Эрүүл мэндийн яам болон холбогдох газруудын ээлжит хэвлэлийн хурал 11.00 цагт хуваарь ёсоор боллоо. Хуралдааны үеэр ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Н.Ариунтуяа дэлхий нийтийн хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх болон хөл хориог хэрхэн зохион байгуулалттай хийж байгаа, мөн шинээр нэмэгдэж өвчилсөн болон нас барсан хүмүүсийн талаар мэдээлэл өглөө. Харин ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү Монголын нөхцөл байдлын талаар шинэ мэдээлэл өгсөн юм.
Энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэсэн сайхан мэдээгээр тэрбээр мэдээллээ эхлүүлсэн юм. Д.Нямхүү дарга хэлэхдээ “Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатар гэсэн ажиллаж байгаа гурван лабораторид 161 хүний шинжилгээг хийлээ. Шинжилгээнд вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудаас ч шинжилгээ авлаа. Вирус илэрсэнгүй.
Эмчилгээнд орохын өмнө тухайн эмчид шинжилгээ хийж, мөн өдөр бүхэн рентгенээр уушгины зургийг нь авдаг. 14 хоногийн дараа гарч ирэхэд нь харьцуулан үзэж, нарийвчлан үздэг байгаа. ОХУ-аас ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутны шинжилгээнээс вирус илрээгүй. Тандалтын зорилгоор таван хүнд мөн хийсэн. Вирус илрээгүй. Дархан-Уул аймагт Алтанбулгийн боомтоор орж ирсэн 15 жолоочид мөн шинжилгээ хийсэн, илрээгүй” гэлээ. Монгол Улсад анхны тохиолдол болсон франц иргэний бүх шинжилгээ сөрөг болж, эдгэрсэн гэх сайхан мэдээг мөн Д.Нямхүү дарга өглөө. Гуравдугаар сарын 09-нөөс хойш сар гаруйн хугацаанд Монгол Улсад хэвтэн эмчлүүлсэн тус иргэний шинжилгээний хариунаас нэг нь эерэг гарсаар байсан учраас удаан хугацаанд хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүй болоод байсан юм.
Улмаар, дараагийн шатны хяналт руу буюу “Энх саран” сувилал руу шилжүүлсэн аж. Мөн “Франц иргэн өвдсөн цагаас эхлэн дэлхий биднийг харж эхэлсэн. Франц улс ч иргэнд маань хэрхэн хандах бол гэж харж байсан. Бид эмчлээд гаргалаа. Сайхан жишиг бий болголоо. Дэлхийн хаана ч Монгол Улсын иргэн өвдөж болно. Тиймээс бусад улс орнууд манай иргэдэд ч ингэж хандаасай гэж хүсч байна” гэв. Вирусээр өвчилж, хяналтад байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна гэх хариултыг ч мөн өглөө.