Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн зөвшилцсөний үр дүнд хөнгөн ялтай хоригдлуудыг суллахаар шийдвэрт хүрчээ.
Энэ тухай мэдээлэл өчигдөр ээлжит чуулганы хуралдаанаар яригдсан ч албажсан эсэх нь тодорхой бус байсан юм. Тэгвэл өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ мэдээллийг яригдаж байгаа, судалгааны шатанд явж байна гэдгийг тодотгов.
Тэрбээр, энэ талаар ярихдаа “Дэлхийн олон улс орон цар тахлын үед хамгийн эрсдэлтэй бүлэг гэдэгт хорих ангийг тооцож байгаа. Тиймээс хөнгөлж чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байна.
Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэх байдлаар чөлөөнд гаргах тухай ярьсан. Үүнийг ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болсон. Энэ хүрээнд хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх боломжийг судалж байна. Энэ нь гэхдээ цар тахлын үеэр гэдгийг тодотгож өгнө” гэлээ.