Гэр бүлийн хүчирхийллээс биеэ хамгаалахын тулд нөхрийнхөө амийг бүрэлгэсэн өсвөр насны охинд анхан шатны шүүхээс цаазын ял ногдуулсан хэрэг Суданд гарсан. Тэгвэл уг хэргийг тус улсын дээд шүүх өчигдөр хянан хэлэлцээд, цаазын ялыг өөрчилж, чанга дэглэмтэй хорих ангид таван жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эдүгээ 19 настай Нора Хуссейн гэх охин 16 настай байхдаа эцэг, эхийнхээ шахалтаар гэрлэсэн нөхрөө бүрэлгэсэн хэргээр өнгөрсөн сард цаазын ял сонсоод байсан юм. Тэрбээр шүүх хурлын үед гэрлэснээсээ хойш нөхөр нь байнга хүчирхийлж байсан гэдгийг онцолсон байдаг.
Харин тус шүүх хурлын талаарх мэдээлэл ил болсны дараа НҮБ, Олон улсын хүний эрхийн байгууллагууд охиныг хамгаалах чиглэлээр дуугарч эхэлсэн юм. Охин нөхрийнхөө эцэг, эхэд мөн 337500 судан паунд төлөх аж.