ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэтхэгт байгаа монголчууд хоол хүнс, орон байрны хомсдолд оржээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-11

Коронавирусийн халдварын улмаас Бүгд найрамдах Энэтхэг улсаас эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа Монгол иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт хандан хүсэлт ирүүлсэн байна.

Энэтхэг улсад суугаа иргэд хүсэлтдээ,

“ Бүгд Найрамдах Энэтхэг Улсад байгаа Монгол Улсын иргэдийн төлөөллөөс 2020 оны 3 дугаар сарын 23 болон 30-ны өдөр төр, засгийн холбогдох байгууллагуудад хандан өргөдөл хүсэлт гаргасан. Үүнээс хойш тус улсад шинэ төрлийн коронавируст (COVID-19) халдвар эрчимтэйгээр тархаж, өдөр ирэх тусам нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул ийнхүү дахин хандаж байна.

Энэтхэг улсад байгаа монголчууд бол коронавируст халдварын үеэр дэлхийн өнцөг булан бүрт хүнд нөхцөл байдалд байгаа олон монголчуудын л нэг хэсэг нь юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Энд эмчилгээ хагалгаанд ирсэн, тэднийг асран халамжилж байгаа, ахмад настай, нялх нярай хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шашны ном үзэж байгаа хүүхэд багачууд, лам хувраг, хувиараа болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан урт болон богино хугацаагаар суралцаж байгаа оюутан залуус, төрийн албан хаагчид, түр хугацаагаар зорчиж явсан гээд олон төрлийн шалтгаан, нөхцөлтэй хүмүүс бий.

Бид өдөр тутамдаа ялгаварлан гадуурхалд өртөх, халдлага дайралтын золиос болох, сэтгэл санааны хохирол амсах, хоол хүнсний хомсдолд орох, өвчин тахлын халдвар авах эрсдэл, мөнгө санхүү дуусах, орон байр олдохгүй байх гээд олон бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч улс эх орон маань удахгүй иргэдээ авна гэсэн итгэлээр асуудал эрсдэлийг даван туулж байна. Хэдий тийм боловч тус улсад ирээдүйд бодитой нүүрлэж болох дараах хэд хэдэн аюул гамшгаас энд байгаа хүн бүр өдөр ирэх тусам түгшиж, улс орон, төр засгийнхаа шийдвэрийг хүлээж байгаа учраас ийнхүү ахин дахин хандаж байгаа учиртайг ойлгуулахыг хүсэж байна” гэжээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин: "Гадаадад байгаа монголчуудын байдал өдрөөс өдөрт хэцүү болж байна. Тэндээс явуулж буй мессэжээс бид сайн мэдэрч байгаа. Бид аль болохоор энэ иргэдээ татаж авчрах юмсан гэсэн эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Он гарснаас хойш бид 6000 гаруй иргэдээ авчирсан, дахиад 6000 иргэн ирэх хүсэлтэй байна. Бүгдийг нь татаж чадахгүй нь. Манайд 250 хүн тээвэрлэх чадвартай хоёр онгоц бий. Нисэх баг цөөхөн. Нэг нислэг хийгээд ирсэн багаа тусгаарладаг учраас ойр ойрхон нислэг хийж чадахгүй байна. Санаа байвч сачий заримдаа дутаад байна.

Би НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагад хүсэлт тавьсан. Гадаадад байгаа иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Ойрын хугацаанд хариу ирүүлэх байх. Засгийн газар энэ чиглэлээр ажиллаж байна. Одоо ирье гээд байгаа 6000 иргэнээс хэд нь гудамжинд хоолгүй ундгүй байна вэ, хэд нь наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчихсон байна вэ зэрэг судалгаа гаргахаар ажиллаж байна" гэсэн юм.

Түүнчлэн, Энэтхэгийн халдвар судлаачид 2020 оны дөрөвдүгээр сарын 15 гэхэд халдварын тоо огцом нэмэгдэж, Энэтхэгийн нийт хүн амын 10 хувь нь халдвар авах магадлалтай байна хэмээн тооцоолжээ. Одоогоор нөхцөл байдал хамгийн хүнд орон болж магадгүй гэдгийг аль эрт анхааруулаад байна.