Поп хөгжмийн ертөнцийн супер од Майкл Жексон агсны эцэг Жой Жексон өчигдөр 89 насандаа таалал төгсчээ.
Тэрээр 2009 онд нас барсан поп од Майкл Жексон, түүний дүү Жанет Жексон нарын эцэг бөгөөд 1960-аад оны үед ах дүү нараас бүрдсэн “Жексон 5” хамтлагийг байгуулан алдрын тавцанд хүргэсэн байдаг. Жой өөрөө хөгжимчин байжээ. Тэр утгаараа хүүхдүүдийнхээ менежерээр ажиллаж, тасралтгүй сургуулилт хийлгэн амжилтад хөтлөсөн байдаг ч, эцэст нь чанга хатуу шаардлага тавьдаг “хатуу эцэг” байсан нь ил болж, нэг хэсэгтээ л шуугиан тарьж байжээ.
Майкл 2002 онд Британий сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Тэр суран бүсээ бариад бидний өмнө сууж, бэлтгэл хийлгэдэг байсан. Хэрвээ хэн нэг нь алдаа гаргавал зодуулдаг байлаа” гэж бага насаа дурссан нь бий. Жой Жэксон ч дурсамжиндаа өөрийгөө “маш хатуу сахилга бат” шаарддаг, гэрээс гаргалгүй байнга бэлтгэл хийлгэдэг, амжилт гаргахын тулд хүүхдүүдээ “туйлд нь хүртэл шахдаг” байсан зэргээ өгүүлсэн байдаг юм.
Тэрээр хорт хавдрын улмаас Невада мужийн эмнэлэгт насан өөд болсон байна.