Хүн төрөлхтнийг цочирдуулсан аюулт цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцээд дөрвөн сар гаруй хугацааг үдэж байна. Өдөр бүр энэлэл хагацал тохиож, уйтай, гашуудалтай, айдастай өдрүүд үргэлжилж байна. Харин энэ бүхэн хэзээ намжиж, дуусахыг зөвхөн цаг хугацаа харуулах үлдлээ. Улс орнууд шаардлагатай арга хэмжээгээ авч байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл цар тахлын халдварыг зогсоох эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадаагүй. Халдварын тархалт минут, секунтээр хэмжигдэж, баян, хоосон, хар, шар, улаан өнгө ялгахгүй хүрч байна.
Энэ дунд гуравхан сая хүнтэй жижигхэн Монгол Улс алив байдгаараа хичээж, бүхий л арга хэмжээгээ авч байна. Түүний ачаар цар тахал зөөвөрлөгдөн ирж, дотооддоо тархаахгүйн тулд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, эмч мэргэжилтнүүд бүх чадлаа дайчлан ажиллаж байна. Үүний төлөө өнөөдөр хэн ч хариу нэхсэнгүй. Түүнчлэн халдварын эсрэг монголчууд нэгдэн хүмүүнлэгийн аян өрнүүлж, алдрай жаахан хүүхдүүдээс эхлээд азай буурал хүртлээ нэгдэн, нийлж чадлаа. Ард иргэд ариун цэвэр болоод амны хаалтаа тогтмол зүүж, төрийнхөө шийдвэрийг биелүүлж, түмэн олныхоо эрүүл мэндийг сахин хамгаалж байна. Бид нэгэн үзүүрт сэтгэлээр нийтийнхээ төлөө зүтгэж, хариуцлага хийгээд ухамсрыг дээд цэгт нь хүртэл биелүүлж буй. Ингэж бид хүчээ нэгтгэн аюулт цар тахлын эсрэг зогсож байна.
Гэтэл “сайны хажуугаар саар” гэдэг шиг өдгөө 30 орчим жил үйл ажиллагаагаа явуулж буй “Монос” групп монголчууддаа “молиго” үйлчилгээ үзүүлж, хэрэглээнд тулгуурласан луйврын үйл ажиллагаа явуулж байгаа нь олон нийтэд ил боллоо. “Монос” групп гар ариутгагч бодисын гол найрлагад 96 хувийн хүнсний спирт ашиглаагүй нь шалгалтаар батлагдсан гэж МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдэгдсэн юм. Түүнчлэн тус компани техникийн спиртээр гар ариутгагч зах зээлд нийлүүлж, ашиг олж байжээ. Өмнө нь нэг удаагийн эмнэлгийн цэнхэр маскыг дамлан зарсан асуудлыг ч гаргаж байсан удаатай. Тиймээс хүнлэг бус ард иргэдийнхээ эрүүл мэндэд заналхийлсэн “Монос” группын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой. Мөнгө олдоно. Харин эрүүл мэндийг юугаар ч худалдаж авч чадахгүй.