ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бие даагчаар бүртгүүлдэг л байж...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-13

Дэлхий дахиныг айдаст автуулсан цар тахлаас үүдэн улс орон даяараа хөл хорионд орсноос хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Тогтмол амны хаалт зүүсэн цөөн хэсэг нь ажилдаа явж, амьжиргаагаа залгуулж байгаа. Харин хувийн хэвшлийн байгууллагуудын дийлэнх олонхи нь хаалгаа барьж, гудамжаар дүүрэн ажилгүйчүүд хөлхөж байх аж.

Өвчин хэзээ намдаж, үүдээ хэзээ нээхийг мэдэхгүй учраас ихэнх аж ахуйн нэгжүүд төрийн өгсөн 100 мянган төгрөгт баярлаж, алгаа хавсран сууж байх юм. Гэтэл энэ хямрал ердөө л цөөн хэсэгт нь ингэж хүнд туссан юм байна. Тэгээд ч амьд хүн аргатай гэдэг шиг арван төгрөг олох аргаа олж чадахгүй гудамжинд лааз өшиглөж яваа нэгнийг хохь чинь гэж хэлнэ. Өвчин хаяанд ирчихлээ, бид хямарчихлаа гэж бодож яваа хүмүүс та нараас өөр алга.

Эсрэгээрээ төрийн томчууд чинь хэдийнэ тэрбум тэрбумаар нь сэтгүүл хэвлэж, халаасанд байгаа мөнгөө хаана, хэрхэн үрэх вэ хэмээн загатнаж явна. Харин үүнийг нь анзаарсан “ажилгүйчүүд” нэр дэвшинэ гэж айлгаад л нэлээд хэдэн саяар нь халаасаа зузаалдаг бизнес эрхэлдэг болчихлоо. Амьд хүн аргатай гэж үүнийг л хэлдэг юм шүү дээ. Бүр жил жилийн сонгуулиар сүлжээ болж ажиллаад л жилийн дөрвөн улиралд сольж өмсөх хослол, жижиг оврын автомашины мөнгө хийчихдэг сүлжээний бизнес хөгжчихөөд байхад хөл хорионоос болж ажилгүй болчихлоо гэж гоншигонох шаардлага алга байгаа биз дээ.

Бүр энэ бизнест нэгэн цагт улс төрд туг барин мандаж явсан хүмүүс хүртэл оролцсон байна билээ. Айлгах тактик нь ч амжилттай болж, тэд улс төрийн намынхаа байранд, намын даргынхаа өрөөнд ёстой л дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэн “эрхэлж” байгаа гэх.

Архи дарс, авдар авдраар мөнгө өмнөө тавиулчихаад л “Би дэвших юм уу, яах юм” хэмээн Б.Хурц шиг л даналзаж байгаа гэх. Дуулсан дуугаа ч өөрөө мэдэхгүй урлагийн эгч нар, соошл орчинд 5000 найзтай хүн бүхэн тойргийнхоо нэр дэвшигчийн өрөөнд тойглуулж яваа сурагтай. Амьдрах аргаа олчихсон сүлжээнийхэн энэ жил эдийн засгийн хямрал, цар тахлаас үүдэн бүр олуулаа болжээ.

Эгнээгээ 280 хүнээр өргөтгөж, Монгол Улсын өнцөг тохой бүрт өөр өөрсдийн хэмжээнд бизнесээ амжилттай цэцэглүүлж явна. Тэгэхэд та бид харин “Байгууллага үүдээ барьчихлаа, төр минь бидэндээ 100 мянган төгрөг өгөөч” хэмээн “тэнэглэж” явах ч гэж дээ. Тэгэхээр энэ өдрүүдэд ажилгүй болсон хүн бүхэн ямар нэг байдлаар “бие даагч” гэсэн статус авах шаардлагатай болоод байна.

Улс орноо цэнгэлийн манлайд хүргэнэ гэсэн амлалт өгөөд л аль нэг мөнгөтэй нэр дэвшигчийг амлан авч өрсөлдөнө гэж мэдэгдэл гаргахад л бүтэн жилийн цалин чинь сул урсаад л ороод ирнэ. Цалин биш юм гэхэд дараагийн дөрвөн жил ядахдаа аль нэг байгууллагад арын хаалгаар ажилд орж л таараа. Хүн бүхэн нэр дэвших эрх нь нээлттэй учраас цааш цаашдаа нийслэл, орон нутгийн сонгуульд бүгд дэвшицгээе. 10 мянган лайк цуглуулсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч ер нь яадаг юм. Тэгвэл ч жип машины мөнгө тас л даа. Хайран юм, бие даагчаар бүртгүүлчихдэг л байж...