранбаяр сайд аа, нийгмийн багш физик зааж л байг уу

O.Admin
3 цагийн өмнө

Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцээд Ерөнхий боловсролын сургуульд 3200 багшийн орон тоо дутагдаж байгаа гэсэн хэцүүхэн мэдээлэл гарч байсан. Энэ сул орон тоог дадлагажигч багш ажиллуулах, тэтгэвэрт гарсан багш нарыг “улираах” байдлаар шийднэ гэж Боловсролын сайд П.Наранбаяр хэлж байв.  Тэр аргуудаа ч хэрэглэж л байгаа. Гэхдээ сумын сургуулиудад яамны бодлого хэр зэрэг хүрч байгаа вэ.  Тэр талаар шалгадаг, асуудаг газар гэж байна уу.  Сумын сургуулийн захирал хүүхдүүдийн хувь заяагаар хүртэл тоглож, багш нараа ч бөөрөлхөх хандлага гаргасаар байгааг яах билээ.  Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдүгээр сургуулийн захирал н.Энхтуяа гэдэг хүн 300 шахам хүүхдийн суралцах эрхийг хохироож байна. Энэ талаар сурагчид нь гомдол гаргаж, өргөдөл өгөөд ч амжилт олоогүй аж. Тэнд яг юу болоод байна вэ.  Г.Долгармаа гэдэг физикийн багш 30 гаруй жил багшлаад, сая тэтгэвэртээ гарч.  Олон хүүхэдтэй гэх мэт зарим зохицуулалтын дагуу 55 хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарчихсан юм билээ. Гаргасан гэвэл илүү тохирох ч юм уу. 

Сургуулийн захиргаанаас түүнд “Хэрвээ мэргэжлийн багш олдохгүй бол та үргэлжлүүлээд багшлаарай. Таныг дуудаж магадгүй шүү” гэж сануулж байсан юм билээ. Гэтэл энэ намар хичээл ороход түүнийг дуудаагүй.  Багшийнхаа орон тоог нөхөөд болчихсон гэж ойлгоод өөрийнхөө ажлыг зохицуулаад, хувийнхаа бизнесийг хийгээд явж байж. Гэтэл сургуулийнх ахлах, дунд ангийн хүүхдүүдийн төлөөлөл түүнд хандаж, сургуульдаа ирж багшлаач гэсэн байгаа юм. Яагаад тэтгэвэрт гарсан багшаас сурагчид хичээл заахыг хүссэний учрыг хайтал сургуулийн захиргаа, захирал н.Энхтуяа физикийн хичээлийг мэргэжлийн хүнд даатгаагүй байж.  6, 7 дугаар ангийн хүүхдүүдийн физикийн хичээлийн 11 цагийг нийгмийн багшид. Дулааны инженер мэргэжилтэй хүн есдүгээр ангийн хичээлийн зургаан цагийг даалгачихсан.  Харин мэргэжлийн ганц физикийн багшдаа 29.5 цагийн хичээл заах ачаалал өгөөд, дараад хаячихсан. Угтаа нэг баг 19 цагийн хичээл заахад стандарт гэж үздэг юм билээ.  Гэтэл 11, 12 дугаар ангийн, физикийн хичээлээр элсэлтийн шалгалт өгөх зорилготой 30-аад хүүхэд нэгдээд, сургуулийн захиргаанд өргөдөл өгч. Ядаж 11, 12 дугаар ангид Г.Долгормаа багшаар физикийн хичээлийг заалгаад өгөөч гэдэг утга бүхий. Гэвч н.Энхтуяа гэдэг захирал хүүхдүүдийн хүсэлтийг үл тоож, “Тэр багшаараа сургуулиас гадуур төлбөртэй заалгахгүй” гэх утгатай үгсээр загнасан байгаа юм.

Уг нь сурагчид өргөдөл дээрээ “Бид хичээлээс гадуур нэмэлт давтлага авч болох хэдий ч нэг сард 30 цагийн,  нийт 200 мянган төгрөгийг хүүхэд бүр төлөх шаардлагатай. Энэ нь бидэнд санхүүгийн хувьд хүндрэл учруулж байгаа тул” гээд нарийн бичсэн байсан. Гэтэл сургуулийн захиргаа асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан.  Энэ бол физикийн хичээлийг сонгон суралцаж байгаа маш олон хүүхдийн эрх ашгийг хохироож, цаашид энэ чиглэлийн мэргэжил сонгож суралцахад нь саад болж буй үйлдэл. Дахин давтан хэлэхэд,  дунд, ахлах ангийн 300-аад хүүхэд физикийн хичээлийг чанартай багшаар заалгаж чадахгүй хохироход хүргэж байгаа гэсэн үг.  Г.Долгармаа гэдэг багш төлбөртэй давтлага өгөөд, хүүхдүүдэд хичээл заагаад байж байхад асуудалгүй. Харин ч сургуульд ажилласнаас амар нь мэдээж. Гэхдээ сургуулийн захиргаа хүүхдүүдээ боддог бол заавал нийгмийн багш, дулааны инженер энэ тэрээр физикийн багшийнхаа орон тоог хүчээр бөглөж байхаар мэргэжлийн хүнийг авчихаж болно. Угаасаа хууль, журмаараа болно шүү дээ. Нэгдүгээрт, сургууль багшийн дутагдлаа нөхчихнө. Хоёрдугаарт, олон жил энэ хичээлийг заасан, үр дүн нь нүдэн дээр ил сайн багшаар хүүхдүүд хичээлээ заалгана. Хамгийн чухал нь, физикийн хичээл сонгосон хүүхдүүд нэмэлт төлбөр төлж, санхүүгийн ачаалал үүрэхгүй. Ийм боломж сургуульд байсаар байтал яагаад тэд хүүхдүүдээ хохироон барин ингэж муйхарлах болов.

Жаахан судалгаа хийгээд үзэхэд, н.Энхтуяа гэдэг захирал тэндээ өөрийнхөө вант улсыг байгуулчихсан нөхөр бололтой юм. Хууль, журмыг илтэд зөрчиж, дураараа авирладаг асуудал цөөнгүй байдаг аж. Тухайлбал, тус сургуульд найман жил багшилсан багшийг одоо болтол жинхлээгүй. Жинхлээгүй учраас авах ёстой нэмэгдлүүдийг нь өгдөггүй. Тэтгэвэртээ гарсан хэдий ч багшилж байгаа 4, 5 багш байдаг юм билээ. Тэдний ур чадвар, зэрэг, удаан жилийн нэмэгдлийг огт өгдөггүй гэж байгаа. Асуугаад, шаардлага тавихаар “Төсөв хүрэлцэхгүй” гэж амыг хаадаг. Яг үнэндээ боловсролын салбарт багшийн нэмэгдлүүдийг хасаад, танаад байгаа асуудал огт байхгүйг албаны хүмүүс хэлсэн байсан. Тэгэхээр үүний цаана захирал албан тушаалаа ашиглаж, хөдөлмөрийн мөлжлөгө, төсөв шамшигдуулах зэрэг ноцтой үйлдэл гаргаж байх ч магадлал байна. Үүнийг Боловсролын яам анхааралдаа авч, тодорхой шалгалт хийнэ гэж найднам. Мөн П.Наранбаяр сайдыг нүдэн балай, чихэн дүлий орхихгүй гэж итгэж байна. Боловсролын салбар арай ч ингэж дампуурах ёсгүйсэн.