ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх уралдаан зарлалаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-25

“Урт цагаан” үйлчилгээний төвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр нар мэдээлэл өглөө. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр “Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарсан. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой. Уралдааны концепц, загвар зураг төсөл боловсруулах хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна. Бүтээлийг тавдугаар сарын 11-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна” гэв.