ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түймэр унтрааж буй залуусынх шиг сэтгэл хүн бүхнээс гардагсан бол...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-27

Хуучирсан хувцсаа нүх ухан шатаах гэж байгаад Богд  уулаа түймэрдэх шахсан харамсалтай үйл явдал өчигдөр боллоо. Тус аманд үйл ажиллагаа явуулдаг “Баясах трейд” компанийн харуул 54 настай иргэн энэхүү галыг алдсан болох нь ч тодорхой болсон юм. Арцатын аманд гэнэтхэн л гарсан түймэр хэрвээ хүн хүч, тусламж дэмжлэггүй байсан бол арын мод руугаа давах эрсдэл байлаа.

Онцгой байдлын албан хаагчид хэдийгээр бүрэн бүрэлдэхүүнээрээ очлоо ч өргөн талбайг хамарсан шар өвсний түймэр уулын мод руугаа орсон бол яаж ч хичээгээд унтрааж дийлэхгүйд хүрэх байлаа. Тэгвэл өчигдөр олон зуун залуус сайн дураар очицгоож, гинжлэн зогсоод гал унтраасан үйл явдал болов.

Хэдийгээр, “Сүлд” спорт хорооны залуус, Улсын аварга Н.Батсууриар ахлуулан очсон, Кёкүшюзан Д.Батбаяр барилга бариулж байгаа залуустайгаа очсон гэж байгаа ч соошл орчинд тархсан уриалгыг харсан залуус ч сайн дураар тэнд очсон юм. Уул өөд тэд машинаар ус зөөж, гинжлэн зогсоод нэг нэгэндээ дамжуулж өгч буй нь соошл орчинд олон хүний талархлыг хүлээв.

Эх орон нь дуудахад хэзээд бэлхэн гэдгээ харуулсан, ирээдүй хойч үе маань гэрэлтэй байгааг, эх оронч үйлдлийг тэд хэн нэгний дэмжлэггүй, хэн нэгний хоосон уриалгагүйгээр хийж чаддаг гэдгийг харлаа. Монгол Улсын ирээдүй гэрэлтэй байгааг мөн харлаа. Эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалах, гал усны өөдөөс ч нүүр тулах эр зоригтой шинэ залуу үе ирснийг бид харлаа.

Тэд улс орноо хөгжүүлж чадна гэдгээ зөвхөн энэ үйлдлээрээ ч бус илүү олон зүйл дээр харуулаасай хэмээн талархаж сууна. “Залуус та нартаа баярлалаа. Бидний улсын хөгжил гэрэлтэй байна” гэсэн олон гоё пост, сэтгэгдэл зөвхөн тэдэнд чиглэжээ. Хэсэг бүлэг нь ийнхүү сэтгэл гаргаж, гал усны өөдөөс ч сөрөн зогсож байхад нөгөө хэсэг нь харин зуслангийн хашаагаа цэвэрлэж чадахгүй залхуурч байгаа нь бас худлаа биш. Шар өвсөө зулгааж чадахгүй залхуурч шатааснаас болж, жил бүхэн л зуслангийн байрнууд олноор шатаж, эд хөрөнгө, байгаль дэлхийгээ хохироож байгаа.

Хуучин хувцсаа хог дээр хаячих сэтгэлгүй байгаа нь ч бас худлаа биш. Зөвхөн 2020 оны гарснаас хойш хүний буруутай үйл ажиллагаанаас болж 83 мянган га талбай шатаж, 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байх юм. Нэг хэсгийн буруутай үйлдлээс болж, нийтээрээ бид хохирч байгаа. Гал гаргах байтугай, ганц мод хугарахад ч хайрлаж явдаг чин сэтгэлтэй олон зуун хүн ууланд алхах, аялах эрхээ хасуулав. Нэг хэсгийн хайхрамжгүй үйлдлээс бол олон айл зуслангийн байшин, эд хогшлоо шатаалгаж хохирч байна. Залхуу, арчаагүй, хойрго зангаасаа болж эх орноо түймэрдэж мэдэх хүмүүс нийт массын дунд нэг биш нэлээд хэсэг байгаа нь харамсалтай.

Түймэр гарахад ус дамжлан зүтгэж буй тэдгээр залуусынх шиг зөв сэтгэл, зөв үйлдэл хүн бүхнээс гардагсан бол Онцгой байдлын албан хаагчид өдөржин галын дуудлагад явж, олон зуун хүн эд хөрөнгөөрөө хохирохгүй байлаа. Тиймээс соошлоор дэмий цуурхаж, гал унтрааж буй залуусыг дэлгэцийн цаанаас магтаж буй иргэн та ч миний хайхрамжгүй үйлдэл, миний залхуу байдал юунд хүргэж, ямар эрсдэл дагуулж болох вэ гэдгийг ямагт санаж, зөвөөр үлгэрлээрэй хэмээн уриалж байна.

Таны эргэн тойронд шар өвсөө шатаадаг, эсвэл хүүхдийн живхээ хаяж чаддаггүй, хуучин хувцсаа хог дээр гаргаж хаяж чаддаггүй “хуучирсан” сэтгэхүйтэй хүмүүс байдаг бол алдаагаа залруулахыг нь, гарах эрсдэл бүхнийг тооцож үзэхийг сануулж, тийм үйлдэл бүү хийлгээрэй.