ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

800 сая төгрөгөөс дээш давсан хөрөнгө, орлоготой зарим албан тушаалтны мэдүүлгийг хянажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-13

АТГ-аас ХОМ-ийг хянан шалгаж байгаа аж. Тухайлбал, хөрөнгө, орлого нь хэт өссөн болон давтамжтайгаар нэмэгдсэн албан тушаалтнуудын орлогын байдалд харьцуулалт судалгаа хийж байна. Улмаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, компанийн ногдол ашиг, хөрөнгө борлуулсны орлого нь их хэмжээтэй буюу их хэмжээгээр нэмэгдсэн байдалд нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна.Түүнчлэн цахим систем ашиглан 800 сая төгрөгөөс гурван тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө, орлоготой зарим албан тушаалтны мэдүүлгийг хянав.

Үүний үндсэн дээр ХОМ-т бүртгүүлсэн орлого нь хууль ёсны эсэх, татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд нь хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөв мэдүүлсэн эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, тэдгээрийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хянан шалгуулахаар Татварын байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлээд байгаа аж. Өмнөх онд мөн дээрх үндэслэлийн дагуу АТГ-аас нийслэл, дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран зарим мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн иж бүрэн шалгалтыг явуулж хамтран ажилласан байна.

Хамтарсан шалгалтыг явуулснаар ХОМ гаргагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхээс гадна нийтийн албан тушаалтан болон тэдний хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж Татварын байгууллагад тайлан, мэдээгээ үнэн зөв бодьтой тайлагнах, цаашлаад авлигатай тэмцэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа болж байгаа ажээ.