Шинэ төрлийн вирус дэлхий нийтэд тархаж эхэлсэн цагаас эхлэн олон газар хөл хорио тогтоож, Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг ч зогсоосон билээ. Иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа ч дархлаа муудаж эхэлсэн тохиолдолд ханиад хүрэх, мөн вирусийн өвчлөлд өртөх нь амархан болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас сануулж буй. Тиймдээ ч иргэдийн эрүүл мэндийг дэмжих үүднээс Засгийн газар шийдвэр гаргаж ууланд алхах гарц, фитнессийн үйл ажиллагааг нээхээр шийдвэр гаргасан юм.
Тэгвэл хөдөө орон нутгийн оюутан залуус ч гэртээ очоод зүгээр суухыг хүссэнгүй. Тэд өөрсдийн санаачилгаар аймаг, сумынхаа иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалж, өглөө эртлэн гүйх санаачилгыг эхлүүлсэн бөгөөд эрүүл мэнд, дархлаа дэмжих аяныг санаачилж эхэлсэн байна. Тухайлбал, ийм санаачилгыг анхлан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Биеийн тамирын багш Д.Түвшинбаяр нарын иргэд дэмжин эхлүүлж, хүүхдүүдийн хамтаар гүйж эхэлжээ.
Өдөр ирэх бүр нутгийн иргэд нэмэгдэн гүйж эхэлсэн байна. Залуус зүгээр ч нэг гүйгээд ирэхийг хүсээгүй бөгөөд өглөө бүхэн гүйхдээ сум орон нутгийнхаа жалга довоор байгаа хогийг цэвэрлэж эхэлсэн аж. Тэгвэл энэхүү гүйлтийн үеэр “Нэг өглөө-Нэг уут хог” челленжийг эхлүүлсэн ХААИС-ийн оюутан М.Мөнхзултай чатаар холбогдож цөөн зүйлийг тодруулав.
Тэрбээр, “Би дөрөвдүгээр сарын 11-нээс анхлан гүйж эхэлсэн. Анх гүйхэд 10 орчим хүн хамт гүйдэг байсан. Тэгээд хоёр өдөр гүйгээд сумын иргэдээ уриалах байдлаар челленж эхлүүлсэн юм. Ойр дотны найз нөхөд, ах дүү нарыгаа дуудаж эхлүүлэхэд маргаашнаас нь эхлээд 20 орчим хүн болж нэмэгдсэн. Нэг өдөр гүйж яваад замдаа таарсан хогийг хараад, энэ хогийг түүе гэж хамт гүйсэн хоёр хүн болох Г.Мөнхтулга, Д.Дөлгөөнтамир нартай ярилцсан. Ингээд зүгээр нэг гүйх бус өглөө бүхэн гүйхдээ нэг уут хог түүж болох юм байна гэж ярилцаад челленж эхлүүлсэн. Маргаашнаас нь “Нэг өглөө-Нэг уут хог” челленж зарласан юм. Челленжид хамгийн түрүүнд Баянзүрх сумын оюутан залуусын холбоо нэгдэж, дараа нь Сумын ЗДТГ-ыг уриалж, мөн ЕБС-ийн дүү нарыгаа уриалсан.
Ингэснээр гүйж байгаа хүн бүхэн нэгдэж чадсан. Хүмүүс маш сайхнаар хүлээн авч, одоо 50 гаруй хүн өглөө эрт гүйж, мөн сумынхаа эргэн тойрныг цэвэрлэж байгаа. Сумын багш нар ч идэвхтэй нэгдэж эхэллээ. 10 жилийн хүүхдээс эхлээд багш, тамгын газрын ажилтан, ахмад буурлууд хүртэл нэгдэж эхэлсэн. Сумыг тойроод маш олон хүн гүйж байгаа нь харагддаг болсон” хэмээлээ. Улс орон даяар хөл хорио тогтоосон ч маскаа тогтмол зүүж, дасгал хөдөлгөөн хийхийг нийт иргэддээ уриалж буй эдгээр залуусын ажилд нь амжилт хүсье. Шинэ цагийн түүчээ болсон залуусын харилцаа, хандлага, аливаад манлайлах чадвар улам бүр нэмэгдсээр буйн бодит жишээ энэ билээ. Энэхүү сайн жишгээс бусад сум, аймаг, орон нутгийн иргэд ч суралцаж, бусаддаа зөвөөр үлгэрлээсэй хэмээн хүсч байна.





