ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“200 мянган малчин ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны мохоо шийдвэрийн золиос болж байна”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-25

Монгол Улсын хэмжээнд 200 мянган малчин өрх, 800 мянган хүний орлогын эх үүсвэр хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй хүлээлтэд байгаа билээ. Төрөөс ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн ч энэ онд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр асуудлыг шийдвэрлэж, кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй хэмээн амалсан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлсэн үгнээсээ буцаж, зөрүүтэй тайлбар удаа дараалан хийж байгаа нь малчдын бухимдлыг төрүүлээд байна. Тэр ч бүү хэл, аймгуудад тусгайлсан үнэ тогтоож, ялгавартай хандаж байгаа нь малчдад таалагдахгүй байгаа гэлээ. Ингээд ноолуурын эргэн тойронд “Хэн юу хэлэв” сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэлээ.

УИХ-ын гишүүд байр сууриа ингэж илэрхийлэв.

Л.Энх-Амгалан: Хөдөө, орон нутагт маш том хүлээлт үүсчихсэн

/УИХ-ын гишүүн/

-Хөдөө, орон нутагт маш том хүлээлт үүсчихсэн. Зүүн гурван аймагт сайн ноолуур байна гэдэг бол буруу. Хөвсгөл, Баянхонгор маш сайн ноолууртай. Бид буруу замаар яаж будаа тээчихгүй явах вэ гэдэг асуудал тулгарч байна. 300 тэрбум төгрөг гэдэг бол нийт ноолуурын 30 хувь. Гэтэл 2400 тоннын гэрээ байгуулсан гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ярьж байна. Бодлогын гэрээ, зээлийн гэрээ гэдэг бол хоёр өөр ойлголт шүү дээ.

Д.Тогтохсүрэн: Малчдын санхүүгийн хамгийн гол эх үүсвэр нь ноолуур

/УИХ-ын гишүүн/

-2020 онд 10,2 мянган тонн ноолуур бэлтгэх бөгөөд 30 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь экспортлохоор тооцсон байна. Малчдын санхүүгийн хамгийн гол эх үүсвэр нь ноолуур шүү дээ. Эдийн засгийн эргэлтэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг салбар нь ноолуур юм. Тэгэхээр бүгдийг нь эх орондоо үйлдвэрлэх боломжгүй. Энэ оны хувьд хүндрэлтэй байдал үүссэн гэдгийг хэлэх хэрэгтэй.

 

 

О.Баасанхүү: Зүүн аймагт ноолуур 105 мянга хүрсэн нь худлаа

/УИХ-ын гишүүн/

-Малчдын ноолуурын үнийг 100 мянгаар авах юм байна гэж бүх хүн ойлгосон. Гэтэл одоо гэнэт зүүн, баруун зэргээр нь ялгаварлаж, дундаж үнэ гээд сууж байна. Зүүн аймагт 105 мянгаар авсан гэдэг нь худлаа юм билээ. Авчирсан ноолуурынх нь 50 хувийг хог гээд, ялгаж салгаад багаар авч байна.

 

 

 

Ж.Мөнхбат: Ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ

/УИХ-ын гишүүн/

-Архангай аймгийн малчдын бэлгэсэн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ. Хэрэв 100 мянган төгрөг хүрэхгүй бол ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан та хариуцлага хүлээх үү.

 

 

 

 

 

Салбарын сайд Ч.Улаан үнэхээр урагшгүй, шийдэмгий биш байна

О.Орхонбаатар: Малчдын нөхцөл байдал үнэхээр хүнд болсон

/Хөвсгөл аймгийн малчин/

-Жил бүрийн өдийд ноолуураа зараад бэлэн мөнгөтэй залгачихдаг байлаа. Харин энэ жилийн хувьд юу болоод байгааг үнэхээр ойлгох юм алга. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл хийж байна. Хамгийн багадаа 100 мянга хүргэнэ гэсэн худлаа болж таарлаа. Хэзээ ноолуураа зарж, бэлэн мөнгөтэй залгахаа хэлж мэдэхгүй байна. Орон нутагт нөхцөл байдал үнэхээр хүнд байна.

С.Булганхангай: Ноолуураа эсгий болтол нь хадгалах юм шиг байна

/Завхан аймгийн малчин/

-Ноолуураа борлуулж чадахгүй хүлээлтэд байна. Малын тэжээл, хоол хүнс гэх мэт малчдад шаардлагатай бүхэн үнэ нь нэмэгдсэн. Дэлхий нийтээр хүнд байна гэсэн шалтгаанаар сумын хэдэн дэлгүүр хүртэл гурил, будаагаа зээл өгөхгүй байна. Малчид бэлэн мөнгөгүй хэцүүдэж байна. Ийм байхад түргэн шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгаа салбарын сайдад үнэхээр гомдолтой байна. Завханд кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах эсэх нь ч эргэлзээтэй болсон. Магадгүй хадгалсаар байгаад эсгий болох нь шиг байна.

Т.Чулуунбат: Малчид эдийн засгийн эх үүсвэргүй боллоо

/Архангай аймгийн малчин/

-Малчдын эдийн засгийн ганц амжиргаа болсон ноолуур нь үнэд хүрэхээ байжээ. Төр засгаас авч байгаа шийдвэр чухал боловч малчдад хүртээмжтэй биш байна. Баруун, зүүнээр ялгаварлаж, чанар, чансаа ярьсаар байтал уринтай золгох байх. Ийм тогтворгүй, тодорхой шийдэлгүй, хариуцлагагүй төрийн бодлогыг анх удаа харлаа. Салбарын сайд Ч.Улаан үнэхээр урагшгүй, шийдэмгий биш байна. Түүний мохоо шийдвэрт олон мянган малчин хэлмэгдэж, эдийн засаг болон сэтгэл санаагаараа хохирч байна. Бид үнэхээр золиослогдож байна.

Соошлд: Ноолуур бол жинхэнэ алт болно

Гэрэл@Miami_mn

Бусад нутгийн ноолуур 100.000 Архангайн ноолуур 10.000 юм уу? Анх ноолуур 100.000 аар авна гээгүй юм уу!!!!!

choi_white @choiwhite11

Хэдэн малчид маань ноолуур 100.0 ₮ авчуул хэнд ч саналаа өгсөн яахуу гэж боддог л байхдаа ккк

Angar Davaasuren@angar_d

Тэгэхээр одоо яах ёстой вэ? Ямаанд татвар тавих ёстой. Жилдээ 5,000-с дээшгүй тн ноолуур бэлтгэх хэмжээнд ямааны тоо толгойг 2 дахин бууруулах ёстой. За энэ үед ч ноолуур бол жинхэнэ АЛТ болно. Одоо бол ХОГ болсон. Бид өөрсдөө хог болгосон.

Babero Bat@Bodonguud

Маш зөв хэллээ! Ноолуур 100 битгий хэл 50 к ч хүрэхгүй болно шүү энэ янзаараа